
Гэхдээ жаахан хэмжээ хязгаар, цаг үе, тооцоо судалгаа гэж юм байвал арай зүгээр юмсан. Эдийн засгийн байнгийн хорооны хуралдаанд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга нэгэн сүртэй мэдэгдэл хийв. Тодруулбал, “Монголбанк валютын ханшийг барьж чадахгүй байна. Ингэж валютын ханшийг өндөр байлгаад байгаа нь томоохон хуйвалдаан байж болох юм. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд хариуцлага тооцож, огцруулах хэрэгтэй” гэв. Үгүй ээ, яахав тэр Н.Золжаргал гэж ноёнтныг хэзээ яаж ч огцруулж, муулж болно. Гагцхүү эдийн засгийн мөчлөг, шилжилтийн ийм үед гол гол байгууллагын удирдлагуудыг халж, солиод байх нь хэр зөв бэ гэх асуулт гарч ирж байна. Харамсалтай нь Г.Уянга гишүүний илэрхийлж буй тэр байр суурь, үйлдэл нь эдийн засгийн мэдлэг арай дутмаг, хэт хуучинсаг сэтгэлгээгээр хандаад байна уу гэх бодол төрүүлэх аж. Хэрэв мөнгөний бодлогыг тодорхойлогч гол субьект Монголбанкны одоогийн баг ингэж ажиллаагүйсэн бол Монголын эдийн засагт аль хэдийнэ хямрал жинхэнэ утгаараа нүүрлэх байлаа. Тоон дүнгээс харвал 2011 оны дөрөвдүгээр улирлаас эхэлж гадаад худалдааны нөхцөл огцом муудаж эхэлсэн байна. Улмаар 2012 оны дөрөвдүгээр улирлаас эхэлж эдийн засгийн цаашдын нөхцөл хүндрэх нь тодорхой болсон аж. Тухайн үед ажлын байрыг хадгалж үлдэх, тодруулбал, барилгын салбарыг уналтад оруулахгүй 177 мянган хүний орлогыг тогтвортой байхын тулд дэд хөтөлбөрүүд хэрэгжүүлж, санхүүжилт хийж байсныг хэвлэлээр өмнө нь өчнөөн мэдээлж байв. Магадгүй төв банкныхан, эдийн засгийн цаашдын сөрөг үзэгдлийг урьдчилж тооцоолон арга хэмжээ аваагүй байсан бол юу болох байсныг төсөөлөхөөс ч аймаар.
Нөгөөтэйгүүр энэ оны эхний улирал Монголбанк 2.8 их наяд төгрөг нийлүүлсэн нь -10.9 хувьд хүртэл унах байсан мөнгөний нийлүүлэлтийг барьж чадсан хэрэг. Үнэндээ хаана ч гэсэн сайн боловсон хүчин байгаад муу удирдагч байвал ажил нь ямар ч амжилтад хүрэхгүй гэдэг. Түүнчлэн Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарыг муу ажилласан, халах солих хэрэгтэй хэмээн хэд хэдэн гишүүн ам гарсан.
Эцсийн дүндээ эдийн засгийн нөхцөл УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдааныг зарлан хуралдуулах хэмжээнд хүртлээ муудсан нь хоёр, гурван удирдлагын буруугаас биш улстөрчдийн нийт масс, өмнөх Засгийн газрын гаргасан алдаанаас болсон гэдгийг хэн ч гэсэн мэдэж байгаа.
Мөн “Мэргэжлийн бус улстөрчид эдийн засгаар хэт оролдвол хямралыг өдөөх хамгийн аюултай үзэгдэл болдог” гэдгийг ном, товхимолд нь дурьдчихсан байдаг юм билээ. Яахав дээ, өмнөх шиг инфляци өслөө бодлогын хүүгээ нэмэх, хасах, учир зүггүй мөнгө нийлүүлэх, танах ганц, хоёрхон арга хэрэглэдэг цаг ард хоцорсныг Г.Уянга гишүүн даанч анзаармаар юм. Үүнийг төрийн түшээ та байтугай, онолын мэдлэггүй жирийн иргэн аль хэдийнэ ойлгочихсон байна. Учир нь төв банкнаас нийлүүлсэн мөнгө өргөн хэрэглээний барааг дэмжих биш барилгын салбар зэрэг яг хэрэгцээт салбартаа шингэчихэж буй нь хамгийн зөв хувилбар гэдгийг учир мэдэх эдийн засагч нар нь хүртэл хэлдэг. Магадгүй Н.Золжаргал нарыг албан тушаалаас нь огцрууллаа гэж бодъё. Оронд нь Дорж ч юм уу Дулмаа ирнэ. Шинэ удирдлага нь ажилтайгаа танилцаж, бодлогоо тодорхойлох гэсээр байж дордсон эдийн засгийг сэхэл авахуулах биш бүр “там”-д унагачих аюул учирвал яана. Тэр цагт хариуцлагыг хэн хүлээх юм. Төв банк, холбогдох яамдынх нь шинэ удирдлагууд хүлээх үү. Огцруулах санаачилга гаргасан Г.Уянга гишүүн болон түүний нөхөд хүлээх үү. Тиймээс эдийн засаг ийм эгзэгтэй үед элдвийн лобби битгий хийгээч гэж Монголын ард түмний өмнөөс хүсмээр байна…
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин