Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтлээ

Монголын эдийн засагт үүссэн хүндрэлээс гарахын тулд зарим нэг хуулиудад өөрчлөлт оруулах замаар Засгийн газар тоглоомын дүрмэндээ өөрчлөлт оруулахаар болж байна. Хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн зарим хуулиудыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж, цаашдаа эдийн засагт орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг засч залруулахаар Монголын засаг төр ажилдаа оржээ. 

Эдийн засагт үүсээд байгаа асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй ч гэсэн арга зам нь тодорхой байж чадвал “өвчинг” нь эмчлэх бүрэн боломжтой. Эд хөрөнгө алдвал багыг, нэр хүндээ алдвал ихийг, эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц гэсэн үг бий. Эрүүл мэндийн салбарын алдаа дутагдлаас болж амь насаа алдсан иргэдийг эргээд амилуулж чадахгүй нь ойлгомжтой. Иймээс морь унасан толгойгүй хүн шиг болчихоод байгаа эрүүл мэндийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хиймээр байна.  

Сүүлийн үед эмч мэргэжилтнүүдийн алдаа дутагдлаас болоод амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарах болсон. Үндэсний статистикийн гаргасан мэдээгээр улсын хэмжээгээр энэ оны эхний найман сарын байдлаар 662 нялхасын эндэгдэл бүртгэгдсэн байна. Он гарсаар 0-5 насны 150 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад есөн хүүхдээр илүү аж.

Баримт 1. Баянхонгор аймагт төрсөн нярайг согтуу сувилагч, халуун усанд түлсэн хэрэг шинэ оны өмнөхөн гарсан.

Баримт 2. Өнгөрсөн зун клиникийн нэгдүгээр эмнэлэгт хагалгаагаар төрсөн 25 настай бүсгүйн саванд халдвар орсны улмаас амь насаа алдсан

Баримт 3. Нойрсуулагч эмч  тунг нь хэтрүүлж хийснээс болоод Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бүдүүн гэдэс залгах хагалгаанд орсон хоёр настай хүү амиа алдсан.

Баримт 4. Дорнод аймагт эмийн санчийн буруугаас болж найман настай хүү амиа алдсан байна.

Энэ бүхэн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа болон Эрүүл мэндийн сайд Н.Удвалын ажлын нэг үзүүлэлт юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт дорвитойхон шинэчлэлт хийгдээгүйг эмнэлгийн салбарынхан нь ч өөрсдөө шүүмжилдэг. Дэд сайд Ж.Амарсанаа Эрүүл мэндийн яам хууль бусаар томилогдсон Төрийн нарийн бичгийн даргын асуудлаасаа болоод өнгөрсөн зун эмнэлгүүдийн засвар үйлчилгээг хийгээгүйгээ нуухгүй байна. Хэл ам, хэрүүл уруултайгаар өмнөх Төрийн нарийн бичгээ хөөж явуулсан Н.Удвал сайд Ж.Хатанбаатарын оронд А.Эрдэнэтуяаг хууль бусаар томилсноос болоод эрүүл мэндийн салбарт хийх ёстой бүтээн байгуулалтын ажил удааширч буйг, төрөх эмнэлэг, түлэнхийн төвийн барилгын ажлыг шийдэж чадахгүй байгаа нь “манай яамны буруу” гэдгээ дэд сайд нь хүртэл хүлээн зөвшөөрсөн нь Монголын эрүүл мэндийн салбар бодлогоо өөрчлөх болсныг анхааруулж буй. Салбарынхаа бодлогыг тодорхойлж, эмч мэргэжилтнүүдтэйгээ хариуцлага, ёс зүй ярих ёстой сайд нь өөрөө хууль зөрчиж, ажлаа олигтойхон хийхгүй байгаа нь энэ салбарт дээр дооргүй хариуцлагагүйн “зуд” нүүрлэжээ хэмээн дүгнэгдэж байна. Эрүүл мэндийн салбарт хүүхдийн эмчээс эхлээд дэд сайдын албан тушаалыг хашиж явсны хувьд, сэтгэл зүрх, мэргэжил ойрхон болохоор Н.Удвал хатагтайгаас олон зүйл хүсч, хүлээж байсан иргэд битгий хэл эмч мэргэжилтнүүдийн итгэл ч алдарсан. Тэгж ярих юм бол тендер идэж уусан гэгдэж суудлаасаа огцорсон Л.Гүндалай эрүүл мэндийн салбарт тодорхой хэмжээний өөрчлөлт хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй биз. Адаглаад л түүний тоглосон бэлгэвчний сурталчилгаа цаг үеэ олсон реклам байсан. С.Ламбаа гэхэд Эрүүл мэндийн сайд байхдаа эмч мэргэжилтнүүдийн уур цухлыг баран байж энэ салбарын бодлого, хууль эрхзүйн орчинд шинэчлэлт хийсэн билээ. Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд унтаа байдалд орчихоод байгаа эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг Н.Удвал хатагтайтай холбохоос өөр аргагүй биз ээ. Төрөх эмнэлэг, түлэнхийн төв, хүүхдийн эмнэлгийнхээ асуудлыг өнөөг хүртэл шийдэж чадахгүй байгаа түүнтэй салбарын том бодлого, хууль эрхзүйн шинэчлэлтийн талаар яриад нэмэргүй болов уу. Эдийн засагч яах вэ, хэрэлдэж хэлэлцсээр гарцыг олох байх.

Харин элгээрээ хэвтчихсэн эрүүл мэндээ яах вэ?

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж