
УДБЭТ энэ улиралд Ж.Вердийн “Аида” дуурийг тавихаар бүтэн жилийн турш бэлтгэж байгаа аж. Дэлхийн шилдэг дуурьтай танилцах өдөр энэ сарын 30. Энэхүү дуурийг найруулахаар ОХУ-ын Ардын жүжигчин, Красноярск хотын Дуурийн театрын ерөнхий удирдаач А.П.Чепурной Б.Сэргэлэн захирлын урилгаар Монголд ирж ажиллаж байгаа юм. Харин туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Б.Дамдинсүрэн, ерөнхий удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун, бүжгийг Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, продюсерээр УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн, зөвлөхөөр УДБЭТ-ын дэд захирал Д.Баатар нар тус тус ажиллаж байна.