
Долоо хоногийн эхээр Кубица эмнэлгээс гарч, бага зэрэг амралт авна гэдгээ өөрөө хэлж байсан юм. Гэхдээ тэрбээр Монакод тийм ч удахгүй, удахгүй Италид эргэн ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Кубица өнгөрөгч хоёрдугаар сард өөрийн Шкода машинтайгаа Италид болдог жижиг уралдаанд оролцож байгаад осолдож, хүнд бэртсэнээр хэд хэдэн газраа мэс ажилбар хийлгэсэн. Шинэ улирлын өмнөхөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өрсөлдөөнийг тодорхойлогч нисгэгчдийн нэг ийнхүү жагсаалтаас гарсан нь зөвхөн “Рэно” баг төдийгүй “Формула-1”-ийн хөгжөөн дэмжигчдийн хувьд харамсалтай мэдээлэл байлаа.
Эмч Риккардо Кессареллигийн тооцоолж буйгаар наймдугаар сар гэхэд Кубица бүрэн эдгэрэх аж. Хэрэв үнэхээр бүрэн эдгэрвэл тэрбээр ирэх намраас “Формула-1”-т, “Рэно” багтайгаа эргэн нэгдэж болох юм.