Гурван жилийн өмнө хүүгийн аавыг өвчний улмаас талийгаач болсны дараа Мөрөн сумын тухайн үеийн Засаг дарга н.Халтар шийдвэр гаргаж талийгаачийн төрсөн дүү бүсгүй н.Дэлгэрмөрөнд хүүгийн асран хамгаалах эрхийг шилжүүлсэн байдаг. Багш мэргэжилтэй дүү нь харин асран хамгаалах эрхээ өөрийнхөө дүү эмэгтэй болох н.Дэлгэрмаад шилжүүлснээр хүүг тамлах нөхцөл, боломж бүрдсэн аж. Н.Дэлгэрмаа нь хүүг сургуулиас нь гаргаж, гэрийн ажил хийлгэж, сүүлдээ гаж сэтгэлгээндээ хөтлөгдөн амбаарт гавлан хорьж, зодуур амсуулдаг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Хүүг турж эцэн, өлсөхийн эрхэнд амбаараас зугтаж хөрш айлын гэрээс боорцог хулгайлж идэх үед хөршүүд нь сэжиг авч цагдаагийн байгууллагад хандсанаар багш эмэгтэйн “яргалчлал” төгсгөл болсон гэдэг. Одоо хүү төрсөн ээжтэйгээ, сэтгэл санаа нь амгалан амьдарч байгаа ч гурван жилийн турш амссан зовлон, тарчланг мартахад нилээн хугацаа шаардагдах болов уу/олон жилийн өмнө нь хүүгийн аав, ээж нь салж, ээж нь Улаанбаатар хотод амьдардаг байсан тул хэргийн талаар юу ч мэдээгүй байсан/.
Хүүг гурван жилийн турш хорьж тамласан, ийнхүү аашилж байсныг нь мэдсэн хирнээ юу ч хийгээгүй хоёр багш эмэгтэйг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард Хөвсгөл аймгийн шүүхэд болжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд хүүг “гардан” хорьж байсан н.Дэлгэрмаад 1.6 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Харин хүүхэд асран хамгаалах эрхээ дур мэдэн шилжүүлсэн, буруутныг өөхшүүлсэн гэх н.Дэлгэрмөрөнд 800 мянган төгрөгний мөнгөн торгууль оногдуулсан байна.
Угтаа н.Дэлгэрмаад Эрүүгийн хуулийн 100.1-д дэх заалтаар буюу тарчлаах гэсэн зүйл заалтаар анх эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ заалтын дагуу шийтгэсэн бол түүнд тав хүртэлх жилийн хорих ял оноох байсан. Харин прокурор, шүүхийн байгууллагаас хэргийг ийнхүү шийдвэрлээд өнгөрчээ.