Хуулийн төслийг хуульчдаар хэлэлцүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

Хуулийн төслийг хуульчдаар хэлэлцүүллээ

Хууль зүйн салбарт шинээр мөрдөгдөж буй хууль болон боловсруулалтын шатандаа яваа хуулийн төслүүдээ хууль хэрэгжүүлэгч нарт сурталчлах, санал шүүмжийг нь сонсох зорилготой төвийн найман аймгийн албан хаагчид, орон нутгийн хуульчдад зориулсан бүсийн сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Хууль зүйн яамнаас зохион байгууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн “Эрх зүйн шинэчлэл орон нутагт” сургалт, хэлэлцүүлэг Орхон аймагт болж, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай зэрэг аймгийн хуульчид оролцлоо. Сургалт, хэлэлцүүлгийг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд болон ЦЕГ, АТГ-ынхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нар оролцож, зохион байгуулсан юм.

Хорихоос өөр төрлийн ялыг олшруулна

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 8000 орчим хоригдол хорих ангиудад ял эдэлж байгаа нь 100 мянган хүнд ногдох хоригдлын тоогоороо дэлхийд 40 дүгээрт жагсах тоон үзүүлэлт гэнэ. Хоригдол, ялтны тоогоор дэлхийд дээгүүрт орж байгаа нь одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуультай холбоотой гэдгийг албаныхан хэлж байлаа. Тиймээс шинээр боловсруулаад буй Гэмт хэргийн тухай болон Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийн талаар орон нутгийн хуульчдад төсөл санаачлагчид нь мэдээлэл хийж, хуульчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Дээрх хуулиудад өөрчлөлт оруулахдаа биеэр эдлэх ялын төрлийг бууруулж, хорихоос өөр төрлийн ялыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хууль хэмээн хоёр хувааж, хэргийн зүйлчлэл болон хариуцлагын хэлбэрийг давхардуулахгүй байхаар хийсэн байна.

Өмнөх үеийн хуулиудын тухайд социалист нийгмийг байгуулах, нийтийн өмчийг хамгаалах, хамтын аж төрөх ёсыг сахиулахын төлөө гэсэн үзэл санаатай байж. Энэ тохиолдолд хувь хүний эрх, эрх чөлөөнөөс илүү нийтийн, нийгмийн эрх ашиг үнэ цэнэтэй байв. 2002 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуульд ч гэсэн энэ хандлага хадгалагдсан хэвээр байж. Нэг үгээр хэлбэл, ардчилсан нийгмийн үнэт зүйлийг тунхагласан Үндсэн хуулийн үзэл санааг ч Эрүүгийн шинэ хуулиар бүрэн хамгаалж чадаагүй юм. Ардчилсан нийгэмд нийгмийн, нийтийн эрх ашгаас гадна хамгаалах ёстой олон харилцаа байдаг. Энд хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн халдашгүй байдлыг энэ тэргүүнд авч үзэж, хуулийн агуулга иргэнээ хамгаалахад чиглэсэн, гэмт  хэрэг үйлдсэн этгээдийн  гэм бурууд тохирсон хариуцлагын тогтолцоо, ялын уян хатан бодлого шаардлагатай гэнэ. Шоронгоороо дүүрэн хоригдолтой атлаа иргэдээ хамгаалж чадахгүй байгаа нь хуулийн зохицуулалт нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагийнх гэнэ.

Нэн ялангуяа бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй нэвтрэх халдах, мөрдөж мөшгөх, утсан харилцааг нь чагнах, зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дуу бичлэг хийх зэргээр хувь хүний халдашгүй орон зайд халдахад нь хамгаалж чадахгүй байгаа энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг харуулж онцлон хэлсэн. Тиймээс Гэмт хэргийн тухай хуульд “Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлэг шинэ хуулийн төсөлд оруулж байгаа аж.  Үүнд хүнийг мөрдөж мөшгөх, хувийн орон зайд нь халдаж бичлэг үйлдэж, гэрэл зураг авсан бол гэмт хэрэгт тооцно. Хэрэв үүнийг цагдаагийн ажилтан, хууль сахиулагч хуульд заасан зөвшөөрөлгүй хийсэн бол хүндрүүлж үзэж ял шийтгэхээр тусгаж байгаа юм байна. Хууль сахиулагч зөвхөн хуульд заасан, зөвшөөрөгдсөн хүрээнд хүнийг мөрдөх ёстой.

Дээрээс нь даатгал, халамж хууль бусаар авсан, соёлын өвийн эсрэг гэмт хэргийг ч хуулийн хариуцлагатай болгожээ. Өнөөдөр бодит байдал дээр АНУ-аас буцааж авсан Т-Баатарын хэрэгт гэхэд Монголын хуулиар эрүү үүсээгүй байгаа. Зөвхөн хилээр хууль бусаар гаргасан хэрэгт нь л буруутгаж байгаа юм байна. Тэгвэл шинэ хуулиар хосгүй үнэт зүйл, археологийн олдвор, соёлын өвийг хилээр оруулсан, гаргасан, наймаалцсан тохиолдол бүрт хариуцлага нь ялгамжтай байх юм.

Нөгөө талаас гэмт хэргийг ерөнхийлсөн байдлаар онц хүнд, хүнд, хөнгөн гэж ангилахаар /одоогийн мөрдөж байгаа хуулиар/ оногдуулах ялын хувьд шууд үр дагавар үүсдэг байна. Харин шинэ хуулийн төсөлд гэмт хэргийг ингэж ангилахгүй. Шүүгч онц аюултай гэж үзсэн хэрэгтээ хамгийн өндөр, аюул багатай гэж үзсэн үйлдэлд нь хуульд заасан хамгийн бага ял оногдуулах тэр боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэмжээнд нь тохирсон ял оногдуулах боломжийг шүүхэд нь олгож байгаа юм байна. Энэ нь ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалж, шүүх шударга ёсыг тогтоох үйл явцыг нэр төртэй гүйцэтгэх боломж олгож байгаа тухай хууль санаачлагчид ярьж байна. Жишээлбэл, хулгайн хэрэг үйлдсэн этгээдэд 1-8 жилийн хорих ял ногдуулахаар заажээ. Бага хохирол учруулсан этгээд нэг жил, их хохирол учруулбал 10 жил авна гэсэн үг.

Өнөө цагт хүүхдийн эсрэг зарим хэрэг ихээр гарах болсон ч одоогийн хуулиар хариуцлага оногдуулах боломжгүй байдаг юм байна. Тиймээс хүүхдийг зодож шийтгэх, насанд хүрэгчдийн педофил шинжтэй үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхэд хуулийн заалт ойлгомжтой томъёолсон байх  ёстой аж. Аль ч улс орон хүүхдийн эрхийн эсрэг 200-300 үйлдлийг “хор аюултай” гэж үзэж Эрүүгийн хуульдаа тусган оруулдаг юм байна. Гэхдээ тэр үйлдлүүдийг эрэмбэлэхдээ хохирлоор нь ангилах нь учир дутагдалтай байдаг аж. Ингэж ангилсан тохиолдолд шударга ёс алдагддаг гэдгийг хууль боловсруулагчид онцолсон юм.


520 орчим хуулийн 260 нь зөрчилтэй

Орон нутгийн хуульчид Зөрчлийн тухай хуулийн төсөл дээр санал нэгтэй байсан юм. Зөрчлийг гэмт хэрэг болгон шийтгэж байгаа нь ардчилсан нийгэмд байж болохгүй үйлдэл гэсэн юм. Монголд хүчин төгөлдөр үйлчилж байгаа  520 орчим хууль байхад түүний 260-д нь зөрчил байдаг аж. Одоогийн Эрүүгийн хуульд 48 зөрчил байна. Тодруулбал, Байгаль орчин, Ургамлын, Газрын тухай хууль зөрчсөн бол гэмт хэрэг гэж нэрлэн заасан байх жишээтэй. Тэгвэл ийм байдлаар өөр хуулиас иш татаад гэмт хэрэг гэж заасан нь өөрөө учир дутагдалтай. Өөр хуулиас иш татаж болохгүй. Энэ нь аливаа хуулийг төсөөтэй хэрэглээд гэмт хэрэгт тооцож байна гэсэн үг. Энэ утгаараа Эрүүгийн  болоод  260 хуульд байгаа бүх зөрчлийг түүгээд Зөрчлийн хууль болгож байна. Зөрчлийн хууль нь 500-600 орчим зүйлтэй байна. 260 хуулийн бүх зөрчлийг түүнэ гэхээр маш их хүндрэлтэй, бишгүй их зүйл, заалт гарч байна. Наад зах нь гэхэд Тамхины эсрэг хууль, Жендерийн хуулиас эхлээд бүх зөрчлийг нь түүнэ. Энэ Зөрчлийн тухай хууль гарахаар бусад хуульд нэмэлт өөрчлөлт орж таарах байх. Цаашдаа зөрчлийг зөвхөн Зөрчлийн тухай хуульд бичнэ гэж Г.Оюунболд дарга танилцуулсан.

Хоёр өдөр үргэлжилсэн  сургалт, хэлэлцүүлэгт орон нутгийн төлөөлөл өөрсдийн санал шүүмжээ хэлсэн юм. Тухайлбал, орон нутгийн онцлог шинжийг бодож Гэмт хэргийн тухай хуульд Малын хулгайн гэмт хэргийг бүлэглэн оруулж өгөхийг хүсэв. Мөн Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд санал шүүмжлэл өрнүүлэв. Ингэхдээ прокурорууд “Миний эрхийг шүүгч аваад явчихлаа. Хуулийн хүрээнд гэмт хэргийн мөрөөр тагнах эрх нь надад яагаад байхгүй байгаа юм. Бидэнд яагаад хэргийг бие дааж ял сонсгох эрхгүй болов” гэж ээлж дараалан асуув. Үүнд Хууль зүйн яамныхан “Энэ бол байгууллагын амбиц. Хүний эрхийг хамгаалъя, халдашгүй эрхийг нь зөрчихгүй байя гэж байгаа бол шүүхээс зөвшөөрөл авч байж мөрдөж мөшгөдөг байх ёстой” гэсэн товчхон хариулт өгнө лээ.

Өөр нэг шүүмжлэл дагуулсан сэдэв нь Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд багтсан электрон гав хэрэглэх тухай байв. Үүнийг орон нутгийн хуульчид “Хөдөө хэрэглэх боломжгүй. Малын хулгайчид зүүлгэчихээд нөгөөхөө байн байн эргэж тойрох хэрэг үү. Өмнө байгаа ажлаа дийлэхгүй байхад дахин электрон гав зүүсэн нөхдөө эргэж тойрох хэрэг гарч байна” гэхэд яамныхан “Хот, хөдөө гэлтгүй хэрэглэх боломжтой. Өнөөдөр Буриад Улсад электрон гавыг хэрэглэж байна. Гар утас хэрэглэдэг бүх газарт үүнийг хэрэглэх боломж бий” хэмээн хоёр өдрийн туршид хуульчид эрх зүйн шинэчлэлийн талаар санал шүүмжлэлээ хэлсэн юм. Эрх зүйн шинэчлэлийн хэлэлцүүлэг үүгээр дуусахгүй. Баруун бүс, зүүн бүсийн аймгуудын хуульч нарт ч гэсэн хэлэлцүүлэг, сургалт энэ намрын туршид үргэлжлэх юм байна.






Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж