
Moto GP-гийн хувьд АНУ-д Лагуна Сека, Индианаполис гэсэн зам дээр хоёр удаа гран-приг зохион байгуулдаг. Харин шинэ зам дээр 10 жилийн гэрээ хийх төлөвтэй байгаа. Тэгж чадвал мотоциклийн тэргүүн ангилал нэг жилийн дотор Америкт гурван удаа айлчлах болж байна.
Moto GP Техаст ирэхэд хамгийн их нөлөөлсөн тамирчид бол 2006 оны дэлхийн аварга Ники Хайдн, Техас мужаас гаралтай Бен Спайс нар юм. Одоо тэд тэргүүлэх мотоциклчдын тоонд зүй ёсоор нэрлэгддэг.
“Дорна Спортс”-ын зохион байгуулж байгаа цуврал уралдааны ерөнхий захирал Кармэло Эзпелета “Бид Moto GP-гийн хуанлид Америкийн тойрог зам нэмэгдэж байгаад үнэхээр баяртай байна. Манай тэмцээнийг авто спортын түүхэн газар Техас хүлээн авах болсон нь нэр төрийн хэрэг” гэжээ.
Moto GP 2011 оны ДАШТ-ий тухайд хоёр гран-при зохион байгуулагдаад байна. Катарт Кейси Стоунер түрүүлсэн бол аварга хамгаалан оролцож байгаа Лоренцо өөрийн эх оронд болсон уралдааны ялагчийн цомыг авсан. Ингэснээр нийлбэр дүнгээр 45 оноотой Лоренцо тэргүүлж, Дэни Педроса 36, Кейси Стоунер 25 оноотой удаалж байна. Харин зохион бүтээгчдийн цомд “Хонда”, “Ямаха” багууд адил 45 оноотой явж байна.