
Монгол Улсын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож буй байдлаар үзэхэд, дийлэнх хувь нь БНХАУ-д үйлдэгдэж байна. Энэ нь Монголын өмнөд хилээр залгаа ӨМӨЗО-ны Эрээн хотод дээрх төрлийн мансууруулах бодисын хэрэглээ газар авсан, манай улсын иргэд байнга зорчдог, биеэ үнэлэгч, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэд энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэгч гэсэн ангилалд байсан бол сүүлийн 2-3 жилд тээвэрлэгч гэсэн ангилалд хамаарах болжээ.
Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгч нь хилээр гарахын тулд хар тамхи, мансууруулах бодисыг биеийнхээ далд хэсэгт наах, тогтоох зэргээр аргаа улам нарийсгасан талаар олон улсын байгууллагууд мэдээллэдэг. Хилээр мэдэгдэлгүй гарахын тулд зохион байгуулалттайгаар хар тамхи тээвэрлэгчийн биед байрлуулах буюу хоолойгоор нь залгиулах тохиолдлыг ч илрүүлдэг. Тиймээс Дэлхийн гаалийн байгууллагаас энэ мэт сануулга, зөвлөмж тасралтгүй манай улсад ирдэг тухай гаалийнхан хэлсэн. Бидний хувьд хоёр том гүрний дунд оршдгоороо хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэгч, дамлан борлуулагч, дамжуулан өнгөрүүлэгч болохгүйн тулд хяналт шалгалтыг чангаруулах шаардлагатай. Энэ дагуу Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулагт есдүгээр сарын 10-нд улсын хилээр нэвтэрч байгаа зорчигчдын биед үзлэг хийх рентген төхөөрөмжийг суурилуулсан байна. Энэ нь ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн хяналтын хамгийн сүүлийн төхөөрөмж болох тухай албаныхан хэллээ. Үүгээр хүний биеийн дотор болон гадна нуусан обьект, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх юм байна. Төхөөрөмж долоон секундын дотор хүний биеийг толгойноос хөл хүртэл бүрэн шалгах ажээ. Тэгэхээр ходоодондоо нуусан бодисыг ч илрүүлж чадах гэнэ.
Бид янз бүрийн рентген туяанд биеэ харуулахаас цэрвэдэг. Цацрагийн хор хөнөөл их учраас өвчин зовлон тохиолдоогүй л бол рентген туяанаас холхон байвал зүгээр. Тэгвэл хүний биеийг гадна, дотноос нь бүрэн шалгах рентген туяа бүхий төхөөрөмж нь биед ямар ч нөлөөгүй, цацрагийн хор хөнөөлгүй тухай албаныхан онцоллоо.
Төхөөрөмжийг эхний ээлжинд ийнхүү ОХУ-тай Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг боомтын гаалийн хяналтын бүсэд байрлуулсан бол цаашдаа Замын-Үүд, Дорнод, Баян-Өлгий аймгийн хилийн бүсээр байрлуулж, хяналт шалгалтыг чангаруулах юм байна. Ямартай ч хууль бус гэмт хэрэг хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэлт, дамлан борлуулах наймаа цэцэглэхээс сэргийлж нэг сая орчим ам.долларын өртөгтэй төхөөрөмжийг гаалийн хяналтын бүс ашиглах боллоо.