Дэлхийн банк төслийн гүйцэтгэлийг үнэлэв

Хуучирсан мэдээ: 2013.09.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк төслийн гүйцэтгэлийг үнэлэв

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Аксел ван Троценбург болон бусад төлөөлөгчид өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний бямба гаригт Төв аймгийн Баянчандмань суманд зочлон, хэрэгжиж буй төслүүдийнхээ үр дүнтэй танилцлаа. Төв аймгийн Баянчандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургууль 650 гаруй сурагчтай бол цэцэрлэгт нь 160 орчим хүүхэд хүмүүжиж байна. Тус сум аймагтаа газар нутгийн хэмжээ бага ч хүн амынхаа тоогоор тэргүүлдэг сумдын нэг юм. Дэлхийн банк Монгол Улсад “Read” буюу хөдөөгийн боловсролыг дэмжих, бага насны сурагчдыг номтой нөхөрлүүлэх хөтөлбөр болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, амьжиргааг дэмжих зорилготой “Тогтвортой амжиргаа 1, 2” төслийг хэрэгжүүлж буй юм.


Ноён Аксел ван Троценбург тэргүүтэй Дэлхийн банкны төлөөлөгчид хамгийн түрүүнд Баянчандмань сумын 12 жилийн дунд сургуулиар зочиллоо. Баянчандмань сумын энэхүү сургууль бол хөдөөгийн боловсролыг дэмжих “Read” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн манай улсын 390 сумын нэгэн жишээ юм. Энэхүү төсөл, хөтөлбөрийн үр шимээр дунд сургуулийн1-5 дугаар ангиуд “Ангийн номын сан”-тай болжээ. Ингэснээр сурагчид тавдугаар анги төгсөхдөө 200 орчим ном уншиж амждаг байна. Баянчандмань сумын дунд сургуулийн сурагчид өнгөрсөн жил аймагтаа зохиогдсон номтой нөхөрлөх аянд амжилттай оролцож, “Тэргүүний уншигч сургууль” болсон гэх таатай мэдээг энэ үеэр дуулгаж байв.

“Бид бага насны сурагчдад зөвхөн ном өгч заавал уншуулахыг урьтал болгодоггүй. Бага насны хүүхдүүдэд ном өгч, албадан уншуулах нь зохимжгүй хэрэг. Энэ бол хоцрогдсон арга барил. Харин бага насны сурагчдыг хэрхэн ном унших дуртай болгох тал дээр ангийн багш нараар нь дамжуулан маш үр дүнтэй ажиллаж байгаа. Багш нарыг сургалтад хамруулж, бага насны хүүхдүүд ямар номонд дуртай байгааг нь судалсан. Тэгээд сургуулийн захирал, ангийн багшид ийм хэмжээний мөнгөнд тааруулж, ном захиална уу гэсэн санал хүргүүлдэг. Энэ мэтчилэн монгол орны өнцөг булан бүрээс 300 гаруй сумаас ирүүлсэн саналыг нэгтгэн, номоо авч, сумдад хүргүүлсэн. Номоо авахдаа олон улсын стандартад нийцсэн, гол нь хүүхдийн анхаарал татсан, тэдэнд сургамж болохуйц номыг сонгодог. Одооорон нутагт “Read” хөтөлбөрийг мэдэхгүй багш, сурагч, эцэг эх гэж байхгүй” хэмээн Хөдөөгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн зохицуулагч Д.Хишигжаргал ярьж байлаа.


Дэлхийн банкны төлөөлөгчид хэрэгжиж буй хөтөлбөрийнхөө талаар сумын удирдлагуудтай уулзаж, санал солилцоод, Баянчандмань сумын 12 жилийн бүрэн дунд сургуулийн 3б ангийн сурагчидтай халуун яриа өрнүүлсэн юм. Дөнгөж найман настай бяцхан жаалууд төслөөр ирсэн номоосоо уншиж сууна. Энэ ангийн сурагчид өнгөрсөн жил аймгийнхаа "Номтой нөхөрлөе"  уралдаанд оролцож, хоёрдугаар байрт шалгарчээ. Тэд шинэ номоо Дэлхийн банкны төлөөлөгчдөд уншиж өгөн, зуныхаа амралтаар тохиолдсон зүйлсээ бяцхан ном болгон хийснээ дурсгасан юм.

"Төсөл бол эргэн төлөгдөх өр биш, эх оронд бүтээн байгуулалт авчирна гэгддэг бонд ч биш. Тиймээс хүүхдийн боловсролыг дэмжсэн, маш үр дүнтэй төсөл хэрэгжүүлсэн бүх хүмүүст баярлалаа" хэмээн сургуулийн багш нар сэтгэгдлээ илэрхийлж байв.

Дэлхийн банкны төлөөлөгчдийн дараагийн зочилсон газар бол  сургуулийн Номын сан. Өчигдөр амралтын өдөр байсан тул номын сан "амарч" байлаа. Түүнээс хичээлийн өдрүүдэд тэр танхимд хоосон суудал олддоггүй гэнэ. Эндхийн номын сан их тохилог, цэвэрхэн,  сайхан орчинтой юм билээ. Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Аксел ван Троценбург номын санчаас “Хүүхдүүд орчин сайжрахаар ном унших сонирхолтой болж байна уу, эсвэл шинээр ном ирсэн болохоор татагдаж байна уу” гэдгийг сонирхон аасууж байв. Номын санчийн хэлснээр тус сургууль номын сан, биеийн тамирын заалгүй байжээ. Харин орчныг нь бүрдүүлж өгөөд, шинэ сонин ном, товхимолоор хангаад иртэл хүүхдүүд аяндаа уншиж, мэдэх хүсэл, тэмүүлэл нь нэмэгддэг гэдгийг тэрбээр Дэлхийн банкныханд тайлбарлана лээ.



Ингээд сургуулийн сурагчид Дэлхийн банкны ах, эгч нараа урьж, сурагчид бяцхан тоглолт үзүүллээ. Тоглолтын үеэр сурагчид сургамжит үлгэрээр жүжигчилсэн тоглолт хийв. Нэгэн сармагчны зулзага жимсийг угаалгүйгээр идээд гэдэс нь өвдөж буй талаарх үлгэр. …Өвдсөн сармагчинг найзууд нь эргэж ирэхдээ сагс дүүрэн жимс авчирчээ. Өөрөө өвдсөн болохор сармагчин өнөөх жимсийг заавал угааж идэхийг найзууддаа захиж байгаа өгүүлэмжтэй, хөөрхөн зохиомж байв. Бага насны хүүхдүүд энэчлэн төслийн номны сургамжит үлгэрүүдээс олон зүйлд суралцаж байгааг Дэлхийн банкны төлөөлөгчид ихэд  сайшаана лээ.

Бага ангийн сурагчдыг номтой нөхөрлүүлэх энэхүү хөтөлбөрт Монгол орны бүх сумын 130 гаруй мянган хүүхэд хамрагджээ. Үр дүнгээ өгч байгаа эл хөтөлбөрийг Боловсрол, Шинжлэх ухааны яам цааш үргэлжлүүлэхээр болсон гэх таатай мэдээг энд бас дуулгая.

Үүний дараа Дэлхийн банкныхан “Тогтвортой амжиргаа 1, 2” төсөл хэрэгжиж буй малчдынхаар зочлохоор цааш хөдөллөө. Энэхүү төслийн хүрээнд малчид бүлэг болон, хадлангийн талбай байгуулснаа танилцуулав. Хадлангийн талбайгаа тусгайлан хашиж, хамгаалснаар илүү их хэмжээний өвс бэлтгэх боломжтой болсныг малчид ярьж байлаа.

Ноён Аксел ван Троценбург тэргүүтэй төлөөлөгчид малчидтай уулзсаныхаа дараа хэрэгжүүлсэн, хэрэгжиж буй төслийнхөө үр дүнгийн талаар ийнхүү дүгнэлээ.

-"Бид Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүнтэй уулзахдаа Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр өгөөжөө өгч байгаа талаар сонссон. Өнөөдөр төслийн хэрэгжилттэй газар дээр нь ирж танилцлаа. Иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Төсөл, хөтөлбөрүүд үр дүнгээ өгч буйг харлаа. Хэнд юу хэрэгтэй байна, түүнийг нь өөрсдийн санаа бодлыг тусгуулан бусдад тусласнаар иргэд зорилгодоо хүрэхэд илүү амар болно. Төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, эзэндээ хүрч байгааг харахад үнэхээр сайхан байна. Та бүхэн маш сайн ажилласан байна. Цаашид олон нийтийн оролцоог нэмэгдүүлсэн, иргэдийн амьжиргааг дээшлэхэд чухал шаардлагатай байгаа төсөл, хөтөлбөрүүдийг бид бүх талаар дэмжин ажиллах болно"  хэмээн Зүүн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Аксел ван Троценбург хэлсэн юм.

"Та бүхэн сайн ажиллажээ. Бид бүх талаар дэмжих болно"… Энэ бол Дэлхийн банкнаас бидэнд өгч байгаа маш сайн үнэлгээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж