
UBTWESTIVAL МОНГОЛЫН
ЖИРГЭЭЧДИЙН НААДАМ
Twitter.com
сайтад идэвхитэй Монголын жиргээчдийн тоо сүүлийн
жилүүдэд маш олноор нэмэгдэж албан бус тоогоор 60,000 хол давсан гэгддэг.
Жирийн нэгнээс жирийнгүй улс төрчид болон соёл урлагийн одуудыг хүртэл нэгтгээд
авсан тус сайтын олон мянган хэрэглэгчид нийгмийн дуу хоолойн өнгийг илэрхийлж,
зарим нэг талаар алжаалаа хошигнолдон тайлах талбар болоод буй.
Тэгвэл цахим ертөнцийн хамгийн нээлттэй, илэн далангүй гэгддэг
жиргээчдийн төлөөллүүд 9 сарын 26-ны Пүрэв гарагт болох UBTwestival хэмээх арга хэмжээнд нүүр нүүрээрээ уулзалдаж, энэ оны
Монголын жиргээчдийн хамгийн том баярыг тэмдэглэх гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь Twitter+Festival
буюу Twestival хэмээх олон улсын хүмүүнлэгийн хөдөлгөөний нэгэн хэсэг төдийгүй
100% хандивын үйл ажиллагаа
гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан. Энэхүү арга хэмжээгээр жиргээчид Гэгээн Үндэс ТББ-ын
санаачилсан “Бидний
Хүүхдүүд” төслийг
санхүүжүүлэх зорилгоор нийт 5 сая төгрөгийг
босгохыг зорьж байгаа юм байна. Сүүлийн үед жиргээчдийн дунд ийнхүү хамтын
хүчээр хандив, хөрөнгө босгох хандлага нэмэгдэж байгааг энэхүү арга хэмжээ
харуулж байгаа бололтой.
UBTwestival-д орчин үеийн шинэ хамтлаг дуучид болох Peace Avenue, AADAR, TigerFish, DJ TSE нар сайн
дураараа оролцож ая дуугаа өргөхөөс гадна тус арга хэмжээг зорих жиргээчид оны
хамгийн “Бэлэн Цэцэн” жиргээчийг өргөмжлөх юм байна.