
Кенийн нийслэл Найроби хотын нэгэн худалдааны төвд өчигдөр Сомалийн “аль-Шабааб” бүлэглэлийн зэвсэгт дайчид халдлага үйлдэж, олон тооны хүнийг барьцаалжээ. ВВС-д мэдээлснээр Кенийн цэргийнхэн зэвсэгт дайчдын эсрэг ажиллагаа явуулж, худалдааны төвд барьцаалагдсан хүмүүсийн ихэнхийг сулласан боловч энэ үеэр 68 хүн амь үрэгдсэний дунд Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениатагийн үеэл эхнэрийн хамт болон Франц, Гана, Канад, Австрали, Их Британи, Хятад, Дани, Энэтхэг, АНУ зэрэг олон орны иргэд байгаа аж. Түүнчлэн 175 орчим хүн гэмтэж бэртсэн ба тэднийг ойролцоох улаан загалмайн эмнэлэгт хүргэжээ. Үүний зэрэгцээ Кенийн эрүүл мэндийн албаныхны зүгээс гэмтэж бэртсэн хүмүүсийг амийг аврахад шаардлагатай цусны хэрэгцээг хангахын тулд иргэдийг идэвхийлэн цусаа хандивлахыг уриалсан байна.
Кенийн албаныхны мэдээлснээр худалдааны төвд бүрэн зэвсэглэсэн 10-15 зэвсэгт дайчин нэвтрэн халдлага үйлдэж, хүн барьцаалаад байгаа гэнэ. Гэрчүүдийн яриагаар зэвсэгт дайчид барьцаанд байгаа хүмүүсээс мусульман шашинтнуудыг явахыг зөвшөөрчээ.
Үүнээс өмнө алан хядах аль-Каида бүлэглэлтэй холбогдсон аль-Шабааб бүлэглэл нь Кенийн албаныхныг Сомали улсаас өөрийн цэргээ татахгүй бол тус улсад халдлага үйлдэнэ хэмээн сүрдүүлж байсан аж. Сомалид өнгөрсөн 2011 оноос хойш Кенийн 4000 орчим цэрэг алба хааж байгаа юм байна.