Хуучирсан мэдээ: 2013.09.20-нд нийтлэгдсэн

Түрийвчний нэгдэл

Технологийн салбарын акулуудын нэг Microsoft корпораци, Nokia компанийн гар утасны зах зээлийг 7,2 тэрбумаар худалдан авсан юм. Үүнээс хойш тус компанийн зохиогчийн эрх болоод технологийн шийдлүүд нь Microsoft-ын тэмдэгт дор хүрэх аж.

Энэ жил дэлхийн зах зээлийн гол тоглогчид нэгдэх, том компани нь худалдан авах тохиол­дол ажиглагдаж байна. Хэвлэл мэдээллийн салбарт алдарт Amazon.com Вашингтон Пост сонинг худалдаж авсан. Технологийн алдарт Microsoft корпораци, Финляндын гар утасны томоохон компани болох Nokia-г худалдан авч томоохон шуу­гиан тарив. АНУ-ын гар утасны зах зээлийн том тоглогч гэгдэх Verizon Communication компани, Их Британийн Vodafone-ын 45 гаруй хувьцааг худалдан авлаа. Энэ бүх байд­­лыг дэлхийн эдийн засгийн тогт­воргүй байдал болоод зах зээлийн олон талын өсөлттэй холбон тайл­барлах магадлал өндөр байгаа юм. Хэдийгээр эдгээр компаниуд нь сал­бар­таа томоохон гэгдэх ч сүүлийн хэ­дэн жилийн ашиг орлогын баланс нь алдаг­дсан тул ийнхүү нэгдэх, эсвэл ашиг сайтай компани руу зарахаас өөр сонголт үлдээгээгүй байж болох талтай.


Verizon компани Vodafone-ын 45 хувийг авав

Одоогоос яг долоо хоногийн өм­нө Америкийн алдарт Verizon Communication компани, Европод гар утасны зах зээлд тэргүүл­дэг Vodafone компанийн 45 хувийн хувьцаа болох 130 тэрбум долларын хувьцааг худалдан авав. Энэ нь Их Британи даяар шуугиан тарьсан ч үүнийг компанийн алдагдал хэмээн гүй­цэтгэх захирал нь ярьжээ. Он гарснаас хойш энэ хоёр компани хэлэлцээ хийнэ хэмээн тааварлаж байсан ч ийнхүү өнгөрсөн долоо хоногт наймаа эцэслэгд­жээ. Хэдийгээр 45 хувийн хувьцааг худал­дан авсан ч Verizon компани евро­пийн холбоонд татвар төлөхгүй аж. Vodafone компани одоогоос хоёр жилийн өмнө татвараас зайлсхий­сэн хэр­гээр сэжиглэгдэж, Их Британийн татварын албанд мэдүүлэг өгч байсан билээ. “Бид хувьцаагаа зарахаас өөр сонголт байгаагүй. Учир нь сүүлийн гурван жилийн туршид бидний ашиг буурсан. Хөрөнгө оруулагчдын итгэл суларсан. Тиймээс энэ бол томоо­хон алхам болж хувирлаа. Бид бүх хувьцаагаа худалдаагүй болохоор бүр­нээрээ Verizon-ых болсон гэж ойл­гох нь ташаа ойлголт юм” гэж Vodafone компанийн Гайя Лоренс ярьжээ. Энэ наймаа болохоос ердөө хоёрхон сарын өмнө тус компани Германы кабелын Kabel Deutschland  компанийг 7,7 тэрбум еврогоор худалдан аваад байсан билээ. Хоёр саяар тоологдох хэрэглэгчтэй Гер­маны кабелийн энэхүү компани алдаг­далтай ажиллаж байгаа гэж үзэн Британийн компанид зарагдсанаа мэдэг­д­сэн юм. Европийн холбооны ихэнх улсад зах зээлээ өргөжүүлсэн Vodafone компанийн бараг тал хувь Сэм авгийн эх орон руу шилжсэн нь томоохон үйл явдлын нэг байлаа.

Технологийн акул Финляндын брендийг авав

Алдарт Microsoft корпораци Финляндын Nokia-г худалдан авсан нь томоохон дуулианы нэг байлаа. Гэхдээ одоогоор зөвхөн гар утасны зах зээлийг нь л авч байгаа аж. Microsoft-ын тусламжтайгаар Nokia компани программ хангамжийн чиглэлээр европод тэргүүлэх группыг байгуулахаар төлөвлөж бай­гаа ажээ. Технологийн салбарын аку­луудын нэг Microsoft корпораци, Nokia компанийн гар утасны зах зээлийг 7,2 тэрбумаас худалдан авсан юм. Үүнээс хойш тус компанийн зохиогчийн эрх болоод технологийн шийдлүүд нь Microsoft-ын тэмдэгт дор хүрэх аж. Харин тус Nokia ком­панийн 35 мянган ажилтан Microsoft руу шилжих юм байна. Ийнхүү хоёр компанийн шилжилт 2014 оны эх гэхэд эцэслэгдэх юм. “Энэ бол Nokia компанийн хувьд том боломж. Хувьцаа, эзэмшигч, ажилчид, тэд­ний гэр бүлд ямар ч хохирол учрахгүй. Сүүлийн жилүүдэд Nokia хэр их алдагдалтай ажилласныг дэл­хий нийт мэднэ. Харин одоо бол алдаг­далтай ажиллахгүй гэдгийг бат­тайгаар хэлэх байна” гэж Microsoft кор­порацийн гүйцэтгэх захи­рал Стив Балмер ярьжээ. Алдарт Microsoft компани ирэх нэгдүгээр сараас шинэ төрлийн гар утас худалдаанд гар­гахаа төлөвлөсөн бөгөөд Nokia-гийн сүүлийн загвар дээр Microsoft-ын программ хангамжийг нэмж сайжруулан гаргах аж. Мөн цаа­шид Microsoft корпораци зөвхөн гар утсанд зориулан зохиогдсон программ гаргахаар төлөвлө­сөн бөгөөд 2014 оны сүүлээр худал­даанд гарах аж.

Безос сонины бизнест хөлөө дүрлээ

Энэ бол хэвлэл мэдээллийн салбар дахь томоохон наймаануудын нэг. Магадгүй шинэ зуун гарснаас хойшхи хамгийн шуугиан­тай наймаа ч байж болох юм. Amazon.com бол шинэ эрин үеийн томоохон брендүүдийн нэг. Шинэ бизнесийг ашиглаж яаж баяжиж болохыг Жеф Безос бэлхнээ харуулсан. Гэтэл АНУ-ын сонины зах зээлд 135 жилийн туршид эзэгнэсэн Вашингтон Пост сонин, нэн шинэ бизнестэй сүй тавьсан нь томоохон сенсаци дэгдээсэн. Хэдийгээр eBay сайт томоохон сонинуудыг худалдан авах төлөвлөгөө боловсруулж байсан ч ирээдүйд учирч болох эрсдэлээ тоо­цоолон худалдаж аваагүй юм. Жеф Безос 135 жилийн түүхтэй Вашингтон Пост сонинг 250 сая дол­лароор худалдан авсан билээ. Сүүлийн 80 жилийн туршид энэ алдар­тай сониныг Греммийн гэр бүл эзэмшиж байсан учир Безосын энэ үйл явдал олны анхаарлыг татаад байна. “Өнгөрсөн он жилүү­дийн туршид манай гэр бүл энэ сониныг эзэмшиж, шинэ, шуур­хай, мэргэжлийн өн­дөр төвшинд бэлт­гэсэн материалаар олон нийтэд хүргэхийг хүсч ирсэн. Чин сэт­гэлийн угаасаа л энэ ажлыг хийдэг байлаа. Харин одоо энэ сонин шинэ өнгө төрхөөр олон нийтэд хү­рэх цаг нь болсон” гэж Вашинг­тон Постын  гүйцэтгэх захи­рал Дональд Гремм ярьж байсан юм. Жеф Безосын хэвлэлийн төлөө­лөгчийн ярьснаар ойрын хоёр сарын хугацаанд эзэмшлийн асуудал бү­рэн шийдэгдэнэ. Энэ хооронд тус сонины бүх удирдлага Жеф Безост шилжих юм. Түүний мэдэгдэж бай­гаагаар хуучин ажилчдыг халах ямар ч ажиллагаа явагдахгүй бөгөөд менеж­ментийн хэлтсийг байгуулж, интер­нетээр тараагдах хувилбарыг дав­хар гаргахаар болжээ. Ингэснээр тэр дэлхийн 25 гаруй хэлээр орчуулж, болон тухайн улсынх нь үйл явдлыг оруул­сан тус тусдаа байх хэлбэрээр интернэтэд байрлуулах аж. Түүний тооцоолж буйгаар ойрын дөрвөн жилийн хугацаанд алдагдлаа нөхөж, ашиг авчрах боломжтой юм байна.

Ийнхүү томоохон нэгдэлүүд өрнөсөөр байна. Энэ нэгдэл дунд бас нэгэн мэдээлэл байгаа нь Солонгосын алдарт Samsung ком­пани, Америкийн Motorola-тай нэг­дэх тухай яриа юм. Хэдийгээр аль, аль компаниуд үгүйсгэсэн мэдээлэл хийсэн ч Motorola компанийн худал­дааны зах зээл 30 гаруй хувиар хумиг­дсан нь гашуун үнэн билээ. Энэ жилийн тухайд онцолж ярьвал энэ наймаанууд хамгийн том наймаа гэж нэрлэж болохоор байгаа юм. Евро­пийн холбоонд томоохонд тооцогд­­дог тээврийн байгууллагууд хоорон­доо нэгдсэн нь бас л онц­лууштай сэдэв. Шинжээчид энэ төрлийн нэгдлүүд ирэх жилүүдэд ч үргэлжилнэ гэж тааварлаж байгаа юм.

Б.СҮХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №029

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж