
Өмнийн говьд орших Оюутолгой ордыг ашиглах гэрээг Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу майнз монголиа инк” компанитай 2009 оны намар үзэглэснээс хойш даруй тав дахь жилээ угтаж байгаа ч энэ хугацаанд шинэ проблемууд үүсч, асуудал ургасаар эцэстээ “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн болох “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги төлөвлөлт, бодлогын хэлтсийн дарга Ч.Отгочулуу, “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн нар хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа нь энэ юм.
Хөрөнгө оруулагч талтай хийх тэдний хэлэлцээрээс Монголын эдийн засгийн аюулгүй байдал хамаарах болохыг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга, Д.Батцогт, Б.Бат-Эрдэнэ нар онцолсон. Хэрвээ тэд “Рио Тинто” компанийн зүгээс санал болгож байгаа урт хугацаат зээлийн нөхцлийг нь хүлээн зөвшөөрөх юм бол Монгол Улс 5.7 тэрбум ам.доллар, дээр нь менежмэнтийн төлбөрт болон роялти хэлбэрээр 1.4 тэрбум ам.долларыг “Рио Тинто”-д нэмж өгөх өрөнд унана. Түүгээр зогсохгүй зээлийн барьцаанд нь Оюутолгой компанийн биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь тавьж, туух эрсдэл хүлээж байгааг дээрх нэр бүхий гишүүд сануулснаас харвал энэ удаагийн хэлэлцээр өмнөх хэлэлцээрүүдээс хамгийн их ур ухаан шаардах болж байгаа юм.
Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн онцолсноор УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хувилбараар баталсан нөхцөлд Монгол Улс Оюутолгой ХХК-д 5.7 тэрбум ам.долларын хөнгөлөлт эдлүүлэх боломж гарч ирж байгаа. Тодруулбал, алтны татвар одоо 10 хувь байгаа, харин дээрх төслийн хүрээнд 2.5 хувь болгон бууруулахаар заагаад байна. Ингэснээр “Оюутолгой” ХХК 1850 тонн алтнаас 5.7 тэрбум ам.долларыг татвар хөнгөлөлтийн нөлөөгөөр авч манай тал алдах юм. Иймээс энэ асуудлыг нарийн ярилцах ёстой гэж үзээд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан, дараа нь Ардчилсан намын бүлэгтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулах санал гаргаад байгааг хэвлэлийн бага хурлынхаа үеэр онцолсон юм. Харин УИХ-ын гишүүн Д.Батцогт “Рио Тинто” компани нь нэмэлт санхүүжилт авахдаа өөртөө ашигтай Монголд хохиролтой шийдэх хувилбарыг Засгийн газарт тулгаж байгаа нь Оюутолгой төслийн харилцан ашигтай байх зарчмыг алдагдуулж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Урт” нэртэй хууль хийгээд бусад холбогдох дөрвөн төрлийн багц хуулийн төсөл нь бүхэлдээ “Рио Тинто”-д зориулагдсан төсөл. Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто”-д хөтлөгдөж болохгүй, хэрвээ Лондонг зорьсон манай гурван төлөөлөгч “Рио Тинто”-гийн зүгээс тавьж байгаа саналыг хүлээн авч, “Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилтэд Засгийн газар баталгаа гаргавал хариуцлага тооцно. Тиймээс бид Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж байгаа” гэдгээ ч мэдэгдсэн юм.
Гэхдээ Монголын тал хөрөнгө оруулагч талаас тавьсан дээрх саналыг хүлээж авахгүй буцаавал Оюутолгой ордыг ашиглах үйл явц цааш үргэлжлэх үү гэдэг асуулт хариу нэхэж буй. Эхний сануулга болгож далд уурхайнхаа үйл ажиллагааг өнгөрсөн наймдугаар сард зогсоож 1700 монгол иргэнийг цомхотгосон хөрөнгө оруулагчдын хувьд Монголын эдийн засаг ээдрээтэй байгаа үеийг ашиглаж аль болох барьцаа лавшруулахыг хичээж таарах биз. Харин түүнд нь “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гурван гишүүн хэр ухаан гаргаж, хэлэлцээр хийхээс олон зүйл шалтгаалах болж байна. Лондонг зорьсон ТУЗ-ийн гишүүд ямар мэдээ дуулгах бол…
Монгол Улсын Засгийн газрыг “Рио Тинто”-д хөтлөгдөхгүй байхыг анхааруулж эхний сануулга болгон УИХ-ын дээрх гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд болох Сангийн сайд Ч.Улаан, Шадар сайд Д.Тэрбишдагва, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Баярсайхан, Б.Болор, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Б.Наранхүү, А.Тлейхан, С.Одонтуяа, Л.Цог, Ц.Цолмон, Р.Бурмаа, Ж.Батсуурь, Ж.Батзандан нар шаардах бичиг хүргүүлээд байгаа юм.