Холын бодлыг хотондоо

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Холын бодлыг хотондоо

Хээрийн замд дураар давхих зээрэн сүрэгтэй дөрөө нийлүүлсээр хөдөө нутгийг зорих ахуйд хаврын бүлээн салхи сэвэлзэнэ. Сумаасаа нэг их холгүй Их билгэх хэмээх газар нутаглаж байгаа малчин Шагдарсүрэнгийн Раднаагийнд дөрөө мулталлаа. Ид дунд насны гавшгай байрын эр биднийг угтлаа.

Дунд сургуулийн шавилхан банди аавынхаа түлхээс, өөрийн сонирхол хоёртоо дөрөөлж, малчин болохоор шийдэж, хөдөө гарчээ. Угийн малч ухаантай аав, ээж хоёрынхоо заавар зөвлөгөөг дагаж, арван хэдтэйгээсээ эхэлж малын зах бараадсан Раднаагийн өнөө буй сүргийн тоо тиймч олон биш байх нь сонин. Таван хошуу малаар хотоо чимсэн энэ айл ердөө л хагас мянга хүрэхүйц малтай ч байгалийн бэрхшээл, цас зуданд ажрахааргүй тарга тэвээрэг нэг үгээр хэлбэл чанартай байдаг нь Раднаа малчны гол зарчим. Иймдээ ч эднийх өдийг хүртэл малынхаа тоонд биш чанарт нь анхаарч, жинхэнэ нүүдлийн мал ахуйн уламжлалыг хадгалсаар иржээ.

Ирж очин ээлжлэх жилийн дөрвөн улиралд нэг нутагтаа удаан сууна гэж үгүй. Цаг тавирч, урин цаг болохоор отрын бэлчээр даган нүүсээр нүүдэлчний ахуйдаа дасчээ. Отор нүүдэл гэдэг малын тарга хүч, өсөлтөд амин дэм шиг хэрэгтэй зүйл  ажгуу.
Раднаа малчин ээжээсээ 11-үүлээ. Өнөр өтгөн энэ айл долоон хүүтэй. Тэдний нь зургаа нь аав, ээжийнхээ шийрийг хатааж, хөдөө гарч, бүгд малчин хэмээх эрхэм нэрээр цоллуулж явна. Тулганы захад уяулж, тугалын бэлчээрт тоглож өссөн дэрсхэн хөвгүүдээ аав, ээж нь малчин болоход нь нэг их цаараглаагүй гэдэг.

Айлын хоёрдугаар хүү болон мэндэлсэн Раднаа дүү нартаа үлгэр үзүүлэх ахын хувьд, угийн малд нүдтэй, гярхай басхүү холч бодолтойн үрээр өдгөө аавынхаа таван хурууны дээгүүрт тооцогдох гүндүүгүй цөлх малчин болжээ.  Тэрээр малаа юу хайж, юу хүсэмжилж байгааг хараад л мэднэ. Тэгээд л өнөөх отрын нутаг руугаа нүүдэл хийнэ дээ. Баргын хүнд байдаггүй ухаан зарж, малтайгаа ярих нь холгүй юм болдог гэх.

Эр хүний хийморь лундаа сэргээсэн хүлэг сайн мориор гангарах дуртай хөдөөний эгэл эрчүүлийн л  нэг Раднаа унаад явахад цовоо, алхаанд нь сэтгэл сэргэж, хийморь бадрах шиг хатирдаг тийм л сайхан аргамагт дуртай .
Тоонд нь биш чанарт ингэж санаа тавидаг малчин ховор болсон энэ цагт ямар ч хүчтэй салхи шуурганд уруудах биш  сөрөх чадалтай хэдэн мал нь атар онгоноороо. Сэрвийж сэртийсэн бүхнээс үргэж дайжих нь аргагүй л отрын мал ийм байдаг даа гэмээр. Түүний гэргий нь нөхрийнхөө холч ухаанаар гангарч, ханийн хайрыг дааж яваа монгол эмэгтэй.

Энэ хавар  гурван ихэр ишиг гарч, гурван настай тормон тэмээ нь ботголж, энэ эгэл айлын эрдэнэт сүргийнх нь өсөн дэвээжих шанг татсаар мал нь төллөж байна. Мал маань өсөх нь үү дээ. Одоо ч жаахан тоог нь нэмэхгүй бол амьжиргааны өртөг нэмэгдэж байна гэх  Уулбаян сумын тавдугаар багийн малчин Раднаагийн хотонд төлийн дуу цуурайтсаар..

Малч ухаанаас гадна түүнд бас нэгэн далд авъяас бий. Энэ нь яруу найраг. Түүний зохиосон Говийн зэрэглээ дуу нь Уулбаян сумынхны дунд аль хэдийн танил болжээ. Мөн алдарт  уяач Ононгийн хээр моринд зориулсан дуунд нь хөгжмийн зохиолч н.Батсайхан ая хийж олны хүртээл болгосон байна. Дээрх хоёр дууг нь Раднаагийн төрсөн дүү н.Алтансүх нь дуулж сонирхууллаа.

Раднаагийн аав Шагдарсүрэн гэж насаараа нэгдэл нийгмийн мал хариулсан буянтай буурал. Гэм нь жаахан дээдэс дарга нарт тал засч чаддаггүй зантай.Түүнээсээ болж хамаг сэтгэл зүтгэл, залуу халуун насаа ханийнхаа хамт нэгдлийн малыг адуулан маллахад зориулсан аж. 

Шагдарсүрэн гуай өдгөө нас дал гарч явна. 11 сайхан хүүхдийн заяа түшсэн энэ буурал ч мөн ээжээсээ 11-үүлээ цуварч мэндэлсэн нь тохиолдол. Хүнээс илүү юмгүй, бас дутуу ч зүйлгүй дүүрэн сайхан амьдралыг бий болгож,  төвшин өөдрөг  заяанд төрсөн өнөр сайхан бүлийн өөдлөх амьдралынх нь зам тэгш дүүрэн байж, эрдэнэт малынх нь хот  нялх төлийн дуугаар бүү тасраг ээ.

Д.Улаанаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж