Улсын начин Ц.Содномдорж түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Улсын начин Ц.Содномдорж түрүүллээ

Монгол Улсад циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин, даяар дуурсагдах далай, даян, дархан аварга Дарийн Дамдины алдрыг дуурсгах хүндэтгэлийн барилдаан өнгөрөгч ням гаригт Монгол бөхийн өргөөнд боллоо. Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Д.Амгаланбаатар, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, С.Мөнхбат, Ө.Даваабаатар нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглосноос Д.Дамдин аваргын нутгийн хүү, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумыг харьяат, “Монос” группын бөх, улсын начин Ц.Содномдорж түрүүлж, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Газар Холдинг” компанийн бөх, улсын заан Б.Соронзонболд үзүүрлэжээ. Харин их шөвөгт Төв аймгийн Баянцогт сумын харьяат, “Олимп” дэвжээний бөх, улсын харцага Ө.Даваабаатар, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Алдар” спорт хороо, UFС группын бөх, аймгийн арслан А.Отгонбаатар нар үлджээ.

Барилдааны үеэр Монголын үндэсний бөхийн холбоо, Циркчдийн холбоо, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, Цагаан-Үүр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний хамт олноос Д.Дамдин аваргын хань н.Цэрэндулам болон үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж