
“T-ARA”, “Davichi”, “Speed”, “Seeya”… Өмнөд Солонгосын залуухан оддын Монголд буусан десант нэг хэсгийг нь баярлуулсан бол нөгөө хэсгийнх нь бараг дургүйг хүргээд буцсан бололтой. Тасалбараа 35, 60, 350 мянган төгрөгөөр үнэлсэн “T-ARA” тоглолтынхоо өмнөх орой тусгай хүлээн авалт хийжээ. 350 мянган төгрөгийн такстай тэр хүлээн авалтын тасалбарыг “худалдан авч” очсон хүмүүс нь ихэвчлэн ээж, аавыгаа дагуулсан бяцхан фэнүүд нь голдуу. Гэвч “Биед нь хүрвэл уулзалтаа шууд зогсооно” хэмээн бардам дугарсан охидууд өчнөөн мөнгө төлж орсон хүүхдүүдэд тавхан минут царайгаа харуулчихаад гарч одсон гэх гомдлыг очсон хүмүүс нь фэйсбүүк, твиттэр хуудаснаа бичиж үлдээжээ. Тэнд бичсэнээр бол хүүхдүүд “T-ARA”-гийн охидод ойртож, хатуу дүрмийг нь зөрчсөн гэнэ.
Харин маргааш нь болсон тоглолтод хүсэн хүлээж байсан “T-ARA” тав дээр нэмэх нь хоёр дуу дуулав. Таван дуу дуулаад тайзыг орхих гэж байсан охидууд үзэгчдийг удаан хүлээлгэсэндээ хүлцэл өчөөд, хоёр дуу нэмж дуулсан юм. Гэхдээ бас л амьдаар биш.
350 мянгын “T-ARA”… Тэд од мөн ч бай, биш ч бай Монголын залуусыг өөрсдөөрөө хүрээлүүлж, бас шүүмжлүүлсэн өдрүүдийг Улаанбаатарт үдлээ. Тасалбар нь өндөр үнэтэй, шаардлага нь өндөр нөхцөлтэй “бяцхан” оддын гялбаа багачуудад л зориулагджээ. Тэд чадсан ч, чадаагүй ч стильтэй, хэв маягтай, үнэлэмжтэй байх үүрэг хүлээсэн баг юм байна. “Big bang”, “2ne1” гээд Өмнөд Солонгосын төрийн бодлогын хэмжээнд дэмжигдэж, дэлхийд танигдсан хамтлагууд бий. Энэ хэв маягийг солонгосчууд урлагийн аль ч төрөл дээрээ барьж байна. Өмнөд Солонгосын урлаг зорилготой хөгжиж, зорилтот төвшиндөө хүрч байгаагийн нэг жишээг “T-ARА”-гаас харж болно. Заавал тэднийг барууны ододтой зүйрлэж, адилтгаж, буруутгаад яахав.
К-поп урсгал, царайлаг залуус, хөнгөн хэмнэл… Тэд бол T-ARA



Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №030