ЕАБХАБ-ын судалгааны төв Монголд сургалт явуулна

Хуучирсан мэдээ: 2013.09.22-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ-ын судалгааны төв Монголд сургалт явуулна

Хамбургийн Их сургуулийн харьяа ЕАБХАБ (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага)-ын судалгааны төвөөс Монголын Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран манай улсын төрийн албан хаагч, судлаач, ТББ-ын төлөөлөгчдөд зориулж есдүгээр сарын 23-27-нд нээлттэй сургалт зохион байгуулна.
Сургалтаар ЕАБХАБ-ын ерөнхий үйл ажиллагаа, бодлого чиглэл, хамарч буй хүрээ зэргийг танилцуулах бөгөөд тус байгууллагын жинхэнэ гишүүн болоод төдийлөн удаагүй байгаа Монгол Улсын эзлэх байр суурь, үүрэг оролцоо, хувь нэмрийг цаашид нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцах юм. Монгол Улс 2012 оны 11 дүгээр сарын 21-нд ЕАБХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн бөгөөд ингэснээр олон тулгуурт гадаад бодлогоо бэхжүүлэх, түүний дотор аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудтай хамтран ажиллах, мэдээлэл, туршлага харилцан солилцох, яриа хэлэлцээнд тогтмол оролцох таатай нөхцөл бүрдээд байна.

Өнгөрсөн хугацаанд ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Занниер, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн дарга Г.Милиори нар манай улсад айлчилж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсоноос гадна ЕАБХАБ-ын ажиглагчдын хэсэг хүрэлцэн ирж манай Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан. Мөн ЕАБХАБ-ын дарга улс болох Украины Элчин сайд В.Ельченкогоор ахлуулсан Илтгэгчийн баг өнгөрөгч 6 дугаар сард ирж манай дотоодын байгууллагуудын удирдлагатай уулзан, хамтын ажиллагааны боломжтой чиглэлийн талаар санал солилцсон юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж