Я.Содбаатар: Төр жижгэрэх ёстой | News.MN

Я.Содбаатар: Төр жижгэрэх ёстой

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

СОДБААТАР

Я.Содбаатар: Төр жижгэрэх ёстой

Я.Содбаатар: Төр жижгэрэх ёстой

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Танай намын бүлэг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт “Урт” нэрт болон Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслүүдийг судлах шаардлагатай гэж үзээд завсарлага авч байсан, дахиад л хойшиллоо. Бүлгийн завсарлага үргэлжилж байгаа хэрэг үү?
-УИХ дахь МАН-ын бүлэг энэ удаад завсарлага аваагүй, бусад бүлгүүддээ санал тавьсан. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай,  “Урт” нэртэй хуулийн төслүүдэд судлах шаардлагатай олон заалтууд байгаа учраас цөөнхийн бүлэг бусад намын бүлэгтээ “Энэ асуудал дээр зөвшилцлийн ажлын хэсэг гарч зарим нэг тооцоог тулгая” гэсэн санал тавьсан. Яагаад гэвэл, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль батлагдсанаар алтны компаниудад их хэмжээний хөнгөлөлт чөлөөлөлт олгох болж байна. Нэг талдаа алт олборлолт нь валютын нөөцийг нэмэгдүүлж, алтны урсгалаа дотооддоо үлдээх сайн талтай боловч нөгөө талдаа татварт төвлөрөх орлогыг тэрбумаар нь бууруулах болж байгаа. Одоо Монгол банкинд алт тушаахад 10 хувийн татвар төлдөг. Энэ хуулийн хүрээнд 2.5 хувь болно. Нэг ёсны 7.5 хувийн татварын татварын хөнгөлөлт үзүүлэх болж байгаа юм. Үүнийг Оюутолгойн орд, бусад алтны оруудад авч үзэхээр хэдэн тэрбумаар тооцогдох хөнгөлөлтийг үзүүлнэ. Нөгөө талдаа өнгөрсөн хугацаанд Урт нэртэй хуулийн хүрээнд ашигт малтмалын ордыг хэл амтай хумьж авсан. Хэрвээ үүнийг одоо хэлэлцэгдэж байгаа хуулийн хүрээнд батлах юм 13 аймгийн нутагт 274 орд газарт олборлолт эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хэл амтай уул усны асуудал эргээд босож ирнэ гэсэн үг. Тийм учраас энэ асуудлыг хэр зөв оновчтой шийдвэрлэж байгаа юм бэ, энийгээ эргэж хараач ээ. Нөгөө талаас “Урт” нэртэй хууль хэрэгжсэнээр үнэхээр хохирчихсон иргэн, аж ахуйн нэгжүүд байна. Тэр хүмүүсийн асуудлыг шийдэх гэж байгаа юм бол яагаад хайгуулд хөрөнгө оруулсан хүмүүсийг орхичих вэ, яагаад усны энгийн бүс дэх аж ахуйн нэгжүүдээ орхих гээд байна, ялгаварласан юм шиг байдлаар энэ асуудлыг шийдвэрлэж болохгүй. Авч үзвэл томоор харах ёстой. Иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн дуу хоолой энэ бүх юмнуудаа ярьж байж шийдье. Ойлголцлын зөвшилцлийн асуудлаар шийдье гээд энэ асуудал явж байна.

-Зөвшилцөж чадахгүй бол яах вэ?
-Зөвшилцөж чадахгүй бол энэ асуудал явахгүй.

-Гэхдээ энэ тохиолдолд валютын орлогод асуудал үүснэ шүү дээ?
-Тооцоон дээр маш их зөрүү гарч байгаа учраас нягтлах шаардлагатай. Тухайлбал, 1990 оноос хойш Монгол Улс алтан дээр 7.5 хувийн татвар авдаг байсан, 2006 онд 5 хувь болгож, мөн дээр нь нэмээд 68 хувийн татвар авдаг болсон. Харин 2009 оноос хойш 5 хувь дээр нэмж өсөн нэмэгдэх роялти авдаг болсон. Өсөн нэмэгдэх роялти авахаар 41970 ам.доллараар алтыг тушаалаа гэхэд 10 хувийн татварыг Монголбанк авна. Шинэ хууль гарвал төв банк 2.5 хувийн татвар авна. Тэгэхээр одоо мөрдөж байгаа хуулиар тооцоо хийж үзвэл, ойролцоогоор алтны үнэ 40.000-50.000 ам.доллар байгаа гэж тооцвол 1 кг алт тушаавал 5000 ам.долларын татварыг төв банкинд тушааж байгаа. Шинэ хууль батлагдсанаар 1500 ам.долларын татвар төлнө. Үүнийгээ 1850 тонн Оюутолгойн алтны нөөцтэй тулгаад үзэх хэрэгтэй. Мөн хууль гарсны дараа 274 гаруй лиценз чөлөөлөгдөнө. Ашиглалт явуулах боломжтой 10 гаруй аж ахуйн нэгж бий, 100 кг-аас дээш олборлолт явуулах боломжтой. Хөнгөлөлтийг нь аваад үзэхээр зөвхөн жилийнх нь хэдэн тэрбумаар тооцогдоно. Улсын төсөвт маш том хохирол учруулна. Валютын урсгалаа нээх нэрээр татварын орлогоо хэдэн тэрбумаар бууруулах нь хэр оновчтой вэ гэдгийг тооцох ёстой. Мэдээж монголын алт олборлолт 10 тоннд хүрнэ, Оюутолгойг оруулбал 30 тонн хүрэх тооцоо гарч байгаа. Гэвч 10 тоннд өгч байгаа татварын хөнгөлөлт нь 350 сая ам.долларт хүрнэ. Арайхийж уул, усны асуудлаа цэгцэлсэн байтлаа одоо эргээгээд алтны компаниудад энэ хэмжээний хөнгөлөлт үзүүлж буцаагаад газар шороогоо хөндөх нь ямар шалтгаан байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа биз. Аж ахуйн нэгжүүд хохироод байгаа бол Урт нэртэй хуулийн хүрээнд тодорхой хэмжээнд нээж болно. Нээлээ гэхэд яагаад заавал татварын хөнгөлөлт эдлүүлэх ёстой юм. Зэрэг зэрэг хоёр гараар юм хийгээд  байж болохгүй. Тийм учраас Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого гаргаж байж энэ асуудлыг ярих ёстой. Яагаад гэвэл одоо эрдэс баялагаа нэгдсэн гараар явуулах уу эсвэл хуучин шигээ нээсэн болгоноо ухаад байх уу.  Эсвэл  эдийн засгийн үр өгөөжтэй томыгоо ухах уу гээд маш том бодологын хүрээнд ярьж байгаа, манайх аль төрлөөрөө олон улсын зах зээлд гол тоглогч байх юм гээд энэ бүгдийгээ уяад явах ёстой. Гэтэл оруулж ирсэн төслөөр  бодлогогүй алдах гээд байна шүү дээ.

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг дэмжээд байгаа. Элс, хайрга, дайрга олборлох бол зөвшөөрлийг орон нутгаас авах тухай заасанд гишүүдийн байр суурь өөр, өөр байна. Та хувьдаа юу гэж үзэж байгаа вэ?
-Эсрэг байр суурьтай байгаа, түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох бол зөвшөөрлийг нь орон нутгаас авахаар зааж өгсөн нь хүнд суртал дагуулна, мөн төвөөс гаргаж байгаа бодлоготой уялдахгүй зөрчилдөх магадлал өндөртэй. Тийм учраас асуудлыг бодитоор харах ёстой.  Орон нутагт социализмын үед нээсэн ордууд нь үндсэндээ хаагдчихсан. Хөдөөгийн иргэн байшингаа шавардъя гэхэд элсний ордоос элс шууд ачаад л аваад ирнэ, хэнээс ч зөвшөөрөл авахгүйгээр. Тэр нь сумын жижигхэн проблем. Түүнийг зохицуулахын тулд том бодлогоо болгочихож болохгүй шүү дээ. Жоомоо алах гээд гэрээ шатаав гэдэг шиг.
Жишээ нь, Төв аймгийн Алтанбулаг сумаас элс, хайрга, дайрганы аль нэгийг олборлох боллоо гэхэд эхлээд Сумын ИТХ, дараа нь аймгийн ИТХ, Засаг даргаас зөвшөөрөл авч дараа нь агентлагт ирж шүүлгэнэ. Илүү хүндэрч байгаа. Хуучнаар нь үлдээх нь илүү оновчтой.

-Валютын нөөц багассанаас болж төгрөгийн ханш суларч инфляцийг хөөрөгдсөн. Үүнд төв банкныхан буруутай хэмээн удирдлагыг огцруулах ёстой гэх асуудлыг УИХ-дахь “Шударга ёс” бүлгийн гишүүн Г.Уянга тавих болсон. Танай бүлэг энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Мөн та хувьдаа юу гэж үзэж байна?
-Бүлэг энэ асуудал дээр албан ёсны байр суурь гаргаагүй байгаа. УИХ-ын гишүүнийхээ хувьд Монголбанк нийгэм, эдийн засагт үүсээд байгаа хүндрэлийг шийдэх чиглэлээр нэлээд санаачлагатай ажиллаж байгаа. Харин Засгийн газар зөв онош тавих, түүнд таарсан эмчилгээ хийх тал дээр бодлогын алдаа их гаргаж байна.

-Төв банк хоёр гол бодлогоо алдчихаад байгаа нь алдаа биш гэж үү?
-Монголбанк болоод Үндэсний статистикийн хороо нь Засгийн газартай хэт сүлбэлдэж урдуур нь орж гал хамгаалагч болж ажиллаад байгаа нь алдаа дагуулж байна. Улстөржихгүйгээр Засгийн газраас хараат бус байдлаар бодлогын төвшинд ажиллах ёстой. Валютын нөөц хүндрэлтэй байна гэдгийг төв банкны ерөнхийлөгч бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ хэлсэн. Улиралд ханшийг барихын тулд 250 сая ам.доллар гаргаж байна аа гэж.. . Энэ хурдаар явах юм бол одоо байгаа нөөцөд цаашид хүндрэл учирна. Тийм учраас дотоодын валютын нөөцөөр энэ асуудлыг шийдэхээс илүү гадагшлаад байгаа валютын урсгалыг дотогшлуулах чиглэлээр анхаарах ёстой гэж хэлсэн. Тэгэхээр хөрөнгө оруулалт гадагшлаад байгаа бол яаж улс руугаа эргүүлэх вэ, гадагшлаад орж ирэхгүй байгаа валютын урсгалыг яаж нээх вэ гэдэг чиглэл рүү илүү анхаармаар байгаа юм. Гэлээ гэхдээ валютын урсгалаа нээхийн тулд өмнө нь хумьж байсан төрийн бодлогоо эргээд тавиад туучихаж болохгүй шүү дээ.

-Монголын эдийн засаг илүү импортод суурилж байгаа нөхцөлд яаж зохицуулах юм бэ тэгээд?

-Монгол Улсын хувьд хүндрэл нь юу байна вэ гэхээр нэгдүгээрт, импортын бараанд түшиглэсэн эдийн засагтай учраас валютын ханшийн өөрчлөлт хүчтэй нөлөө үзүүлдэг. Хоёрдугаарт, гадагшилж байгаа эрдэс баялгийн түүхий эдийн үнэ гадаад талд унаад байгаа учраас орж ирэх валютын урсгалыг бууруулсан. Энэ хоёр нь хүндрэл үүсгэж байгаа.  Гэхдээ өнгөрсөн гурван жилд тогтоосон эдийн засагт тогтоосон амжилт нөөц, хуримтлал төрийн бодлого нь зөв байвал  энэ хэмжээний зохицуулалт хийгээд аваад гарчих бололцоо бий. Харамсалтай нь, төрийн бодлогын алдаатай шийдвэрээс болоод тодорхой арга хэмжээг авч чадахгүй цаг алдаж байна шүү дээ. Тухайлбал, ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан. Тодотгол хийх зайлшгүй шаардлага байгаа. Энэ хүрээнд төрийн албаны данхайсан бүтцийг цомхотгох, төрийн албаны үргүй зардлыг бууруулахад анхаарах ёстой. Нэг ёсны төр өөрөө жижгэрч төр өөрөө бүсээ чангалах талд бодлогоо чиглүүлэх ёстой. Гэтэл эрх баригчдын хийх гэж байгаа бодлогыг сонсохоор илүү байгаль дэлхий рүүгээ орж алтаа ухая, эсвэл иргэдийн нуруун дээр буулгах татвар, баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдэд ногдуулах татварын хэмжээг нэмье, татварын нэр төрлийг олшруулъя гэдэг юм руу яваад байна. Төр өөрөө жижгэрэх, төр өөрөө үрэлгэн зардлаа багасгах, төр өөрөө тансаглалаа зогсоох чиглэлээр анхаарах ёстой. Тэгж байж үүсч байгаа хямралаас гарна. Нөгөө талдаа төр өөрөө илүү цомхон, илүү чадварлаг болж баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдээ дэмжих чиглэлээр бодлого гаргах ёстой юм шүү дээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж