
Малчид өвөлжилтийн бэлтгэлээ базаах энэ үед малын хивгэн тэжээлийн үнэ өссөний зэрэгцээ олдоцгүй байна. Дотоодод үйлдвэрлэсэн хивгээ урд хөрш рүү их хэмжээгээр гаргахыг зогсоомоор байна, орон нутагт шатахууны үнэ өсч, нийслэлд АИ-92 бензин хомсдолтой байна гэж иргэд сануулжээ.
Сурагчдад сурах бичиг хүрэлцэхгүй, худалдаад авъя гэхэд ченжийн гар дээр өндөр үнэтэй байна гэсэн шүүмжийн хариуд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас номын худалдааны албан ёсны цэгүүдээр үйлчлүүлэхийг иргэдэд зөвлөөд, ийм цэгүүдэд сурах бичиг 1400-5000 төгрөгөөр зарагдаж байгааг дуулгажээ.
Эмийн сангууд эмчийн бичиж өгсөн жороор олгох журмаа баримталдаггүйгээс өсвөр насныхан нойрсуулах эм бөөнөөр авч хэрэглэн мансуурах тохиолдол цөөнгүй гарлаа, энэ чиглэлд Эрүүл мэндийн яам байнгын хяналт тавьж, дорвитой шалгалт хийгээч гэж иргэд хүсчээ.
Энэ мэт санал хүсэлт, шүүмж гомдлоо дуулгахаар өнгөрч буй долоо хоногт 931 иргэн “11 11 төв”-д холбогдсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.