Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Бэкэгийн Жульетта

“Ийм нэгэн дурлал”, “Сая километр” зэрэг уран сайхны киногоор олонд танигдсан жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэкэ, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа нар Монголын Ромео Жульеттагаар тодроод байгаа. Саяхан болсон “Гурван охин” хамтлагийн бие даасан “Жинхэнэ хайр” тоглолтын үеэр Бэкэ тайзнаа гарч өвдөг дээрээ сөхрөн Г.Анхмаад улаан сарнай бэлэглэсэн нь олон үзэгчийг догдлуулсан. СУИС-д сурч байхдаа үерхэж байсан хосууд хэсэг хугацаанд салж, эргэн нийлсэн Анхмаа Бэкэ хоёрын хайрын түүх сонирхолтой.

Жүжигчин Т.Билэгжаргал СУИС-т дөнгөж элсэн ороод байхад Г.Анхмаа хоёрдугаар курс байв. Тодорхой бус шалтгааны улмаас Г.Анхмаа сургуулиасаа жилийн чөлөө авч ирэх жил нь Бэкэгийн ангид шилжин орсон гэнэ. Энэ үед жүжигчин Бэкэ “Ромео Жульетта” жүжгийн Ромеод тоглохоор бэлтгэж байжээ. Ангийнхаа охидоос өөрт тохирсон Жульеттагаа хайгаад олохгүй шантарч байхад эелдэг, найрсаг зантай Анхмаа ангид нь ороод ирэв. Бэкэ хэлэхдээ Анхмааг анх хараад л өөрт тохирох Жульетта нь мөн гэж бодсон гэсэн. Ингээд Бэкэ багшдаа Анхмааг Жульеттад тоглуулах санаагаа хэлж, Анхмаа ч саналыг дуртайяа хүлээн авч “Ромео Жульетта” жүжгээ тоглож байсан гэнэ. Жүжгийн дараагаар Анхмаа, Бэкэ хоёр бие биедээ дасч, нэг л мэдэхэд нэг нэгнээ боддог болсон байна. Энэ цаг мөчөөс эхлэн тэд үерхэж, хосууд болсон. Гэвч “Гурван охин” хамтлагийг алтны магнат Ц.Мянганбаяртай нэг хэсэг холбож, тэр дундаа Анхмааг нууц амраг нь хэмээн хэвлэлээр мэдээлж, бусад цуу яриа хосуудыг салахад хүргэжээ.

Энэ үед залуу жүжигчин Бэкэ нэгэн сонинд “Анхмаа хүнийг маш сайн ойлгодог.  Үнэхээр миний хувьд хэзээ ч мартагдахааргүй эмэгтэй гэж хэлж болно. Би түүнийг үргэлж санадаг. Хамт байсан бүхнээ бодоод л түүнийгээ санадаг” хэмээн ярилцлага өгч байсан нь шар хэвлэлүүдээр нэг сенсаац болсон. Харин Г.Анхмаа одоо ч Бэкэ өөрийг нь хайрладаг гэдгийг ойлгосон уу гэлтэй, хосууд төд удалгүй эргэн нийлж, бүхнийг хамтдаа туулж яваа. Одоо бол тэд Монголын Ромео Жульетта.

М.Анир

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж