Засгийн газар 2014 оны тэмцээнүүдийг батлав

Хуучирсан мэдээ: 2013.09.22-нд нийтлэгдсэн

Засгийн газар 2014 оны тэмцээнүүдийг батлав

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Монгол Улсад 2014 онд жүдо бөх, чөлөөт бөх, шатар, олс таталт, гандбол, тэшүүр, марафон гүйлт, үндэсний урлаг, спортын олон улсын чанартай есөн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын тогтоол гаргажээ. Тухайн тэмцээний ач холбогдол, нийгэм, эдийн засгийн үр ашиг, хүрэх үр дүн, олон улсын спортын холбооны баталгаа, календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан талаар спортын долоон холбоодоор танилцуулга хийлгэж, шаардлага хангасан гэж үзсэний үндсэн дээр жүдо бөхийн “Чингис хаан 2014” Гран-При тэмцээнийг 2014 оны 7 дугаар сард, жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 дугаар сард, Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг 8 дугаар сард, чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Гандболын олон улсын тэмцээнийг тус тус 6 дугаар сард, тэшүүрийн олон улсын тэмцээнийг 2 дугаар сард тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дээрх тэмцээнүүдийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2014 оны төсөвт тусган санхүүжүүлж, тамирчдын болон тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас даалгасан байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж