
Хэнтий аймаг энэ жил 126 мянган тонн байгалийн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэй. Есдүгээр сарын 19-ний байдлаар 103100 тонн хадлан бэлтгэж, төлөвлөгөөт хадлангийнхаа 80 хувийг базаажээ. Тус аймгийн Баянхутаг, Өмнөдэлгэр, Батширээт, Баян-Адарга, Баян-Овоо, Хэрлэн сумд төлөвлөгөөт хадлангаа авч дуусчээ. Аймгийн нийт хадлангийн 25 хувийг буюу 30 мянган тонн хадлан бэлтгэдэг Дадал сум л гэхэд 20 гаруй мянган тонн өвс хадаад байгаа юм.
Харин Галшар, Дархан, Дэлгэрхаан, Мөрөн, Бор-Өндөр сумдад хадлан бэлтгэх ажил удаашралтай байна. Хадлангаа ийн оройтуулснаа малчид бороо ус ихээр орж байгаатай холбож, оройтсон борооны сиймхийгээр хадлангаа авч байна хэмээн тайлбарлажээ. Аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцөд нийт 2800 тонн өвс бэлтгэх бөгөөд энэ ажилд аймгийн ОБГ-ын алба хаагчид шаргуу ажиллаж байна гэж Хэнтий аймгаас И.Байгалмаа манайд мэдээллээ.
Д.ЦЭЦ