Ц.Мөнхбаяр ганц буруутай нь биш

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр ганц буруутай нь биш

Тагнуулын ерөнхий газраас Ц.Мөнхбаярын хэрэгт холбогдуулан алтны зарим бичил уурхай эрхлэгчдээс байцаалт авч эхэлжээ. Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв, Баянхонгор зэрэг аймгуудад үйл ажиллагаа эрхэлдэг бичил уурхай эрхлэгчид сүрдүүлгээс болж 15-60 сая төгрөг өгсөн хэрэгтээ буруутгагдан, тэднийг “байгаль хамгаалагчид”-ын зэвсэгт тэмцлийг санхүүжүүлсэн байж болзошгүй хэмээн хуулийнхан  шалгаж байгаа юм.  Үүнтэй зэрэгцээд өчнөөн жил Ц.Мөнхбаярын шаардлагыг сонсон, чимээгүй явсан гэх атлаа  алтны зарим компанийн захирлууд яагаад хэрэгт холбогдсоны дараа түүний араас чулуу шидээд эхлэв ээ гэдэг нь анхаарал татаж байна.  Хэвлэлд өгсөн тэдний ярилцлагаас харахад хэн, хэн нь асуудалтай, хаана, хаанаа буруу байгаа нь илт юм биш үү.  Тэд дайснууд биш “найзууд” байж болохыг ч үгүйсгэх аргагүй юм билээ.

“Гал үндэстэн” холбооныхны дарамтад байнга байсан гэх Өвөрхангай аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг “АУМ алт” ХХК-ийн захирал Ц.Мягмардорж өмнө нь яагаад энэ асуудлаар хууль хяналтынханд хандаагүй юм бэ.  Гэтэл үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр өөрийнхөө хийсэн хэргийг өөр хэн нэгэнд үүрүүлэхийг хүссэн юм биш байгаа даа.  Тэдний хоорондоо хийсэн гэрээ ямар учиртай болох,  яагаад мөнгө нэхсэн даруйд нь тав, арван саяар нь дансаар биш бэлнээр гаргаж өгөх болсон шалтгаан нь юу байсныг хамгийн түрүүнд тодруулах ёстой. 

Түүнээс Ц.Мөнхбаяр гэдэг хүн хэн байсан, хэнд ямар шаардлага тавьсан гэхээсээ  илүү түүний ард хэн байсан бэ, Монголын алтны салбарыг хар захын дүрэмгүй тоглоомоор өрнүүлэх зорилго хэнд байсан бэ гэдгийн учрыг олох нь чухал.  Шулуухан хэлэхэд,  энэ бүхний эцэст гранат авч явсан гэх байгаль хамгаалагчид Урт нэртэй хуулийн шоглоом болчихоод байна. Ганцхан Ц.Мөнхбаяр ч биш Монголын алтны салбар,  улс орны эдийн засаг, байгаль, гол мөрөн ч хүртэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын боловсруулсан Урт нэртэй хуулийн шоглоом болж үлдэх нь.

УИХ-ын ээлжит бус чуулганаар Урт нэртэй хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөхтэй холбоотойгоор эсэргүүцлээ илэрхийлсэн “байгаль хамгаалагчид”-ын ард алтны бичил уурхай эрхлэгчид байв уу гэх хардлага нийгэмд төрж эхэллээ. Том компаниудын эзэнгүй талбай дээр дураараа дургих бичил уурхай эрхлэгчдийн ард хэн ч байж болохыг ашигт малтмалын салбарынхан үгүйсгэхгүй байна. Монголын алтны салбарт дүрэмгүй тоглолт  хийж, бүртгэлгүй алттай болохыг тулд хэн ингэж хүмүүсийн толгойг эргүүлнэ вэ.

Сүүлийн жилүүдэд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ гурав, дөрвөн тонн хүртлээ буурсан. Гэтэл алтны салбарт хэдэн зуун нинжа ажиллаж, тэднээс гадаадынхан газар дээрээс нь хичнээн хэмжээний алт худалдаж авч байгааг хэлэхэд бэрх юм. Цагтаа төв банкинд тушаагдсан алт 25 тонн давдаг байсан  атал одоо дөнгөж гуравхан тонн…

Мэдээж, тэр их хэмжээний алт Монголд байсан бол яалаа гэж валютын ханш ингэтлээ өсөх билээ. Тэгэхээр их алтыг хэн нэгэн хав дараагүй бол хил гаалиар гарсан гэсэн үг юм.  Хашаа давуулаад алтаа шидчихгүйгээс хойш хил гаалиар хичнээн хэмжээний бүртгэлгүй алт гарсан бэ гэдгийг бүртгэх цаг болсон юм биш үү.  Хууль бусаар гадагшилж байгаа алтны урсгалыг хаах эрх нь хил гаалийнханд байдаг. Тэдний хажуугаар хар захаас худалдаж авсан алт бүртгэлгүй гарч байгааг яагаад илрүүлэхгүй байна вэ. 

“Гал үндэстэн” холбооны  тэргүүний хийсэн “хэрэг”-ээр далимдуулан тэдний ард хэн байгааг, хил гаалиар хичнээн алт гарсныг, энэ хэрэгт хил, гаалийн ажилтнууд холбоотой эсэхийг бүгдийг нь шалгаж, тодруулахад гэмгүй.  Өөрөөр хэлбэл, Монголын алтны салбарыг бүхэлд нь шалгаж тодруулахгүйгээр Ц.Мөнхбаярт хамаг хэргийг тохвол шударга бус зүйл болно.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж