УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаад долоо хоног өнгөрлөө. Ээлжит бус чуулган хуралдах болсон цорын ганц бөгөөд зайлшгүй шалтгаан нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлан гаргах явдал. Мөн түүнийг дагаж гарах “урт нэрт” буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Концессийн тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийг шинээр батлан гаргахаар ажиллаж байна.
Хэдийгээр ээлжит бус чуулганы эхэнд УИХ дахь намууд эдгээр хуулийн хэрэгцээ шаардлагын талаар харилцан адилгүй байр суурьтай байсан ч долоо хоногийн төгсгөл рүү “Хөрөнгө оруулалтад хуулийн тогтвортой орчин хэрэгтэй“ гэдэг дээр санал нэгдэв бололтой. Засгийн газраас боловсруулсан хуулийн төсөл дээр сөрөг намын гишүүд ажлын хэсэгт нь орж ажиллахаар боллоо.
Статистик мэдээллээс үзвэл 1990 оноос хойш 2012 оны дунд үе хүртэл Монгол Улсын хэмжээнд 14 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг гадаад улс орнуудаас хийсэн байна. Үүний 73,9 хувь нь геологи, уул уурхайн салбарт оржээ. Цаг хугацааны хувьд авч үзвэл нийт хөрөнгө оруулалтын 79,9 хувь нь 2008-2012 онд хийгдсэн байна. Үүний 74 хувь нь мөн л уул уурхайн салбарынх. Тодруулбал, өнгөрсөн дөрвөн жилийн дотор уул уурхайн салбарт 8,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүнээс долоон тэрбум орчмыг Оюутолгой төсөл дангаараа оруулсан гэж үзвэл үлдсэн 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг бусад аж ахуй нэгжүүд дөрвөн жилийн турш оруулжээ.
“Хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн” гэж хөөрцөглөж явсан уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг Оюутолгой төсөл бараг дангаараа оруулж байсан гэсэн үг. Түүнийг хасаад тооцох юм бол Монгол Улсад өнгөрсөн дөрвөн жилийн турш жилд дунджаар 250 сая орчим ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдэж байжээ. Энэ тэгээд гайхуулахаар тоо мөн үү?
Тиймээс одоо яригдаж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг “хөрөнгө оруулалтыг бууруулсан өмнөх алдаагаа засах” бус, ерөөсөө хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг зорилгоор хийж байна гэсэн үг. Ялангуяа одоо манай улстөрчдийн бие биенээ яллах шалтаг болгоод байгаа “Эдийн засаг яагаад ингэж уруудав, хөрөнгө оруулалтыг хэн зогсоов“ гэдэг яриа хоёрдагч асуудал болж байна.
Ерөнхийдөө манай хууль эрх зүйн орчин, татварын бодлого гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих хэмжээнд биш байна аа л гэсэн үг. Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг өмнөх УИХ-ын төгсгөлд батлан гаргасан ч тэр нь хөрөнгө оруулалтыг дэмжсэн гэхээсээ хавчих хэмжээнд хийгдсэн гэдгийг дотооддоо ч хүлээн зөвшөөрдөг, гадаад ертөнцөд ч тэгж үнэлдэг. Тэгэхээр одоо хийгдэж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль бол цоо шинэ зүйл юм.
Өмнө нь манай парламент, Засгийн газрын түвшинд гарч байсан шийдвэр, түүнийг хүлээж авч буй хөрөнгө оруулагчдын байр суурийг аваад үзвэл “Монголд хуулийн орчин тодорхойгүй, Засгийн газар нь солигдох бүрт хөрөнгө оруулагчдад хандах хандлага нь 180 градус өөрчлөгдөж байдаг” гэсэн үнэлэлтийг өгсөн байдаг. Гэтэл урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, түүнээс ашиг олохын тулд хууль эрх зүйн орчин нь тодорхой, тэгээд тогтвортой байх ёстой.
Гэвч манай улсад хууль эрх зүйн орчин тогтвортой бус, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх болоход заавал УИХ, Засгийн газраас нь зөвшөөрөл авах хэрэгтэй болдог нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэдэг. Оюутолгойн ордыг эргэлтэд оруулахын тулд Хөрөнгө оруулалтын гэрээг нь хоёр их хурал, гурван Засгийн газар дамжин хэлэлцэгдсэн байх жишээтэй. Тухайн үед эрх барьж байсан Засгийн газар, УИХ-д олонх болсон намууд хөрөнгө оруулалтын гэрээг хааш нь, яаж савлуулж байсныг бүгдээрээ мэдэж байгаа. Харин одоо хөрөнгө оруулалтын тухай хуультай болчихвол хуульд заасан шаардлагыг хангасан ямар ч компани, хөрөнгө оруулагч хэн нэг улстөрч, Засгийн газраас зөвшөөрөл авах гэж цаг, мөнгөө гарздалгүйгээр хуулийн дагуу орж ирээд ажиллах бололцоотой болох юм.
УИХ дахь цөөнхийн бүлэг, зарим улстөрчдийн олон нийтэд хандаж хийж байгаа мэдэгдлүүдээс харвал Хөрөнгө оруулалтын тухай хуулийг “хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт үзүүлэх тухай” хууль гэж ойлгоод, тэгж тайлбарлаадбайх шиг байна. “Гаднынханд үйлчилсэн, том компаниудад ая тал харсан” гэж тайлбарлаж байгаа хэсэг ч бий.
Гэвч хуулийн агуулга, зүйл заалтуудыг аваад үзэх юм бол гол үзэл санаа нь ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан гадаад, дотоодын компаниудад одоо мөрдөж байгаа татварын хувь хэмжээ болон бусад хууль тогтоомж өөрчлөгдөхгүй, тогтвортой үйлчилнэ гэсэн ганц л санаа л яваа. Хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүйгээр “Хөрөнгө оруулалтын хэмжээ 15 тэрбум төгрөгөөс давсан, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн тохиолдолд Монгол Улсын татварын болон бусад хуулийг одоо байгаа хэмжээнд нь тогтворжуулна” гэж байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээ15 тэрбум байна уу, 50, 100 тэрбум болно уу хамаагүй, ганцхан хуульд заасан шаардлагыг хангасан компаниудад хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал. Үүнийгээ л ил тод хуульчилаад, дэлхий нийтэд зарлаж байгаа хэрэг. Хууль батлагдвал хөрөнгө оруулагчид аль нэг Засгийн газар, сайдаас зөвшөөрөл авах гэж авлига өгөх, лобби хийх шаардлагагүй болно. Олон нийтийн зүгээс ч ийм хардлага тээхээ болино.
Мэдээж хуульд заасан 15 тэрбумын босгыг өндөрсгөвөл түүнд хамрагдах компаниудын тоо л багасах болно. Жинхэнээсээ “цөөхөн, том компаниудаа дэмжсэн” бодлого болж магадгүй. Харин босго нам байх тусмаа олон компани хөрөнгө оруулж, татварын таатай, тогтвортой орчинд үйл ажиллагаа явуулах, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой юм. Гэвч хуулийн төслийг батлах эрх нь зөвхөн УИХ-д бий. Ээлжит бус чуулган товлосон ёсоор бол энэ долоо хоногт багтаан асуудлаа хэлэлцэж дуусгах ёстой. Ганц Хөрөнгө оруулалтын тухай хууль бус дагаж гарч байгаа гурван ч хуулийн өөрчлөлт, шинээр гарах бас нэг хууль байгаа учраас ярьж байгаа сэдвээсээ хальж давхиад, бүх зүйлийг нэг далайлтаар шийдэх гэж зүтгэвэл хий дэмий цаг үүрэхээс цаашгүй. Хамгийн гол нь одоо гаргаж байгаа шийдэл нь дараа гарах шийдэлтэйгээ зөрчилдөхгүй, ерөнхий том зорилтдоо саад болохгүй байх ёстой.
Ямар ч байсан ээлжит бус чуулган зарлагдсанаас хойш, Хөрөнгө оруулалтын тухай ийм шинэ хууль хэлэлцэгдэгдэж эхэллээ гэдэг мэдээллийн дараа хөрөнгө оруулагчид, олон улсын зүгээс Монгол Улсыг харах харц сэргэж, өөрчлөгдөж байгаа гэдгийг хуулийн төсөл дээр ажилласан нөхдүүд хэлж байна. Энэ эерэг өөрчлөлт хэр удаан хадгалагдах нь УИХ-аас гарах шийдвэр, түүний хурдаас шалтгаалах болно.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №030