
Харин Тайвань улсад Усаги далайн хар шуурганы улмаас онгоцны нислэг, далайн тээврийн үйл ажиллагааг цуцалсан ба өмнөд, зүүн эргийн бүс нутагт онц байдал тогтоон сургууль, албан байгууллагуудыг хаажээ. Тайваний Батлан хамгаалахын сайдаас мэдээлснээр далайн хар шуурганы гамшигт өртөх хамгийн их магадлалтай газруудад аврах, нүүлгэн шилжүүлэх үүрэг гүйцэтгүүлэхээр 1600 гаруй цэргийн албан хаагчийг томилж, 24000 албан хаагчийг бэлэн байдалд байлгаж байгаа гэнэ. Одоогоор далайн хар шуурганы гамшигийн бүсээс 2500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм байна. Тайванийн цаг уурын албанаас мэдээлснээр далайн хар шуурганы улмаас тус улсын зарим хэсэгт 1.2 метр хүртэлх хэмжээний хур тунадас орох төлөвтэй байгаа гэнэ.
Түүнчлэн АНУ-ын Атлантын далайн хар салхины төвөөс мэдээлснээр Усаги хар салхины хүч өнөөдөр оргил үедээ цагт 300 км хүрч шуурах аж. Усаги хар салхи өнөөдрийн байдлаар Филиппин, Тайванийг дайран өнгөрч, Хятадыг шууд чиглэж байгаа аж. Далайн хар шуурганы гамшигт Хятадын Гуандун, Зежян, Фужян зэрэг мужууд өртөх магадлалтай ба эргийн бүс нутгуудаас 4000 гаруй хүнийг түр хорогдох байр руу нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн Хонг Конгийн албаныхны зүгээс ард иргэддээ хандан Усаги хар салхины нөлөөгөөр үер, хөрсний нуралтын гамшиг тохиолдохыг анхааруулжээ.