АН, МАН зөвшилцөхөөр болж, чуулган завсарлав

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

АН, МАН зөвшилцөхөөр болж, чуулган завсарлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцээд, хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын
томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 45 гишүүний 38 нь буюу
84.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт
бэлтгэлүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөлд барилга барихад шаардагддаг түүхий эдүүд болох элс, хайрга, дайрга, тоосгоны шавар зэргийг олборлох бол орон нутгаас зөвшөөрөл авахаар зааж өгчээ. Энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд "Болгоомжтой хандах ёстой" гэсэн байр суурь баримталлаа. Учир нь зөвшөөрөл авах компаниудад хүнд суртал үүсгэж болзошгүй гэж тэд үзсэн бол Уул уурхайн сайд "Хүнд суртал үүсгэхгүй" гэх хариулт өгч байлаа.

Энэ өдрийн хуралдаанаар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан ч эдгээр хуулийн төслүүд дээр тодруулах зүйл байгаа тул Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороод хамтарсан Ажлын хэсэг гарган ажиллуулж хэлэлцэх эсэхийг шийдвэрлэн чуулганы хуралдаанд оруулах чиглэлийг УИХ-ын дарга өгөв.

УИХ дахь МАН-ын бүлгээс ч мөн дээрх хуулийн төслүүд дээр хоёр намын бүлгээс гишүүд оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, тодорхой асуудал дээр судалгаа хийж, тооцоогоо нийлүүлэх шаардлага байна гэж үзэж байгаагаа өнөөдрийн хуралдаанд танилцуулсан юм. УИХ-ын даргын зүгээс уг саналыг хүлээж авсан тул УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй МАН-ын бүлэг зөвшилцөх уулзалт хийхээр боллоо. Үүгээр ээлжит бус чуулган өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж