Алтны салбар дахь хөрөнгө оруулалтыг яах вэ?

Хуучирсан мэдээ: 2013.09.24-нд нийтлэгдсэн

Алтны салбар дахь хөрөнгө оруулалтыг яах вэ?

Эдийн засагт яаралтай “амь тариа” болгохоор Засгийн газраас өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй билээ.

Өөрчлөлт оруулахаар хүлээлгийн танхимд байгаа тэдгээр хуулиудын нэг нь Урт нэртэй хууль.  Энэ хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахтай зэрэгцэн цаашдаа гарах үр дүн нь өөрчлөлт хийх гол зорилгынхоо эсрэг чиглэгдчихвий гэсэн эмзэглэл байна. Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж, валютын ханшийн өсөлтөд нөлөөлж буй алтны нөөцийг нэмэгдүүлэх бодлогыг Засгийн газраас баримталж байгаа юм. Гэтэл УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд орж байгаа өөрчлөлт нь эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг болохоосоо илүү төрийн хүнд суртал, авлигыг нэмэгдүүлэх нэг “арга хэрэгсэл” болж хувирч магадгүй байна.

2009 онд баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар алтны 250 компанийн үйл ажиллагааг хоморголон хаасан билээ. Тэгвэл урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд орж байгаа өөрчлөлтөөр “А” лицензтэй компаниудын үйл ажиллагааг сэргээхээр болж байгаа ч тэгэхдээ заавал төрийн байгууллагуудын зөвшөөрлийг авах  дайвар заалт оруулжээ.  Энэ нь хэрэвзээ төрийн нэгэн яам, агентлагийн дарга модтой, устай, уултай газар байна гээд толгой сэгсэрчих юм бол асуудал ерөнхийдөө бүрхэг болно гэсэн үг. Тиймээс л урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж буй зүйл заалт нь тодорхой, бусад хуулиудтайгаа уялдаа холбоо сайтай байх хэрэгтэй байна.  Түүнчлэн урт нэртэй хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоосон компаниудад олгох найман их наядын нөхөн олговрыг тэглэх асуудлыг ээлжит бус чуулганы хуралдаанаар ярилцаж буй. Эндээс харахад хэдэн арван саяар нь хөрөнгө оруулалт хийсэн алтны компаниудын хувьд магадгүй нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох хууль баталчихвий гэсэн айдастай байгаа юм.  Алтны компаниудад олгосон лицензийг ангилж үзвэл ойн сав газарт “А” лиценз 155, гол мөрний урсац бүрэлдэх газарт 72, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд 273 олгогджээ.  Ашигт малтмал эрж хайх, ашиглахыг зөвшөөрөлөө авч, хөрөнгө оруулалтаа хийсэн компаниудын дунд 50-150 сая ам.долларын хөрөнгөө алтны салбарт оруулсан гадаадын 70 компани байгаа юм байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу  Монголд 10-150 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн алтны компаниуд ч хөнгөлөлт эдлэх ёстой. Тиймээс хөнгөлөлт эдлүүлэхээ байг гэхэд ядаж л хөрөнгөө хийчихсэн компаниудын үйл ажиллагаанд ямар нэгэн хуулийн заалтаар садаа болох хэрэггүй биз. 

Алтны салбарынхан бүхэлдээ “адгийн шаар”-ууд байгаагүй нь тодорхой. Стандартын дагуу байгаль экологид ээлтэй техник технологи хэрэглэж,  хариуцлагатай, ил тод уурхайн зарчимыг баримталдаг, нөхөн сэргээлтээ цаг тухайд хийж ирсэн  компаниудынхаа  үйл ажиллагааг сэргээхийн тулд заавал төрөөс зөвшөөрөл авах, ингэснээр хэн нэгэн хүнд сурталтай төрийн албан хаагчийн гарыг хүндрүүлэх хэрэгцээ ч гарч магадгүй юм. Монголын эдийн засагт тодорхой дэмжлэг үзүүлдэг алтны томоохон компаниудыг дэмжиж, нөхөн сэргээлт хийлгэх замаар урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах нь эдийн засаг болоод байгаль экологийн хөгжилд эерэг үр дүн авчирч чадах бус уу.  Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж, урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахдаа дээрх хоёр хуулийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгаа юм. Хоорондоо ямар ч уялдаа холбоогүй нэгнийхээ хэрэгжих боломжийг нөгөө хуулийнхаа заалтаар хязгаарлах нь эргээд сөрөг үр дагавар авчрах нөхцөл бүрдүүлэх нь мэдээж. Эдийн засгийг царцаасан амин чухал шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргахад дөхөм ч нөгөө талаар эдгээр хуулиуд өөр хоорондоо хэр уялдаа холбоотой вэ гэдэг нь анхаарал татахуйц асуудал болоод байна.  Төр нэг гараараа хөрөнгө оруулалтыг дэмжихийг нь зөвшөөрч, нөгөө гараараа хөрөнгө оруулалт хийсэн компаниудыг хуулиар айлгаад байж болохгүй биз дээ.

Урт нэртэй хуулийг баталснаас хойш нөхөн сэргээлтийн ажил орхигдож, өнгөрсөн хавар төр арга ядахдаа нэг тэрбум төгрөг зарцуулж нөхөн сэргээлт хийхээр шийдвэрлэсэн. Гэтэл хариуцлагатай компаниудын үйл ажиллагааг дэмжих замаар үлдсэн нөөцийг нь олборлуулж, дараа нь нөхөн сэргээлтийн ажлыг нь хийлгэвэл нэг сумаар хоёр ч  туулай буудах боломж байна.  Нэгдүгээрт, жилдээ гуравхан тонноор тушаагдаж буй Монголбанкны алтны нөөц нэмэгдэнэ, хоёрдугаарт, нөхөн сэргээлгүй орхигдоод байгаа олон мянган га талбайн асуудал цэгцэрнэ. Үнэхээр байгаль экологио хамгаалъя гэвэл алтны компаниудаар ажлыг нь хийлгэх нь зөв гарц болох биз.  Хөрөнгө оруулсан компаниудын хөрөнгийг хамгаалах, хөрөнгө оруулалтыг татах үүднээс л Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж байгаа биш гэж үү.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж