Мэдээллийн ил тод байдлыг хуульчлах уу?

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Мэдээллийн ил тод байдлыг хуульчлах уу?

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхэлсэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар бид өмнө мэдээлсэн. Хэлэлцэх эсэх нь дэмжигдээд байгаа уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийх ёстой. Тиймээс бид энэ удаа уг хуулийн төслийг бүрэн эхээр нь танилцуулж байна.


Төсөл
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны .. дугаар                                                                            Улаанбаатар
сарын …-ны өдөр                                                                                   хот


МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ
АВАХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл


1 дүгээр зүйл. Хуулийн зорилт   

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.    

2 дугаар зүйл. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль тогтоомж

2.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалтын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг дараахь байгууллагад хамаарна:

3.1.1.Улсын Их Хурлын Тамгын газар;

3.1.2.Ерөнхийлөгчийн Тамгын газар;

3.1.3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;

3.1.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба;

3.1.5.төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага;

3.1.6.шүүх, прокурорын байгууллага /бүх шатны/;

3.1.7.Улсын Их Хурлаас байгуулдаг /Засгийн газраас бусад/ байгууллага;

3.1.8.нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

3.1.9.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

3.1.10.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага;

3.1.11.Олон нийтийн радио, телевиз.
    
3.2.Энэ хууль зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуулын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад хамаарахгүй.

3.3.Төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангахад Байгууллагын нууцын тухай хууль үйлчлэхгүй.
    
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.”иргэн” гэж Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг;

4.1.2.”цахим баримт бичиг” гэж компьютер, компьютерийн программ болон ижил төрлийн бусад хэрэгслийг ашиглан үүсгэх, илгээх, хүлээн авах, хадгалах боломжтой цахим өгөгдлийг;

4.1.3.”тоон гарын үсэг” гэж цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтанд оруулж үүсгэсэн, уг баримт бичгийн нэг бүрдэл хэсэг болох тоон өгөгдлийг;

4.1.4.”тогтмол шинэчлэх” гэж тухайн мэдээллийг 14 хоног тутам нэгээс доошгүй удаа шинэчлэхийг;

4.1.5.”тухай бүр шинэчлэх” гэж тухайн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон, эсхүл мэдээлэл бүхэлдээ өөрчлөгдсөн тохиолдолд уг мэдээллийг 3 хоногийн дотор шинэчлэхийг;

4.1.6.”ойлгомжтой байдлаар байрлуулах” гэж тухайн мэдээлэлтэй танилцах нөхцөл бүрэн хангагдсан байхыг;

4.1.7.”мэдээлэл өгөх зардал” гэж мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх зорилгоор хувилах, олшруулах, шуудангаар хүргүүлэх болон бусад шаардлагатай зардлыг;

4.1.8.”удаа дараа зөрчсөн” гэж мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль тогтоомжийг гурав буюу түүнээс дээш удаа зөрчсөнийг;

4.1.9.”ноцтой зөрчсөн” гэж хууль бусаар мэдээллийг нуун дарагдуулах, мэдээ, баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах, устгах болон иргэний мэдээлэл авах эрхийг бусад хэлбэрээр зөрчсөн нь төр, иргэн, аж ахуйн нэгж, бусад байгууллагад их хэмжээний хохирол учруулсан буюу учруулж болох байсан зэргийг.
        
    5 дугаар зүйл. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах үйл ажиллагаанд баримтлах зарчим

    5.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах үйл ажиллагаанд дараахь зарчим баримтална:

        5.1.1.хууль дээдлэх;

5.1.2.иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

5.1.3.нэгдсэн арга зүйтэй байх;

        5.1.4.хараат бус байх;

5.1.5.мэдээлэл үнэн зөв, бодитой байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Мэдээллийн ил тод, нээлттэй байдал


6 дугаар зүйл. Мэдээллийн ил тод, нээлттэй байдал

6.1.Мэдээллийн ил тод, нээлттэй байдал дараахь төрөлтэй байна:

    6.1.1.үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал;

    6.1.2.хүний нөөцийн бодлогын ил тод, нээлттэй байдал;

    6.1.3.төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдал;

    6.1.4.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдал.

7 дугаар зүйл. Үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал

7.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

7.1.1.эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтцийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;
    
7.1.2.үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн овог, нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.3.үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.4.үйл ажиллагаандаа мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.5.шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг цахим хуудсандаа 30-аас доошгүй хоног ойлгомжтой байдлаар байрлуулж, холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авах, үндэслэлтэй гэж үзвэл төсөлд тусгах;

7.1.6.үзүүлж байгаа үйлчилгээний арга, хэлбэрийг боловсронгуй болгох зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

    7.1.7.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллагад хариуцуулсан тохиолдолд тухайн төрийн бус байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

7.1.8.тодорхой төрлийн аж ахуйн буюу бусад үйл ажиллагаа эрхлэх /тусгай/ зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон хугацаа болон зөвшөөрөл дуусгавар болох хугацааг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.9.салбарын хэмжээнд улсын болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явц, байдлын талаархи мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх;

7.1.10.хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.

8 дугаар зүйл. Хүний нөөцийн бодлогын ил тод, нээлттэй байдал

8.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол хүний нөөцийн бодлогын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

8.1.1.сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх, энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлах;

8.1.2.албан хаагчдын албан тушаалын цалин, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшилтай холбогдох мэдээллийг албан хаагч тус бүрээр гаргаж, цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

8.1.3.албан хаагчийн ёс зүйн дүрмийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

8.1.4.хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж, үнэлэх журмыг цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

8.1.5.хүний нөөцийн удирдлагын ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;

8.1.6.албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлж байх;

8.1.7.хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.

9 дүгээр зүйл. Төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдал

9.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

9.1.1.тухайн жилийн төсөв, урьд оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд дор дурдсан хугацаанд байрлуулан мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх:

9.1.1.1.тухайн жилийн төсвийг жил бүрийн 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;

9.1.1.2.урьд оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор;

9.1.1.3.дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн бүрийн 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор.

9.1.2.жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хангах;

9.1.3.санхүүгийн тайланд нь хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

9.1.4.тухайн жилийн төсөвт нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 14 хоногийн дотор энэ тухай  цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлэх;

9.1.5.зөвхөн хууль тогтоомжид заасан төлбөр, хураамжийг үйлчлүүлэгчээс авч, түүний хэмжээг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

9.1.6.хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.

9.2.Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7, 8 дугаар зүйл, 9.1, 10 дугаар зүйлд зааснаас гадна дараахь мэдээллийг үндэсний хэмжээний өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж, цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулна:

            9.2.1.концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас нь хойш ажлын 14 хоногийн дотор;

            9.2.2.концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг байгуулагдсанаас нь хойш ажлын 14 хоногийн дотор;

            9.2.3.концессын гэрээ байгуулсан тухай бүрт концесс эзэмшигч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаар ажлын 14 хоногийн дотор.

    9.3.Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 7, 8 дугаар зүйл, 9.1, 10 дугаар зүйлд зааснаас гадна нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийн жагсаалтыг тухайн этгээдийн овог, нэрийн хамт цахим хуудсандаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэнэ.

10 дугаар зүйл. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдал

10.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

        10.1.1.ил тод, шударга, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд суурилсан худалдан авах ажиллагааны бодлого баримтлан, энэ тухай цахим хуудсандаа байрлуулах болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлэх;

        10.1.2.тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилгыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулан тухай бүр шинэчлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;

      10.1.3.үнэлгээний хороонд тухайн салбарын 2-оос доошгүй мэргэжлийн холбоодын төлөөлөл /ашиг сонирхлын зөрчилгүй болохоо мэдэгдсэн/-ийг оруулж, энэ энэ тухай цахим хуудсандаа байрлуулах болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлэх;

     10.1.4.тендерт оролцохыг сонирхогчдод тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

     10.1.5.тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаархи товч мэдээллийг цахим хуудсандаа байрлуулан тухай бүр шинэчлэх, шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар тодорхой танилцуулах;

       10.1.6.худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг цахим хуудсандаа байршуулан тухай бүр шинэчлэх;

    10.1.7.тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчлийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлэх;

    10.1.8.худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх;

    10.1.9.хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Мэдээлэл авах эрх, эрх чөлөө

11 дүгээр зүйл. Мэдээлэл авах эрх, эрх чөлөө

11.1.Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараахь мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй:

        11.1.1.тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл;

11.1.2.тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл;

11.1.3.тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан тохиолдолд бичгээр хүсэлт гаргана. Иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргасан үндэслэлээ тайлбарлах үүрэггүй.

11.3.Хүсэлт дараахь шаардлагыг хангасан байна:

    11.3.1.иргэн бол овог, нэр, оршин суугаа газрын буюу цахим шуудангийн хаяг, өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичин, гарын үсгээ зурсан байх. /Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно. Хүсэлтийг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана/;

    11.3.2.хуулийн этгээд бол нэр, хаяг буюу цахим шуудангийн хаяг, улсын бүртгэлийн дугаараа бичин, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсгээ зурсан байх.

12 дугаар зүйл. Хүсэлтийг хянан үзэх

         
    12.1.Хүсэлтийг хүлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан үзнэ:

12.1.1.хүсэлт нь энэ хуулийн 11.3-т заасан шаардлагыг хангасан эсэх. /Иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаараар нь тухайн иргэн, хуулийн этгээдтэй холбогдох мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгана/;

12.1.2.хүсэлтэд дурдсан мэдээлэл тухайн байгууллагын эзэмшилд байгаа эсэх, байхгүй тохиолдолд харъяалах буюу холбогдох байгууллагад нь 2 хоногийн дотор шилжүүлж, энэ тухай иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэх;

        12.1.3.энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа эсэх.

12.2.Хүсэлтийг энэ хуулийн 17 дугаар зүйлд зааснаас гадна дараахь үндэслэлээр буцаана:

12.2.1.хүсэлт нь энэ хуулийн 11.3-т заасан шаардлагыг хангаагүй;

12.2.2.хүсэлтэд дурдсан мэдээлэл тухайн байгууллагын эзэмшилд байхгүй бөгөөд хүсэлтийг тухайн харъяалах буюу холбогдох байгууллагад шилжүүлэх боломжгүй.

12.3.Хүсэлтийг буцаахдаа шалтгаан, үндэслэлийг тодорхой заана.

13 дугаар зүйл. Мэдээлэл өгөх

13.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй.

13.2.Мэдээллийг амаар, бичгээр, цахим хэлбэрээр өгч болно. Иргэн, хуулийн этгээд нь мэдээлэлтэй биечлэн танилцаж болно.

13.3.Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын 7 хоногийн дотор өгнө. Мэдээлэл авах хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол тэдгээрийн төлөөлөл болох нэг иргэнд мэдээллийг өгнө.

13.4.Зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 13.3-т заасан хугацааг нэг удаа 7 хоногоор сунгаж болно.

    14 дүгээр зүйл. Цахим хэлбэрээр мэдээлэл авах, өгөх

14.1.Иргэн, хуулийн этгээд цахим хэлбэрээр мэдээлэл авах хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээд нь цахим баримт бичиг үйлдэн, тоон гарын үсэг зурах бөгөөд түүнд өөрийн иргэний үнэмлэхийн, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичин холбогдох байгууллагад цахим шуудангаар ирүүлсэн байна.

14.2.Мэдээллийг цахим хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд өгөх тохиолдолд тухайн байгууллагыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурах бөгөөд хүсэлт гаргагчид мэдээллийг цахим шуудангаар хүргүүлнэ.

14.3.Цахим хэлбэрээр мэдээлэл өгөхөд энэ хуулийн 11-13 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

15 дугаар зүйл. Үйлчилгээний хөлс

15.1.Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

15.2.Үйлчилгээний хөлсний хэмжээг тухайн мэдээллийг өгөх зардалтай нийцүүлэн байгууллагын удирдлага тогтооно. Үйлчилгээний хөлс тооцох аргачлал, үйлчилгээний хөлс төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Засгийн газар батална.

15.3.Энэ хуулийн 15.1-д заасан үйлчилгээний хөлсийг хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээний хөлстэй давхардуулан авахгүй.

16 дугаар зүйл. Гомдол гаргах, гомдлыг хянан шийдвэрлэх

16.1.Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар дээд шатны байгууллага, албан тушаалтан, Хүний эрхийн үндэсний комисс, эсхүл шүүхэд гомдол гаргаж болно.

16.2.Гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг дараахь хуулиар зохицуулна:

    16.2.1.гомдлыг дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргаж байгаа бол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль;

    16.2.2.гомдлыг Хүний эрхийн үндэсний комисст гаргаж байгаа бол Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль;

    16.2.3.гомдлыг шүүхэд гаргаж байгаа бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Зарим төрлийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөхийг хориглох

17 дугаар зүйл. Онцгой нөхцөл

17.1.Дараахь тохиолдолд мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:

    17.1.1.тухайн мэдээллийг нийтэд ил болгосноор Монгол Улсын олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх бодитой үндэслэл байгаа бол;

    17.1.2.тухайн мэдээллийг нийтэд ил болгосноор Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашигт хохирол учруулах бодитой үндэслэл байгаа бол;

    17.1.3.тухайн мэдээлэл нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, өрсөлдөөний болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хяналт шалгалтын шатанд байгаа хэрэг явдалтай холбоотой бол;

17.1.4.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагааны явцад төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах шаардлагатай бол;

    17.1.5.тухайн мэдээлэл нь олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах явцтай холбоотой бол;

17.1.6.хууль тогтоомжид заасан бусад.

18 дугаар зүйл. Оюуны өмчийг хамгаалах

    18.1.Оюуны өмчтэй холбоотой мэдээллийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно.

19 дүгээр зүйл. Хувь хүний нууцыг хамгаалах

19.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хувь хүн бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний овог, нэр, нас, хүйс, мэргэжил, боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, ажлын утаснаас бусад мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.

20 дугаар зүйл. Байгууллагын нууцыг хамгаалах

20.1.Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжтэй холбоотой мэдээллийг тухайн аж ахуйн нэгжийн эрх бүхий этгээд /гүйцэтгэх удирдлага буюу түүнээс эрх олгосон бусад этгээд/-ийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахыг хориглоно.

ТАВДУГААР БҮЛЭГ

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих

21 дүгээр зүйл. Мэдээлэл, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

    21.1.Мэдээлэл, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

        21.1.1.энэ хуулийн 7, 8.1, 9, 10 дугаар зүйлд заасан мэдээллийг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн санг үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах нийтлэг журмыг боловсруулах;
    
    21.1.2.мэдээллийг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн сан үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллагуудын дунд сургалт зохион байгуулах, тэдгээрт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

        21.1.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.    

    21.2.Энэ хуулийн 21.1.1-д заасан журмыг Засгийн газар батална.

22 дугаар зүйл. Тэмдэглэл хөтлөх

22.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага нь мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах боломжийг хангах зорилгоор тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана:

22.1.1.мэдээлэл авах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг;

22.1.2.мэдээлэл авах хүсэлт хүлээн авсан, хянасан буюу буцаасан, мэдээллийг өгсөн хугацаа;

22.1.3.бусад.

23 дугаар зүйл. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт

23.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд энэ хуулийн 16.1-д заасан байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлнэ.

23.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нартай байгуулах үр дүнгийн гэрээнд мэдээллийн ил тод байдлыг хангах талаар тусгаж, үнэлгээний гол шалгуурын нэг болгон дүгнэж байна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Бусад

    24 дүгээр зүйл. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

    24.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд шүүгч зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь хариуцлага хүлээлгэнэ:

24.1.1.хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг хуулиар тогтоосон хугацаанд иргэн, хуулийн этгээдэд гаргаж өгөөгүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-6, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох;

24.1.2.энэ хуулийн 7, 8, 9, 10 дугаар зүйлийг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4-6, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох;

24.1.3.энэ хуулийн 17 дугаар зүйлийг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох;

24.1.4.энэ хуулийн 18-20 дугаар зүйлийг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-8, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох;

24.1.5.энэ хуулийн 22 дугаар зүйлийг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох;

24.1.6.мэдээллийн агуулгад хууль бусаар өөрчлөлт оруулсан албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4-6, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох;

24.1.7.мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох.

24.2.Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөөг удаа дараа буюу ноцтой зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчийг эрх бүхий этгээд Төрийн албаны тухай хуулийн 25.1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас хална.

24.3.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлийг нуух, авлига авах, хуулиар хамгаалсан төрийн, байгууллага, хувь хүний нууц задруулах зэргээр хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

25 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

25.1.Энэ хуулийг 2011 оны … дугаар …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж