З.Энхболдын “шоглоом”-ын дүрэм

Хуучирсан мэдээ: 2013.09.23-нд нийтлэгдсэн

З.Энхболдын “шоглоом”-ын дүрэм

УИХ-ын даргын захирамжаар парла­ментын сэтгүүлчдийг чангалахаар шийджээ. Төрийн ордон дотор юу болж, хэн юу ярьж буйг, өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагааны талаар олон нийтийн нүд чих болж байдаг хэвлэл мэдээллийнхнийг ганц журам гаргаад л дэгэнд оруулахаар төлөвлөж. 

Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболдын 2013 оны есдүгээр сарын 18-ны өдөр 165 дугаар захирамжийн агуулга нь хэвлэл мэдээллийн байгууллагыг ялгаварлан гадуурхсан, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулсан, энгийн үргэлжилж байдаг өдөр тутмын үйл ажиллагааг нь хэн нэгнээс хамааралтай болгох заалтуудыг багтааж.

Мэдээж энэ журмыг гаргах болсон “сэтгэл” нь сайхан. Парламентын сэтгүүлчийг мэргэшүүлэх, чадваржуулах зорилготой ийм журам гаргасан гээд л тайлбарлах нь тодорхой. Гэвч үнэхээр энэ журам хэрэгжээд эхлэх юм бол ордонд ажиллах хэвлэлийнхэн гэдэг “Далласан газар нь ил гарч, далайсан газарт нь далд орцгоох” болох нь.

Шуудхан асуудалдаа орьё. “УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журам”-д  ордонд орох эрх авахаас нь эх­лээд цензур тогтоожээ. Одоо хэвлэлийн бай­­гууллага нь Улсын Их Хурлын үйл ажил­лагааг сурвалжлахын тулд Төрийн ордонд ажил­­лах боломжтой ажилтнуудынхаа нэр­­сийг урьдчилан бүртгүүлсэн бөгөөд үүнээс дөрөв хүртэлх хүн зэрэг сурвалжлахаар зохицуулсан байгаа. Нэг байгууллагын нэртэй дөрвөн үнэмлэх Төрийн ордны хамгаалалтын ажилтанд байна гэсэн үг. Харин шинэчилсэн журмаар нэвтрэх үнэмлэхийг хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтанд нэр зааж олгохоор болж. “Эрхийн үнэмлэхийг өдөр тутмын сонинд гурав, өргөн нэвтрүүлгийн телевизэд дөрөв, кабелийн телевизэд хоёр, өргөн нэвтрүүлгийн радиод хоёр, FM радиод нэг, редакци бүхий, өдөр тутам 5000-аас доошгүй хандалттай /энэ хандалт нь давхардаагүй/ цахим сайтад хоёр, бусад сонин, сэтгүүл, гэрэл зургийн агентлагт тус бүр нэг хүнд олгоно” гэсэн квот тогтоосонд асуудлын гол нь байгаа юм.

Нэг хэвлэлийн байгууллагын улс төрийн албанд дунджаар 4-5 хүн бий. Мэдээж хүн л юм хойно амь албаны тулгамдуу ажил гарах нь бий. Тиймээс ажил үүргээ ээлж солиотой хуваарилахад ганц нэгхэн хүн хаанаа ч хүрэхгүй. Нөгөөтэйгүүр ямар ч хэвлэлийн байгууллага ганц хүнд бүх зүйлээ даатгачихаад тэр хүн л байхгүй бол мэдээлэл байхгүй гээд сууж байдаггүй. Харин шинэ журмаар бол ордонд орох эрхтэй нэг хоёр нь л ажилтайгаа үлдэх нь. Квотоор үлдсэн ганц хоёр хүн нь өвдөх эрхгүй, чөлөө авах боломжгүй, ээлжлэх эрхгүй нэгэн болж хувирах нь. Нэр заагдсан нь л орохгүй бол өөр сэтгүүлчид хаалттай Төрийн ордон болж буй учраас тэр. Тэгээд ч хэвлэлийн байгууллагаас зөвхөн сэтгүүлч нь дангаар ордог ч юм биш. Сонины гэрэл зурагчин, телевиз болон видео мэдээ бэлтгэдэг сайтуудаас бол оператор нэмэгдэж ордог гэдгийг журам боловсруулагчид тооцсонгүй. Түүнчлэн улстөрийн бүх үйл явдал Төрийн ордонд болдоггүй гэдгийг ч мартчихаж. Өнөө ордонд нэвтрэх эрхтэй ажилтан гадуур ажиллах, томилолт, айлчлал сурвалжлах эрхгүй болно гэж үү.

Хэвлэлийн байгууллагад эдийн засаг, нийгмийн алба гээд ондоо алба, өөр сэтгүүлчид уг нь бий. Өдөр бүр ордноор гүйгээд байдаггүй ч шаардлагатай үед ордонд орж УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох ажилтнуудтай уулз­чихаад гардаг тоймч, нийтлэлч, редак­торууд ч  бий. Төрийн ордонд орно гэдэг тэд­ний хувьд “Уучлаарай” болж байна. 

Дараагийн цензуртай заалт нь сэтгүүлч нь хэнээс ярилцлага авах, ямар сурвалжлага хийхээ өөрөө шийддэг биш, өнөө дарга, гишүүд маань аль хэвлэлийн байгууллагад хэзээ ярилцлага өгөхөө шийддэг болж байгаа юм. Ард түмнээсээ төмөр хашаа, Төрийн ордноор зааглагдан  тасарчихсан ги­шүүд олон нийтийн өмнөөс элдвийг асууж шал­­­гаан, камерийн  өмнө эвгүй байдалд оруул­­­даг сэтгүүлчдээс ч зайгаа барихаар ший­­дэж.  Тодруулбал, журмын 5.2-т “Хэвлэл, мэдээллийн байгууллага нь Улсын Их Хурлын дарга, дэд дарга нараас ярилцлага, тодруулга авах, нэвтрүүлэг, түүнчлэн хэвлэл, мэдээллийн байгууллагаас зохион байгуулж байгаа бусад арга хэмжээнд оролцуулах хүсэлтээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан шийдвэрлүүлнэ. Улсын Их Хур­лын Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүдээс ярилцлага авах, нэвтрүүлэгт оролцуулах хүсэлтээ Байнгын хорооны ажлын алба болон туслахаар нь дамжуулан шийдвэрлүүлнэ”  гэжээ.

Тухайн гишүүнд таалагдаагүй сэтгүүлч, таалдаггүй хэвлэлийн байгууллагад ямар хариулт ирэх нь тодорхой, “Дарга завгүй байна”. Үзэгдэж харагддаггүй, асуултнаас зугтаж бултдаг гишүүд “баригдсан” ч хэлэх үгтэй болох нь, “Уулзах хүсэлтээ өгөөдөх, ажлын албанд хэлээд цаг авчих, тэгээд уулзъя”. Үр дүнд нь, зөвшөөрөл горьдсон, ажлын албадыг царайчилсан, “Хүсэлтийн хариу” хүлээсэн “Парламентаар мэргэшсэн сэтгүүлч, зураглаачид” бий болох нь.

Журмыг цааш уншвал “дамжуулж харьцах” “зөвшөөрөл авах” заалт цөөнгүй тааралдах бөгөөд зөвшөөрөгдсөн цэгээс нь зураглаач зураг авах, заасан байранд нь ажиллана, шууд дамжуулалт хийх бол урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авна гээд үргэлжилнэ. Нэг л их зөвшөөрөл, дамжлагаар дүүрэн журам. Зөвшөөрөл олгодог эрхийг хэн нэгэнд өгч, өнөөх нь эрх мэдлийг мэдрэх сайхан л байдаг байх. 

Сэтгүүлч миний бие  Улсын Их Хур­лын удирдлагын гаргасан захирамжийг “муш­гичихав” уу даа. Ингэж бичлээ гээд намайг яах бол. Журмын 4,2-ийн дагуу залруулга гаргахыг шаардаж, анхааруулга өгөх үү, 7.2-ийн дагуу УИХ-ыг сурвалжлах эрхийг минь хязгаарлах уу, эсхүл бүрмөсөн хасах уу.

Өнгөрсөн онд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг шанаадаж унагах үед Төрийн ордны хам­гаалалтынхан юу хийв. Гишүүдийг салгахын оронд зураглаачдын камерийг хааж, хөөхөөр бүгд ухасхийв. Өнгөрөгч долоо хоногийн дуулиан болоод буй Төрийн ордны арын цэцэрлэгт буун дуу гарсны дараа Төрийн ордныхон юу хийв? Ордны цонхны хөшигнүүдийг хааж, сэтгүүлч, зураглаачдыг цонхонд ойртохыг хориглож, хамгаалалтынхан хөл хорив. Зурагчны авсан зургийг устгав. Ажлын арга барил нь ерөнхийдөө ийм.

Өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулсан мэт журам нь онцгой тохиолдолд хэвлэлийнхний өмнөөс барих хаалт бамбай болох нь. Тэд хэвлэлийнхнээс ердөө журмаа биелүүлэхийг л шаардана. Гэвч үнэн хэрэгтээ тэр журам нь улс төрчдийн шоглоом төдий зүйл.

Б.ЭНХМАНДАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №030

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж