Өвлийн бэлтгэлээ хангаарай

Хуучирсан мэдээ: 2013.09.21-нд нийтлэгдсэн

Өвлийн бэлтгэлээ хангаарай

Муу ёрлож биш, анхааруулж байгаа юм шүү, малчид аа. Энэ өвөл ерөнхийдөө олон жилийн дунджаас ахиухан цас орж, хүйтэн байх бололтой.

Өнөөдрөөс буюу энэ сарын 22-ноос ихэнх нутгаар, 23-нд Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орох гэнэ. Салхи 22-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 23-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх бол 22, 23-нд хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулав.

Хуулиар ташуурдан үргээчихсэн хөрөнгө оруулагчдаа эргүүлэн татахын тулд Монголын төр энэ өдрүүдэд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна. Чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд  үргээсэн хөрөнгө оруулагчдаа эргүүлэн татахын тулд боломжит бүхий л хувилбарыг судалж байна.   Уул уурхайн салбарын олборлолт, ашигт малтмалын экспортын орлого дээр тулгуурладаг Монгол Улсын хувьд байдал бүр хүндэрлээ гэхэд найдлага тавих нэг салбар нь хөдөө аж ахуй. Тэр тусмаа олон жил мал аж ахуйн салбараасаа хамааралтай байсны хувьд өнөөдөр ч энэ салбарын үйл ажиллагаа Монголын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, суурь инфляцийн өсөлт, бууралтад хамгийн ихээр нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүн нь мах. Дөч гаруй сая малтай Монгол Улсын нийслэлийн иргэд нэг килограмм махыг 10 мянган төгрөгөөр худалдан авч байна. Гэтэл зуд болчихвол махны үнэ өснө, иргэдийн амьдрал бүр ч хэцүүднэ. Тиймээс тэнгэр хангай сайхан байгаа дээр өвлийг өнтэй давах бэлтгэлээ базаах хэрэгтэй байна.   

Эдийн засагт үүсээд байгаа доголдлоо эмчилтэл  монголчууд ногоо цагаа, мал хуйгаа цас бороонд алдчихгүй юмсан.   Ус, цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар  энэ өвөл олон жилийн дунджаас ахиухан цас орох төлөвтэй байгаа аж. Тодруулбал, энэ жилийн хувьд  агаарын температур арав, арваннэгдүгээр сар, хоёр, гуравдугаар сард баруун зүгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.  Харин арванхоёрдугаар сард төв, зүүн зүгийн ихэнх нутгаар, нэгдүгээр сард төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн хойд, баруун зүгийн нутгийн өмнөд болон зүүн хэгээр олон жилийн дунджаас 1.0-2.0 градусаар хүйтэн байх дүн мэдээ гарсан байна. Аравдугаар сард баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 11, 12, нэгдүгээр сар болон гуравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох гэнэ. Энэ зун ихэнх нутгаар хур бороо их орсноос ихэнх нутгаар зуншлага сайн байсан бөгөөд бэлчээрийн даац нийт нутгийн 70 гаруй хувьд хэвийн байгаа аж. Харин үлдэж буй газар нутагт бэлчээрийн даац хангалтгүй тул  хадлан тэжээл бэлтгэх, татаж байршуулах, отор нүүдэл хийх ажлыг цас орж, цасан бүрхүүл тогтох, уул даваа хаагдах, эрс хүйтрэхээс өмнө оновчтой зохион байгуулах шаардлагатайг Онцгой байдлын газрынхан анхааруулж байгаа юм.  Хүйтний улирлын цаг агаарын төлөвөөр өвлийн дунд саруудад нутгийн төв болон зүүн хагаст цас ахиу орж, хүйтний эрч чангарч, мал өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг Ус цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүд сэрэмжлүүлж буй.

Намрын сар найм биш болохоор найр, наадам хэсээд  явчилгүйхэн шиг хүйтэн, нойтон болохоос өмнө ногоо цагаагаа хураах, хадлан тэжээлээ бэлтгээд авбал монголчууд бидэнд хэрэгтэй.  Төрөөс хамгийн их халамж, үйлчилгээнд хамрагддаг хүмүүс бол малчид. Ноос, ноолуур арьс ширний урамшуулалыг жил болгон авдаг. Дээрээс нь тушаасан сүү, арьс шир болгондоо урамшуулал авах, бондын мөнгөөр хөдөө аж ахуйн салбарыг тодорхой хэмжээгээр дэмжихээр болсон. Бондын хөрөнгөөр ноос, ноолуурын салбарт 68.8 сая ам.доллар, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 27.7 сая, Улаанбаатар хот болоод 21 аймгийн төвд өвлийн хүлэмжийн аж ахуй бий болгоход 17.7 сая, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.долларыг зарцуулах шийдвэр гаргасан.  Ингэснээр малчдын амьдралд тодорхой хэмжээний дэмжлэг болгон гэдгийг эдийн засагчид ч сайшааж байна лээ. Гэхдээ бүгдийг төрөөс даалгаж, зуд болохоор л хотынхноосоо гуйлга гуйгаал суулгүй найр наадмынхаа асуудлыг хойшлуулж өвлийг өнөтэй давах бэлтгэлээ хэр базааж байна вэ, малчид аа.  

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж