Ассад: Би ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгнө

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Ассад: Би ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгнө

АНУ-ын Кливленд хотын Ардчилсан намын гишүүн асан, “Fox News” агентлагийн тоймч Деннис Кучинич өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадтай цаг үеийн асуудлаар “www.cleveland.com” сайтад ярилцлага өгснийг хүргэж байна. 

-Би Сирийн энгийн иргэн. Та Сирийн ирээдүйг өөрчлөх хүн. Химийн зэвсгийг устгалд оруулахад юу хэрэгтэй вэ?

-Цаг хугацаа. Дор хаяж нэг жил хэрэгтэй. НҮБ болон хол­богдох хүчинд химийн зэвс­гүүдийг хүлээлгэн өгөх, дараа нь битүүмжлэх, улмаар аюулгүй тээвэрлэх зэрэгт багагүй хугацаа шаардагдана. Үүнийг бид хагас жил болно гэж тооцоолж байгаа юм. Тээвэрлэлт удаан үргэлжлэх­гүй ч битүүмжлэх ажиллагаанд багагүй саад бэрхшээл тулгарна. Битүүмжлэлийг таван хэсэг га­зарт зохион байгуулах ёстой. Хи­мийн зэвсгийг нэг дор байлгах нь хэтэрхий аюултай. Тал бүрт л битүүмжлэх ажиллагааг нэгэн зэ­рэг хийх шаардлага тулгараад бай­гаа юм. Олон улсын химийн зэвс­гийн аюулгүй ажиллагааны журам дээр заасан байдаг.

-Химийн зэвсгийг битүүмж­лэх, тээвэрлэх, ер нь бүхий л ажиллагааг явуулахад хөрөнгө мөнгө их шаардагдах болно. АНУ-аас санхүүг нь хариуцахыг шаардсан албан бичиг хүргэсэн байсан. Яагаад АНУ гэж?

-Барак Обама бол Сирийн зэвсэгт дайчид, бидний хэлж заншсанаар сөрөг хүчинд зэвсэг нийлүүлж, тэднийг хамгийн их дэмжин, төр засгийг ийнхүү тараах, нураах болж байна. Сирийн ирээдүйг өөрчлөхийг хүсэж байгаа тул ийнхүү тусламжийн гараа татахгүй байгаа гэж би ойлгож байгаа. Тиймээс л Сирийн хуучин эрх баригчид, сөрөг хүчнийхэн ч АНУ-аас химийн зэвсгийг НҮБ-д хүлээлгэн өгөх бүхий л санхүү­гийн асуудлыг хариуцах ёстой гэж үзэж байгаа. Бид өөрчлөлтийг хүс­сэн. Гэхдээ ийм их эрсдэл дагуу­лан, хохирол амссан байдалтай биш. АНУ-ыг дэлхий нийт хангалт­тай сайн мэдсэн, таньсан. Одоо өөр тайлбар хэрэггүй.

-АНУ Сирийн өөрчлөлтөөс юу харж байгаа гэж та бодож байна. Яг юу хэрэгтэй, хэрэгцээтэй болоод Сирийн эрх баригчдыг түлхэн унгах төлөвлөгөө бо­ловсруулсан гэж та таамаглаж байна вэ?

-Та өөрөө АНУ-ын иргэн хүн. Надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх гэж би бодож байна. Гэхдээ таны асуусан хариултад би шууд хариулья. Манай улсын шинэчлэл, төрийн эргэлтээс гад­ны орнууд ямар нэг газрын тос, байгалийн хий, стратегийн ашиг тустай бүс нутгийн орогнол, цэргийн сургуулилт өөр юу байдаг юм, хүсээд ямар ч нэмэргүй. Бид Сирийн иргэний дайныг эцэслэж, ард түмнийхээ амар амга­лан байдлыг хадгалж үлдэхийн тулд ийнхүү өмнө нь бөхийсөн. Ард түмнийхээ өмнө дахин цус урсгахгүй. Шинэчлэлт, өөрчлөлт явуулах нь тодорхой. Өмнө нь Засгийн газрын, ямар нэг яам, агентлагийн дарга цэрэг бүгд л хөдөлгөөнд орж, өөрчлөгдөнө. Ард түмний дунд сонгууль явуулна. Бүх зүйлийг хууль ёсны дагуу, нэр төртэй гүйцэтгэж, шинэ удирдагч, шинэ үеийг бид удахгүй харна.

-Та улс төрд дахин орох уу?

-Би дахиж улс төрд орохгүй гэдгээ илэрхийлмээр байна. Би Сирийн ард түмнийхээ төлөө хангалттай л зүтгэсэн. Гадны түрэмгийлэгчдээс хангалттай л улс орноо хамгаалж ирсэн. Миний хийж чадах зүйл бол ердөө л энэ. Үндэсний аюулгүй байдалд санаа зовнисон хэвээр байгаа ч улсын ирээдүй зарим орны дарамт шахалт, янз бүрийн саналд автахгүй гэдэгт итгэлтэй байна. Магадгүй би улс төрийн зөвлөх, өөрийн хийж чадах зүйлээ л хийх байх. Гэхдээ шийдвэр гаргах төвшинд биш. Би Сирийн ирээдүйд итгэж байгаа.

-Сөрөг хүчин одоогийн эрх баригчдад ямар санал тавьсан бэ. Та энэ талаар ямар нэг мэдээлэл дэлгэвэл?

-Сөрөг хүчнийхэнд бид байр сууриа илэрхийлсэн. Шинэчлэл хийх гэж байгаа бол яаж, хэрхэн гэх мэт товч тодорхой баримттай зүйл бидэнд харуулахыг хүссэн. Ирэх долоо хоногоос боловсруулаад танилцуулах байх. Би албан ёсоор Ерөнхийлөгчийн суудлаа хүлээл­гэн өгнө. Парламентын гишүүд ч огцорно. Сонгуулийн төв хороо, цэргийн удирдах штаб зэрэг улсын гол салбарууд хөдөлгөөнд орно. Сөрөг хүчнийхэн гэсэн ойлголтыг ч хална. Одоо дайн дуссан учраас эвсэлийн хүчин, шинэ хүчин ч юм уу арай өөр өнцөгөөс тэднийг дэлхий харах ёстой байх. Тэд ч гэсэн улсынхаа төлөө зүтгэсэн, дайтсан эх орончид. Бид хүндэтгэж байгаа.

-Маш ухаалаг үг байна. Эдийн засгийн уналт, олон улсын бирж, бонд, санхүүгийн нөхцөл байдал гээд л бүхий л талаа­раа жил хагасын хугацаанд их зүйл өөрчлөгдлөө. Таны бодлоор Сирийн шинэ эрх баригчид олон улсад байр сууриа хэрхэн бэхжүүлсэн нь дээр вэ?

-Сири улс нь олон улсад нөлөө бүхий төлөөлөл, үлгэр жишээч орон байсаар ирсэн. Хэдийгээр иргэний дайн дуусгавар болсон ч эдийн засаг бол улсын гол суурь. Хөгжлийн гол тулгуур. Энэ тал дээр Сангийн яам, аюулгүйн зөвлөл саяхан хуралдсан. Сөрөг хүчнийнхний төлөөлөгчийг ч хэлэлцээрийн ширээнд урьсан гэсэн. Тэгэхээр цаашид Сирийн эдийн засгийг сэргээхийн тулд юу хийх ёстойг тэд хэлэлцэж шийдвэрлэх байх. Миний харж байгаа өнцөгөөс боломжит нөөц хөрөнгөөр дотоодын эдийн зас­гийн уналтыг тогтоож, улмаар бэх­жүүлж, дотооддоо эхлээд өөрс­дийн байр суурийг бэхжүүлсний да­раа гадаад руу чиглэсэн бодло­гоо хэрэгжүүлсэн нь дээр байх.

-Та гэр бүлтэйгээ цагийг их өнгөрөөх хүсэлтэй байгаа та­лаар ярьсан байсан. Таныг буруут­гаж байгаа ямар нэг сөрөг байр суурь бий юу?

-Байгаа. Би үүнийг шүүхээр шийдвэрлүүлнэ. Би ямар нэг буруутай бол өөрийн бурууг хүлээхэд бэлэн байна. Үүнийг шүүх л шийднэ. Гэр бүлийн хувьд би хангалттай цаг зав гаргаж чаддаггүй гэдэгтээ санал нийлнэ. Харин одоо би тэдэнтэйгээ цаг завыг хүссэнээр нь өнгөрөөнө. Хүүхдүүд минь ч миний ажлаас залхаж, гэр бүлийн таатай уур амьсгал алдагдсан гэдгийг ч онцлох нь зүйтэй. Би гэр бүлдээ бусдын адил хайртай. Гэвч эх орноо хайрлаж, хамгаалах нь миний үүрэг. Хүүхдүүд минь Африк тивээр аялж үзмээр байна гэсэн. Би хүслийг нь биелүүлмээр байна. Яг л бусад аавууд шиг.

-Улс төрөөс ангид энгийн амьдрал руу илүү их татагдаж байгааг тань анзаарч байна. Та шинэчлэгдсэн Сирийг ямар байгаасай гэж хүсэж байна?

-Би Сирийг урьдын адил чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг иргэд дүүрэн, эдийн засаг нь тогтмол өссөн хэвээр, нийгэмд ямар нэг эмх замбараагүй байдал үгүй, хотууд маань урьдын адил хөгжин цэцэглэж, ард түмэн баяр хөөрөөр дүүрэн байгаасай л гэж хүсэж байна. Иргэний дайны үед дүрвэсэн хүмүүсийг ч эх орондоо ирээд тайван амгалан амьдраасай гэж хүсэж байгаа. Дайн бол­сонд бүгд тодорхой хэмжээгээр буруутай. Амиа алдсан хүн бүрийн төлөө залбиръя. Тэдний амь нас өнөөдрийн энх тайвныг авчирсан гэдэгт итгэж байна. Маш үнэ цэнтэй олдсон хувь заяаг Сирийн ард түмэн зөв ашиглана гэдэгт эргэлзэхгүй байна.

Б.БААТАР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж