
Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Э.Сумьяа мөнгөн медаль хүртлээ.
Э.Сумьяагийн хувьд нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Вьетнамын бөх Ти Луа Нгуенийг цэвэр дарж, гуравдугаар тойрогт ДАШТ-ний хүрэл медальт, Азийн наадмын аварга, БНАСАУ-ын бөх Со Сим Хьянийг 4:4, 6:4 онооны харьцаагаар яллаа. Ингэснээр манай бөх мөнгөн медалийн төлөө барилдаанд Америкийн бөх Виктория Антонийг цэвэр ялж алтан медалийн төлөө барилдаанд Хятадын бөх Сун Янантай хүч үзэж 0:7 онооны харьцаагаар хожигджээ.
Мөн тэмцээний эхний өдөр буюу өнгөрөгч даваа гаригт чөлөөт бөхийн түүхэнд зургаан жил тасраад байсан медалийг авч чадлаа. Монголчуудыг мундаг бас азтай гэж хэлүүлэх эрхийг олгосон хүн бол “Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаран юм. Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр зодоглож хүрэл медаль хүртлээ.
Зургаан жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлсэн Г.Мандахнаран жирийн нэг тамирчин биш гэдгээ өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож өөрийн жиндээ түрүүлсэн. Ингэхдээ тэрбээр зүгээр ч нэг түрүүлээгүй, учраа бүрээ илт илүүрэхсэн бөгөөд Улсын аваргын түрүүгээ нэгээр нэмсэн юм. Үүгээр ч тогтохгүй Азийн тивийн аварга болж байсан туршлагатай. Тэрбээр дэвжээн дээр эрч хүчтэй, хурц, дайчин, өөрөөр хэлбэл зальтай байрын барилдаан үзүүлдэг ч амьдрал дээр дөлгөөн, их нээлттэй хүн гэж уулзаж, учирсан хүмүүс хэлдэг юм билээ. Ямартай ч бэлтгэл сургуулилтаа хэнээс ч илүү хийхийн зэрэгцээ “Би дуртай ажлаа хийж байна” хэмээн ам бардам хэлдэг түүний хичээл зүтгэл өдгөө зургаан жил тасраад байсан медалийг эх орондоо авчрахад их нөлөө үзүүлсэн болов уу. Монголын ард түмний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээсэн Г.Мандахнаран чөлөөт бөхийн түүхэнд хар толбо болон үлдэх гэж байсан зүйлийг баллуурдаж медалийн буухиаг үргэлжлүүлсэн нь үнэхээр бахархалтай юм.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин
