
Зөвхөн “Рио Тинто” компани урт хугацаат их хэмжээний зээл зуучлан өөртөө баталгааны шимтгэл хэлбэрээр 5.7 тэрбум ам.доллар, дээр нь менежмэнтийн төлбөрт болон роялти хэлбэрээр 1.4 тэрбум ам.долларыг нэмэгдүүлэн авч, зээлийн барьцаанд нь Оюутолгой компанийн биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь тавьж, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаа. Тиймээс энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрэв зөвшөөрсөн байвал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох болно гэдгийг энэхүү шаардах бичгээр дамжуулан тэд илэрхийлж байгаа аж. Мөн ойрын хугацаанд УИХ-аар Оюутолгой компанитай холбоотой мэдээллийг сонсох. Ингэхдээ Оюутолгой компанийн Монголын талыг төлөөлж байсан ТУЗ-ийн экс гишүүдээс мэдээллийг сонсох ёстой гэж УИХ-ын гишүүн Г.Уянга хэллээ.
Мөн тэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэлээр Засгийн газар ажиллах ёстой гэдгийг дэмжиж, маш олон гишүүд дэмжиж гарын үсэг зурсан гэлээ. Үүнд Засгийн газрын гишүүд болох Сангийн сайд Ч.Улаан, Шадар сайд Д.Тэрбишдагва, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар багтсан бол УИХ-ын гишүүдээс О.Баасанхүү, Г.Баярсайхан, Б.Болор, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Б.Наранхүү, А.Тлейхан, С.Одонтуяа, Л.Цог, Ц.Цолмон, Р.Бурмаа, Ж.Батсуурь, Ж.Батзандан нар багтжээ.