”Энержи Ресурс”-д time өгөхөөс арга байгаагүй

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

”Энержи Ресурс”-д time өгөхөөс арга байгаагүй

“Тавантолгой”, “Энержи ресурс” компаниудын нүүрс тээвэрлэлтийг түр
хугацаанд зогсоогоод байгаа. Үүнтэй холбоотойгоор Хонконгийн хөрөнгийн
бирж дээр арилжаалагдаж буй “Mongolian Mining Corporation”-ын хувьцаа
унаж эхэлжээ. Мөн хувьцаа нь Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индексийн
өнгийг тодорхойлж, арилжааны долоо хоногийн тоймд гялалзаж явдаг
“Тавантолгой” компанийн зүгээс ч энэ шийдвэртэй холбогдуулан хөдөлж
эхэлжээ. Тэд өнөө, мар­гаашгүй хувь нийлүүлэгчдийн хурлаа хийх гэнэ.
Хөрөнгийн бирж дээр “Тавантолгой”-н хувьцаа өнгөрсөн долоо хоногт
850-830 мян­ган төгрөг рүү буугаад байгаа. Санхүүгийн зохицуулах
хорооноос тус компанийн хувьцааг зохиомлоор хөөрөгдсөн хэмээн үзсэнээс
хойш хөрөн­гийн биржийн хяналтын сам­бар дээр “TTL” тэмдэгтийн ард
тогт­мол бууралт харагдах болсон билээ.

Сүүлийн үед энэ замыг зогсоосонтой холбоотойгоор эдийн засгийн үр ашгийн
талаар ярих нь олширчээ. Тодорхой тоог холбогдох яамнаас гаргаагүй
байгаа ч тэнд өдөрт хоёр уурхайгаас 500-1000 гаруй машины нэг бүрт нь
120 хүртэлх тонн нүүрс ачдаг. Нэг тонн нүүрс 25-45 ам.доллар. Үүнийг
гурван сарын хугацаанд гэж бодвол нэлээд их мөнгө ярих хэрэг гарна.
Гэхдээ бодит байдал дээр тонн нүүрснээс улсад орох татварын орлого нь
1500 төгрөг байдаг юм билээ. Тэгэхээр татварын орлогоосоо гурван сарын
хугацаанд татгалзахад буруутах юу байхав. Зам тээвэр, барилга хот
байгуулалтын сайд нүүрс тээвэр­лэлтийг зогсоохыг үүрэгдсэн хүний хувьд
энэ байр сууриндаа бат зогсоно хэмээжээ. Харин Эрдэс бая­лаг, эрчим
хүчний сайд Д.Зоригт, “Авто замын газраас энэ удаад ямар шалт­гаанаар
тээвэрлэлтийг хаасан бэ гэд­гийг бид албан ёсоор тодруулна” хэмээн
саяхан хэвлэлүүдэд ярьж бай­сан санагдана. Сайдын хувьд ямар шалтгаанаар
тээвэрлэлтийг хаах ёстой, хаах хэрэгтэй нь тийм тодор­хой биш байгаа
бололтой.
Говь гэмээнэ говь байхаа больж, битүү шороон дунд харагдах ганц, хоёр
монгол гэрт хятад хүмүүс амьдарч юань, төгрөгийн наймаа эр­хэлж байна.
Хэдэн зуугаараа салаалсан шороон замын өргөн нь километр хүрч, жолооч
нар урдах машинаа харж чадахгүй осолд орж байна. Ухаахудагаас
Гашуунсухайт хүрэх замд өнгөрсөн онд 31удаа зам, тээврийн осол гарснаас
23 хүн нас барсны 20 нь монгол хүн байсан зэрэг наад захын жишээ энэ
замыг хаах хэрэгтэйг хэлээд байгаа санагдана.

Тавантолгойгоос Гашуунсухайт хүр­тэлх шороон замаар нүүрс тээвэр­лэхийг
зогсоох шийдвэрийг гаргах хүртэл  Монголоос Хятад руу том оврын хүнд
машинууд 20 километрийн урт цуваа үүсгэн өдөр шөнөгүй нүүрс зөөсөөр
байсан. Мөн манай улсад мөрддөг стандартыг хоёр дахин илүү буюу 120
хүртэлх тонн болгож нүүрс ачсан ачааны машинууд явж байв. Гэтэл тэрхүү
зам нь 44-хөн тонны даацтай аж. Ингээд дуусахгүй “Тавантолгой”-оос нүүрс
тээвэрлэхээр тус бүр нь 100 сая төгрөгийн үнэтэй аварга техникүү­дийг
урд хөршөөс оруулж ирэхээр зэхэгсэд олон болжээ. Бага хугацаанд их нүүрс
гадагш нь зөөхийг урьтал, зорилгоо болгосон нүүрс олборлогчид нүүрс
тээвэрлэх санаа гаргагчдыг хүлээн авахдаа нэлээд дуртай байдаг гэсэн.
Нүүрс тээвэрлэгчид гаалиар оруулж ирэх машинаа хэрхэн бага
тат­вартайгаар оруулахаа ч мэддэг болжээ. Тухайлбал, хүнд даацийн цоо
шинэ ачааны машинаа дугуй, тэвшээр нь салгаж, сэлбэг хэмээн бага
татвартайгаар оруулж ирдэг гэнэ.

Өнгөрсөн онд Засгийн газрын 348 тоот тогтоол гарч тээврийн сал­барт
компани бүр ажилчдынхаа тав хүртэлх хувийг гаднаас авч болно хэмээн
заасан. Гэхдээ одоохондоо энэ тогтоол бүрэн дүүрэн үйлчлээд байгаа юм
алга. Уурхайгаас урд хөрш рүү нүүрс тээвэрлэж байгаа иргэ­дийн дийлэнх
нь хятад хүн байсаар байгаа. Мөн Цагаанхаднаас цааш монгол хүн нүүрс
тээвэрлэвэл шоронд хийчихдэг гэсэн яриа ч бий.

Гэхдээ энэ удаад 250 орчим километр замыг хааж, зассанаар говьд болж буй
тээврийн асууд­лыг бүрэн шийдэж чадахгүй бололтой. Есөн метрийн
өргөнтэй энгийн л цардмал зам байх нь. Гадны туршлагаас харахад нүүрс
тээвэрлэх хүнд техникт зориулсан тусгай зам тавьдаг гэсэн. Харин манайд
ийм зам нь ч, төмөр зам нь ч ашиглагдах болоо­гүй.  Ямар ч байсан эхний
ээлжинд олон хүний амь насыг эрсдэлд оруулж буй нөхцөл байдалд дүгнэлт
гар­гаж, хүнээ харсан зохицуулалт хийх нь чухал байгаа аж. Мөн богино
хугацаанд их хэмжээний нүүрс гаргахыг бодохоос илүүтэй замын нөх­цөл
байдал, техникийн чадлаа анхаарах хэрэгтэй болоод байгаа юм.

Т.Есөн-Эрдэнэ


Зохиогчийн эрх:

"Улс
төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж