
Хэлж болох, болохгүй үг, хэрэглэдэг хэрэглэдэггүй үг хэллэгийн тухайд Ц.Нямдорж гишүүнд бусдыг гоочлоод байх юм байхгүй санагдана. Тэр өөрөө ч “гоё” үгсийг хайр найргүй чулууддаг хүн. Түүний задгай зайдан, замбараагүй яриа хэвлэлийн хуудаснаа үлдсэн нь бий. Тухайлбал, 2005 оны дөрөвдүгээр сард УИХ дахь МАХН-ын бүлгийн хурал дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуваарийн талаар төсөл хэлэлцэх үед тухайн үеийн Ерөнхийлөгчийг “баастай бурхан шиг амьтан” гадаадад айлчлаад тэнээд явдаг” хэмээн хэлж л байсан.
Хууль зүйн сайдаар гурван удаа, дэд сайдаар нэг удаа томилогдож байсан хүн. 2007 онд УИХ-ын дарга байхдаа Ц.Нямдоржийг Ашигт малтмалын тухай хуульд агуулгын чанартай өөрчлөлт оруулсан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэж байсан. Цэцийн дүгнэлт гарснаар ажлаа өгч, спикерийн суудлаас буусан. Энэ явдлаас хойш “хууль засдаг” нэр авсан юм. Суудлаасаа буухдаа “Намайг ийм байдалд оруулж дөнгөсөн Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэц, АН-ын УИХ дахь гишүүд, мөн намайг огцруулах санал өгч байсан МАХН-ын зарим гишүүдэд “баярлалаа”. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ. Туулай гүйцэгдэж л таараа” гэж хэлж байв. Энэ нь түүний хувьд хэлдэг л үг. 2005 оны 11 дүгээр сард УИХ-ын дарга Ц.Нямдорж Сонгуулийн хууль хэлэлцэх үеэр “Би 12 жил хуулийн “бөөс” түүсэн хүн гэж хэлсэн. Мөн л спикерээр ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн С.Оюуныг “Үглэж байгаад хугацаагаа дуусгавал хохь чинь шүү, Оюун аа” гэж загнасан. Энэ мэтчилэн удаа дараа УИХ-ын дарга хүний ёсзүйгүй авирлаж, хувийн үзэл бодлоо гишүүдэд тулгах, маргаантай асуудалд намын байр суурийг хүчээр тулгаж байна гэдэг үндэслэлээр сөрөг хүчнийхэн түүнийг суудлаас нь унагах сэм тохиролцоог ч хийж байсан билээ. Одоогоос гурван жилийн өмнө УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг “Гөлөг шиг орж ирчихээд битгий цор цор гээд бай… Чам шиг нам дагаж золбинтоогүй” гэхчлэн өөрийнх нь тодорхойлсноор задгай зайдан үгийг харамгүй чулуудсан жишээ олон бий.

Ц.Нямдорж УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр “Баянхонгорт зам тавьсан гээд байна. Та нарын ажлаа аваад хийсэн зам 30 км л байгаа. Баянхонгорын зам чинь Жасрай гуайн үед эхэлсэн юм мэдэж байна уу, Н.Батбаяр аа. Та нар шинээр барилга барьж байгаа гэсэн үү. Битгий худлаа ярь. Нисэх, Сэлбэд хэдхэн байшин барьсан. Бүгд өмнөх Засгийн газрын үед эхэлсэн ажил. Ингэж төрийн ажлыг хийх юм бол хоншоор чинь дутна шүү Н.Батбаяр аа” хэмээн дургүйцлээ илэрхийлэв. Баянхонгорын замыг 1992-1996 оны П.Жасрайн Засгийн газрын үед эхлүүлсэн зам юм бол түүнээс хойшхи 20-иод жилд тэр замыг дуусгачих хугацаа байсан уу, байсан. Аль ч Засгийн газарт алдаа оноо байсан. Засгийн газрын гишүүн байж үзсэн, жаргал зовлонг нь мэдэх хүний хувьд энэ удаагийн Засгийн газар руу ингэж агсамнаж байгаа нь сонин л юм даа. Ер нь Ц.Нямдорж гишүүн хамгийн сүүлд хэзээ инээлээ. Санахгүй байх чинь.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин