Ерөнхийлөгч Төв аймгийн зарим сумдад ажиллав

Хуучирсан мэдээ: 2013.09.22-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Төв аймгийн зарим сумдад ажиллав

Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 20-ны баасан гаригт Төв
аймгийн Баянцогт, Баянчандмань сумын зарим аж ахуйн нэгжийн үйл
ажиллагаатай танилцаж Хүй долоон худагт зохион байгуулж буй шилмэл мал,
амьтдын үзэсгэлэнд зочиллоо.

Буудайн чанар сайн байна
 
Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхлээд Төв аймгийн Баянцогт сумын нутаг
Гунад аяны дөрөө мулталж Монгол Улсын гавъяат агрономич Ц.Сүрэнхорлоо,
тэдний охин С.Ганчимэг нарын компанид зочлов. Тус компани 1992 оноос
эхлэн ажилласан, 2000 га эргэлтийн талбайтай, энэ жил 500 га талбайд
буудай тариалж ид хураан авч байна. Нэг га-гаас дунджаар 17 тонн, бүр
дээшилбэл 24 орчим тонн буудай хураан авах боломжтой гэнэ. Тариа
хураалтад ямар нэг бэрхшээл, хүндрэл гараагүй, 10 хоногт багтаан бүрэн
хураах боломжтой гэж байлаа. Улсын хэмжээгээр аравдугаар сарын 10 гэхэд
тариа хураалт дуусах төлөвтэй байгаа юм байна.
 
Энэ
жилийн цаг агаарын байдлаас шалтгаалан улсын хэмжээнд тарианы болц
долоогоос арав хоногоор оройтож байгааг ҮХААЯ-ны Газар тариалангийн
бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ринчинсэнгэ Төрийн
тэргүүнд танилцууллаа. Буудайн чанарын хувьд өнгөрсөн жилийнхээс илүү
сайн байгаа аж. Цавуулаг 22 хувиас дээш байгаа тул шинэ ургацаас гарах
гурилын чанар сайн байна гэдгийг мэргэжлийн хүмүүс танилцуулж байв.
Цавуулаг, цардуул, шилэнцэр гээд буудайд байдаг үндсэн микро элементүүд
энэ жил сайн бүрджээ.
Улсын хэмжээгээр энэ намар 274 мянган га
талбайн ургацыг 1100 комбайнаар хураахаар тариаланчид шамдаж байна.
Цэрэг дайчид, оюутан залуус үтрэмийн ажилд тусалж байгаа юм. ҮХААЯ-ынхны
танилцуулснаар 404 мянган тонн буудайг улсын хэмжээгээр хурааж авах
урьдчилсан төлөвтэй байгаа аж. 320 мянган тонн буудайгаар дотоодын
хэрэгцээгээ бүрэн хангадаг тул эх орны үйлдвэрийн гурилаар иргэдээ бүрэн
хангах бололцоо бүрджээ. 44 мянган тонн үр нөөцөлж, зарим хэсгийг
тэжээл, спиртийн үйлвэрийн хэрэгцээнд өгөх юм. Харин газар тариалан
багатай баруун бүсийн зарим аймаг импортын гурил хэрэглэх төлөвтэй
байгаа ажээ.
 
 Монгол Улсын Ерөнхийлөгч шатахууны хүрэлцээ,
урамшууллын асуудал, буудайн үнэ зэргийг сонирхож байв. ҮХЯ-ны газрын
дарга Н.Ринчинсэнгийн хариулснаар шатах, тослох материалын хангамж сайн,
Төв аймгийн Угтаал, Цээл, Сүмбэр сумдад бага зэргийн шатахууны дутагдал
байсныг шийдвэрлэж өгчээ. Буудайн үнийг ярьж байгаа, урамшууллыг төсөвт
тусгасан байна.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж буудайн агуулах хэр
хүртээмжтэй байгааг асуулаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 146 мянган
тоннын багтаамжтай, гурилын үйлдвэрүүд 245 мянган тонн, тариаланчид
өөрсдөө 100 гаруй мянган тонн, нийтдээ 440-450 мянган тонн буудай
агуулах хэмжээний агуулах бэлджээ. Японы тусламжаар Төв аймгийн
Угтаалцайдамд энэ сарын 20-доор 36 мянган тонн буудайн шинэ агуулах
ашиглалтад оруулахаар болжээ.
 
Монгол Улсын гавъяат агрономич
Ц.Сүрэнхорлоо техникийн хувьд 30 жилийн өмнөхөөрөө ажиллаж байгааг хэлж
шинэ машин техник, таваас дээш жилийн лизинг, урт хугацаатай зээл
хэрэгтэй, бусад бэрхшээл гайгүй байгааг хэлж байлаа. Тариаланчид жилд
зургаан сар ажиллаж сард сая орчим төгрөгийн цалин авдаг, хувьдаа мал аж
ахуйтай гэцгээж байсан юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
тариаланчдад ажлын өндөр амжилт ерөөгөөд Баянцогт сумын “Зургаан хошуу”
ХХК орохоор мордлоо.
 
Эрүүл хүнсийг таны гарт…
 
 “Зургаан
хошуу” ХХК нь 2008 оноос Баянцогт сумын нэгдүгээр багийн нутаг,
хуучнаар саалийн үнээний Гуна фермийн аж ахуйг сэргээн засварлаж 200
үндсэн мэгжтэй нийт 2500 толгой гахай үржүүлэн өсгөх хүчин чадалтай, 100
хувийн дотоодын хөрөнгө оруулалттай тэргүүлэх зэргийн эрчимжсэн аж ахуй
байгуулан ажиллаж байгаа ажээ. Өнгөрсөн жил өргөтгөл хийж 1000 гаруй
толгой гахайгаар хүчин чадлаа нэмэгдүүлж, өнөөдөр 400 үндсэн мэгжтэй,
3500 толгой гахайтай болжээ.
 
Дотоодын зах зээлд гахайн мах
борлуулахын зэрэгцээ үржлийн чиглэлээр аж ахуй эрхлэгчдэд цэвэр цусны
болон Гетерозис Иоркшир, Ландрасс, Дурок үүлдрийн бүх насны гахай
худалддаг юм байна. Тэжээлийн үйлдвэртээ хоногт 40 тонн гахай, тахиа,
үхрийн бүрэн найрлагат багсармал тэжээл үйлдвэрлэж, фермийнхээ хэрэгцээг
зургаан төрлийн тэжэлээр бүрэн хангадаг болжээ. Хятадаас эрдэнэ шиш
зэрэг тэжээл оруулж ирэн монгол арвай, улаанбуудай, ясны гурил,
тэжээлийн ургамалтай холин багсармал тэжээл үйлдвэрлэж байна. Тус
компанийнхан “Өөрийн үйлдвэрээс эрүүл хүнсийг таны гарт” гэсэн уриа
дэвшүүлэн ажилладаг гэлээ.
 
Нэг мэгж жилд дунджаар 2,4 удаа
төллөж, нэг удаа 10-12 тоорой төрүүлдэг юм байна. Тооройг 28 хоногтойд
эхээс нь тусгаарлан тэжээдэг гэлээ. Зургаан сартайдаа бие гүйцэж
нядалгаанд ороход бэлэн болдог гэнэ. Сард 60 мэгж төллөж, 600 тоорой
гарч, 600 гахай нас гүйцэж нядалгаанд оруулж, жилд 360 тонн мах бэлтгэх
зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг болжээ. Зах зэлийн эрэлт асар их гэж
байлаа. Зөв зохион байгуулж ажиллавал гахайн аж ахуй хөгжих бүрэн
боломжтойг “Зургаан хошуу” ХХК харуулж буйтай Төрийн тэргүүн ийнхүү
танилцлаа.

Стрессгүй үнээнүүд, “шкафтай”  хадлан, био газын халаалт…
 
Үүний
дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Баянчандмань сумын нутаг Сүүлцагаан дахь
“Баянчандмань Милк” ХХК-д очив. Завхан аймагт багш байсан Бадарчийн
Ванчиг гэдэг хүн энэ фермийг ажиллуулж байна. Нийслэлд аж төрж байгаад
хүүхдүүд, ах дүүс,хүргэдтэйгээ фермерийн аж ахуй байгуулж ийнхүү
Баянчандманьд суурьшжээ.

Сүүний аж ахуй эрхэлдэг энэ компани 120
толгой үхэртэйгээс 50 нь Францын Монтбилард үүлдрийн үнээ юм. Нэг толгой
бүр нь 10 сая төгрөгийн үнэтэй. Тал үнэ нь онгоцны зардал гэнэ. Энэ онд
Францаас оруулж ирсэн улаан тарлан үнээнүүд Монголд сайн идээшч үр
төлөө өгч эхэлжээ. Бяруундаа нас гүйцсэн монгол үхрийн дайтай өсгөлүүн
болдог эдгээр үхэр мах, сүүний чиглэлийнх бөгөөд эр тугалыг махны
чиглэлээр бордож хэрэглэх юм байна. Мөн нутгийн 70 толгой хар тарлан
үнээтэй юм.

Сүүгээ хаана нийлүүлдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч
лавлаж байлаа. Өдөрт 20 үнээ сааж дунджаар 200 литр сүү сааж өөрийн ферм
дэх тарагны үйлдвэрт элгэн тараг бүрж нийслэлд сүлжээ дэлгүүрээр
борлуулдаг гэнэ. Нийт 60 га талбайд эрдэнэшиш, царгас тарьж тэжээлд
ашигладаг, хадлангийн иж бүрэн төхөөрөмжтэй, бороожуулагч машинтай, эко
ногоон тэжээл үйлдвэрлэж өдөрт 500 кг-ыг хурааж үхэртээ өгдөг гэлээ. Эко
ногоон тэжээлийг төмөр шкафанд соёолуулж үхэрт өгдөг нь тун өвөрмөц юм.

Үнээгээ
уяж гинжлээд байхгүй, байран дотроо явж усаа ууж, тэжээлээ иддэг,
мааждаг, массаж хийдэг төхөөрөмжтэй гээд тун тухлаг орчинтой. Энэ нь
үнээг стрессгүй байлгаж цусны эргэлтийг сайжрулан сүүний гарцыг
нэмэгдүүлдэг гэж эзэд нь ярьж байлаа.

Түүгээр зогсохгүй үхрийнхээ
аргалаас био газ гаргаж фермээ шалнаас нь халаадаг гээд бүхэл бүтэн
цогц үйлдвэрлэл тэнд явж байна. Харин фермийн дэргэд тэжээлийн ургамал
тариалах газар хомс гэдэг хүндрэл байдаг гэнэ.
 
ХАА-н салбарт
зарцуулахаар Засгийн газраас шийдсэн 170-аад сая ам.долларын бондын
мөнгөөр Францын Монтбилард үүлдрийн үхэр авах ажил эхэлснийг ҮХААЯ-ныхан
энэ үеэр танилцууллаа.
 
 

 
Шилмэл малын үзэсгэлэн үзэв
 
Монгол
Улсын Ерөнхийлөгч Хүй долоон худагт зохион байгуулж буй шилмэл мал,
амьтдын үзэсгэлэн үзэв. ҮХААЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
хамтран Монгол Улсад мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 90 жилийг
тэмдэглэн өнгөрүүлэх, “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний
хүрээнд гойд ашиг шимт үржлийн мал шалгаруулах “Шилмэл мал-2013”
үзэсгэлэн, дудлага худалдааг энэ есдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Хүй
долоон худагт зохион байгуулж байна. Баруун гурван аймгаас бусад аймгаас
40 гаруй үүлдэр, омгийн 600 орчим мал, нийслэлийн дүүргүүдээс 20 орчим
арвин шимтэй үнээ, гахай, шувуу, туулайг үзэсгэлэнд оролцуулжээ.
 
Үзэсгэлэнг
үзэж сонирхсоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй сэтгэгдлээ
хуваалцав. Тэрээр “Мал аж ахуйд хэд хэдэн онцлог байдаг. Нэгдүгээрт,
дандаа өсч үржиж байдаг баялаг. Нөгөө талаас Монголын уламжлал, ёс
заншил, монгол ахуйг авч явдаг. Хөдөө аж ахуйн салбарын нэг онцлог бол
хамгийн том ажил олгогч юм. Монголын хүн амын 40 хувьд мал аж ахуй,
газар тариалангийн салбар ажил олгодог. Уул уурхайгаас хавьгүй илүү их
ажил олгож, хүмүүсийг ажиллуулж, амьдралыг нь залгуулж байгаа салбар бол
хөдөө аж ахуй.
 
Эдийн засгийн хүндрэлээс гарах гарц бол
өөрсдийнхөө баялагт тулгуурлан үйлдвэрлэл болгож хувиргах арга юм. Хөдөө
аж ахуй, газар таиалангийн салбар энэ чиглэлд хамгийн том ашиг авчрах
боломжтой. Мах, сүү, газар тариалангийн бүтээгдэхүүн, жимс, хүнсний
ногоогоор хүн ардаа хангаад, цааш нь гадагш зарж борлуулбал гаднаас бага
зүйл авч, хүнд хэрэгтэй эх орны бүтээгдэхүүнээр иргэдээ хангах, гадагш
зарж худалдах зорилт биелнэ. Ам.доллар, валютыг гаднаас олдог болно. Гол
бодлого энд явж байгаа юм. Статистик харахад 500 тэрбум төгрөгийн
бүтээгдэхүүнийг бид гаднаас авч байна. Энэ бол 400 гаруй сая ам.доллар.
Асар их хэмжээний мөнгө гадагшаа гарч байна. Үүнийг дотоодоосоо, хөдөө
аж ахуйн бүтээгдэхүүнээс олох боломжтой.
 
Энэ жил газар тариалан
сайн байна. Тариагаа хугацаанд нь хурааж авах боломжтой байна. Яам,
холбогдох газрууд тал талаасаа анхаарал тавьж сайн ажилласан байна. Бид
хөдөө аж ахуй, мал аж ахуй руугаа онцгой анхаарах шаардлагатай. Засаг,
төрийн зүгээс тодорхой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.
 
Шилмэл
малын үзэсгэлэнг нийслэлийнхэнтэйгээ хамтарч хийж байна. Дахин хэд хоног
энэ үзэсгэлэн үргэлжилнэ. Залуучууд, хүүхдүүд, нийслэлийнхэн ирж
үзэцгээж байна. Мал сүрэг, уламжлалтайгаа танилцах боломж бүрдэж байна.
Их баярлалаа” гэлээ.
 
Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төв аймгийн зарим сумдад хийсэн томилолт өндөрлөв.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж