
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Шадар сайд М.Энхболд нар Н.Энхбаяр хаана байна, тэнд хамгийн өндөр албан тушаалыг хашиж байсан. Харин Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын хувьд хүссэн, хүсээгүй нэг завин дээр хөвсөөр олон жилийг ардаа орхижээ. Олигархиудын эсрэг тэмцэх Н.Энхбаярынхны тэмцэл цаанаа томоохон өс хадгалсан нь холоос үнэртэж байна. Их хуралдайнхан, МАХН-ынхан санхүүгийн бэрхшээлтэй байгаа нь илхэн харагдаж буй. Учир нь Н.Энхбаяр сэрүүн тунгалаг хэвээрээ боловч албан тушаалтайгаа хамт хамаг спонсор компаниудаа алдсан. Тиймээс өөрөөс нь урвасан өнөөгийн олигархиудтай дайн зарлахад Н.Энхбаярт алдах юмгүй. Түүнд аймшигтай үнэн баримтууд агуулагдаж буй учраас тэр өөрийгөө тэсрэх бодистой зүйрлэчихээд инээд алдаж суугаа нь тодорхой. Тухайн үед жижигхэн ТҮЦ-ээс эхлээд их л бодож мануфактур ажиллуулж байсан нөхөд өнөөдөр тэрбумтан болчихоод нүүр буруулж буйг тэр яахин зүгээр орхих билээ. Н.Энхбаярын 15 өстөн, их хуралдайгаас тодруулсан 15 олигархид ижил төстэй нэг л чанар бий. Тэр нь Н.Энхбаярын дургүйг хүргэсэн явдал. Ямар шалтаг, шалтгаанаар гэдэг нь өөр өөрийн онцлогтой. Энэ талаар “олигархи” тус бүр дээр задлан шинжилгээ хийх ёстой болов уу.
1. С.Баяр. Н.Энхбаярын үзэж байгаагаар бол С.Баяр 2009 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар санаатайгаар муу ажиллаж, ялагдуулсан. Ил үзэгдэх шалтгаан нь Оюутолгойн гэрээг батлах үед Засгийн газрыг тэргүүлж байсан. Тийм учраас тэр олигархи “болсон” бололтой.
2. С.Батболд. Н.Энхбаяр С.Батболдыг улс төрд хөтлөн оруулж, “гарыг нь ганзаганд” хүргэсэн байтал намын нэр солигдох тэр үеэс эхлэн зангаа хувиргаж, МАН-МАХН-ын хоорондын тэмцэл эхэлсэн учраас ахан дүүс хэвээрээ үлдэх боломжгүй. Хамтарсан Засгийн газрыг буруутгаад С.Батболдыг зөвтгөх нь логик утгаараа ч тэнэг хэрэг болно. Дээр нь “Зууны мэдээ” сонинд хамтран хөрөнгө оруулдаг байсан Н.Энхбаяр, С.Батболд нарт мөнгөний маргаан огт байгаагүй гэхэд итгэмээргүй.
3. С.Баярцогт, Л.Гансүх нарыг Оюутолгойн гэрээг байгуулсан учраас хулгайч, олигархи гээд цоллочиход энэ нэр хочиндоо чих дөжирсөн тэд нэг их ач холбогдол өгөхгүй нь тодорхой. Оюутолгойн гэрээ энэ Засгийн газрыг ганхуулах хамгийн том хөзөр гэж тэд үзсэн болохоор уг гэрээнд гарын үсэг зурсан сайд нарыг олигархи гэж нэрлэлгүй орхиж болохгүй.
4. Харин Д.Зоригт сайдын хувьд дээрх хоёртой Оюутолгойн гэрээний холбоотон мөнөөр барахгүй Чингэлтэй дүүрэгт болсон УИХ-ын нөхөн сонгуульд өөртэй нь ана мана үзэж зориглосон. Өөрийнх нь тэжээсэн бяруу эргэж мөргөсөн нь тэр байлаа. Барын бамбарыг бага дээр нь дарж авахаас өөр аргагүй.
5. Ц.Нямдорж. Саяхан болтол Н.Энхбаярын хамгийн дотны хүн байлаа. Гэвч С.Баярыг өмөөрч хэвлэлээр Н.Энхбаярыг намналцаж удаа дараа хууртаж байсныхаа хариуг авсан юм. Тэрбээр Н.Энхбаярын Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Тагнуулын Ерөнхий газрыг мэдэлдээ авч чадалгүй нэг хууртсан. Дараа нь УИХ-ын даргын суудал сулрахад “Одоо л намайг…” гэтэл С.Төмөр-Очирыг болгочихсон. Хожим нь Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсныхоо дараахан Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болоход нь дэмжлэг үзүүлсэн ч, төд удалгүй огцруулах ажиллагаанд нь гол зааварлагчаар ажилласан гээд лав арав гаруй жилийн өс хонзон бий гэж хэлж болно.
6. Т.Бадамжунай. “Хадгаламж” банкны хэргээр Т.Бадамжунай, Г.Занданшатар нарыг шалгах ажиллагаа Н.Энхбаярын шууд удирдлага дор зохион байгуулагдсан. Үүнээс болж тухайн үед тэднийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх, улмаар шоронд хийхдээ тулж байв. Эвгүй үед өөрийг нь нэг муу машинаас болж авлигын хэрэгт түлхэх болсныг нь Н.Энхбаяр уучилж чадаагүйгээс ийм захиалгат явуулга хийсэн нь олон нийтэд тун удалгүй тодорхой болсон билээ.
7. М.Энхболд. Хотын даргаар ажиллаж байсан зүгээр л нэг намын идэвхтнийг Ерөнхий сайдаар томилуулахад Н.Энхбаярын урт гар гол үүрэг гүйцэтгэсэн. Гарын дор Ерөнхий сайдтай байх гэсэн төлөвлөгөө нь хол явсангүй. Тэр ч байтугай хууль бусаар арилжсан Асгатын ордын гэрээг М.Энхболдын Засгийн газар олж аваад цуцалсан байхад хэрхэн тэвчих билээ. М.Энхболд үгэнд нь орохгүй зөрүүдлэх, өөрийнх нь “но”-г дэлгэх болсонд эгдүүцсэн Н.Энхбаяр үтэр түргэн замаасаа зайлуулж чадсан.
8. УИХ-ын эрхэм гишүүн, улсын баатар Э. Бат-Үүл. Хэзээ ч таарахгүй хоёр улс төр хэмээх завин дээр яаж 20 гаруй жилийг туулж тэвчсэн юм бэ. Тэдэнд нэгнийгээ “буудчихмаар” үе олон гарч байсан ч тэдний тэмцэлтэйхэн улстөржилт олон нийтэд гоё харагддаг байсан. Мөнхийн шүүмжлэгчээ олигархиар нэрлэж, нэг удаа ч гэсэн хариугаа авахад болохгүй нь юу байх вэ.
9. Зөвхөн Ардын намынхан л олигархи байдаг гээд цоллочихоор өөрийнх нь тарьсан үр хэрхэн соёолсны нэг хэлбэр болох нь тодорхой. Тиймээс Г.Батхүү, Л.Болд, Ч.Сайханбилэг нарын тухайд олигархийн тоонд намаа төлөөлж нэрлэгдсэн гэж хошигнож болох юм. Нөгөөтэйгүүр “УИХ-ын дарга, дэд дарга нар ба Засгийн газар” гэсэн томьёоллоор олигархиудаа багцалж нэрлэсэн учраас хөөрхий Д.Дэмбэрэл дарга хүртэл жагсаалтад багтчихаж. Олон жил төрд зүтгэсний хувьд овоо ашигтай ажилласан нь тодорхой ч бусадтай нь харьцуулахад “Тоон дунд үсэг цохиж явна” гэдэг шиг л харагдах аж.
Ийнхүү эрт, эдүгээгийн өстнүүдээ нэрлэн, олон нийтэд шударга болж харагдах Н.Энхбаярын улс төр хүчээ авч байна. Тэрбээр хэзээ нэгэн цагт тэсрэх нь тодорхой байсан ч ийм ядмагхан хүч, аргаар гараагаа эхэлнэ гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. Олигархиудыг олигархи л устгадгийн тод жишээг Монголд Н.Энхбаяр харуулах нь энэ. Төрүүлсэн хүүхдийнхээ өөдөөс буу шагайх эцэг мэт эвгүй гэдэг нь.
Зохиогчийн эрх:
"Улс
төрийн тойм" сонин