
Тэнгисийн цэргийн баазад болсон энэхүү халдлагын улмаас 13 хүн амиа алдаж, 14 хүн эмнэлэгт хүргэгджээ. Хүнд шархадсан хүмүүсийн дунд цагдаагийн албан хаагч байсан аж. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр болсон явдлын гэрч болсон олон зуун хүн хэрхэн айн сандарч, эмгэнэн гашуудаж байгаагаа ярьсан байна. Амиа алдсан хүмүүсийн нэг нь мөнөөх автомат гар буутай тэнгисийн цэрэг Аарон Алексис юм. Гэхдээ Холбооны мөрдөх товчооныхон энэ хэрэгт А.Алексисаас гадна хоёр хүн холбоотой хэмээн сэжиглэжээ. Мөн гэрчүүдийн мэдүүлгийн дагуу тэдний ам зургийг ч гаргасан бололтой. Вашингтон хотын дарга Винсент Грэй “Энэ бол террорист халдлага биш” хэмээн мэдэгдсэн байна. Чухамдаа түүний энэ үг америкчууд террористуудаас илүүтэйгээр бие, биенээсээ болгоомжлох ёстойг сануулах мэт байв. Энэ хэрэгтэй холбогдуулан уг тэнгисийн цэргийн баазын эргэн тойрныг хамгаалалтад авч, нисдэг тэргээр ойр орчимд нь ажиглалт хийж эхэлсэн байна. Тусгай шинжээчдээс бүрдсэн 20 орчим баг хэргийн газар дээр ажиллаж эхэлжээ. Мөн ойр орчмын хөдөлгөөнийг хааж, хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ бүгдээс улбаалаад Пентагоны хамгаалалтыг ч чангатгажээ. Мөн Вашингтон дахь улсын найман сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, Рейганы нисэх онгоцны буудлыг хаав. Тэнгисийн цэргийн баазаас хэдхэн гудамжны цаана байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удахгүй болох гэж байсан Америкийн Үндэсний бэйсболын тэмцээний товыг ч хойшлуулжээ.
Вашингтон дахь Тэнгисийн цэргийн баазад усан онгоц, шумбагч онгоц, зэр зэвсэг, техникийг хадгалдаг байна. Мөн цэргийн ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, бодлогыг нь зангиддаг цэргийн чухал ангиудын нэг юм. АНУ-д байдаг тэнгисийн цэргийн баазуудын хамгийн том нь энэ. Нийт 3000 ажилчинтай уг баазад зориулж жил бүр 30 тэрбум ам.доллар төсөвлөдөг байна.
Хөршүүд нь түүнийг найрсаг нэгэн байсан гэж тодорхойлжээ. Нэг нь найз нь “Тэр маш сайхан зантай, бүгдтэй эелдэг харьцдаг байсан” гэж. Өөр нэг нь “Тэр ээжийгээ хүртэл хатагтай гэж дууддаг байсан” гэсэн бол хамт ажиллаж байсан танил нь “Тэр маш нээлттэй хүн байсан” гэжээ. Хэн ч Аарон Алексисыг олон хүнийг хороох гэмт хэрэгтэн гэж бодоогүй байж. Вашингтон хотод 12 хүний аминд хүрсэн А.Алексист “Facebook” хаяг байсангүй. “Twitter”, “YouTube” дээр ч түүний бүртгэл байгаагүй гэнэ. Харин “LinkedIn” хуудсан дээр байсан цорын ганц хаягаа хэдхэн хоногийн өмнө устгажээ.
Тэнгисийн цэргийн бүрэлдэхүүнд багтаж явсан 34 настай А.Алексис хэд хэдэн хэлээр ус цас шиг ярьдаг байж. Түүнээс гадна бясалгалаар хичээллэдэг байсан зэрэг нь түүнийг сэтгэл зүйн хувьд тогтвортой хүн байсан гэх таамгийг бий болгосон аж. Хожим нь тэрбээр цэргээс халагдсаны дараа гэрээний ажилтан болсон байна. “CNN”-ийн мэдээлснээр түүнд цалинг нь цагт нь тавьж өгөхгүй байсан нь уурыг нь их хүргэжээ. Алексис Вашингтон дахь Тэнгисийн цэргийн бааз руу нэвтрэх үедээ өөрийн цэргийн бичиг баримтыг ашигласан байна. Тэгээд нэвтэрч орсон даруйдаа 197 дугаар барилгаас холгүйхэн очиж, машинаа зогсоолд тавиад төд удалгүй гал нээж эхэлжээ.
Тэнгисийн цэргийн албанд 2007-2011 онд байсан Алексис нисэх онгоцны цахилгааны системийг шинэчлэхээр ажиллаж, нисэх онгоцны цахилгаанчлалаар мэргэшсэн гуравдугаар зэргийн офицер болжээ. Түүнийг үндэсний батлан хамгаалахын болон терроризмтэй тэмцэх дэлхийн дайны цэргийн одон медалиудаар шагнаж байв. Гэвч цагдаад ч аль хэдийнэ бүртгүүлээд амжсан байна. А.Алексис 2004 онд барилгын ажилтны автомашины дугуй руу буудсан хэмээн шалгагдаж байжээ. Тухайн үед барилгын ажилчид хэтэрхий их дуу чимээ гаргаж байсан нь түүнийг бухимдуулсан гэдэг. Мөн 2010 онд түүнийг гэрийнхээ тааз руу буудсан гэх шалтгаанаар баривчилсан байна. Хөршүүд нь түүнийг дээд давхарт амьдардаг эмэгтэйг хэтэрхий их чимээ гаргаж байна гэж бухимдаж байхыг олон удаа харсан гэдэг. Харин эцгийнх нь ярьснаар бол 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон халдлагаас хойш А.Алексис уураа барьж чадахаа больж, стрессдэг болсон аж. Энэ бүгдээс гадна цалингаа авч чадахгүй байсан нь түүнийг их бухимдуулсан тухай эхнэр нь ярьсан байна. Бас буунд ч хорхойтой нэгэн байжээ. Ямартай ч түүнийг ямар шалтгаанаар ийнхүү олон хүний аминд хүрснийг шинжээчид хараахан тодорхой болгоогүй байна.
Энэ үйл явдал болсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийв. Тэрбээр “Энэ эмгэнэлт явдлын улмаас олон хүн амиа алджээ. Бид хүмүүсийг хомроголон буудсан дахин нэг хэрэг явдалтай нүүр туллаа. Гэхдээ энэ удаад нийслэл хот дахь цэргийн баазад ийм явдал болов… Тэнд хүмүүс биднийг, ард түмнийг хамгаалахаар ажилдаа очиж байсан. Тэд бол эх орончид. Тэд үргэлж аюулыг сөрж зогсдог ч ийм зүйл болно гэж төсөөлөө ч үгүй байсан биз. Би тэдний зориг, чадварыг үнэлж байна…Мөн гүн эмгэнэл илэрхийлье. Бидний төлөө гэсэн тэдний сэтгэлд талархах ёстой… Өнөөдөр амиа алдсан америкчуудын эр зориг, эх оронч сэтгэл, гэр бүл, амь амьдралаас нь бид илүү ихийг суралцах болно. Бас тэднийг хүндэтгэн гашуудаж байна…Энэ хэргийг мөрдөн шалгаж учрыг нь олно…” гэх агуулгатай зүйл ярьжээ. Үнэхээр түүний хэлснээр америкчууд ийм эмгэнэлт явдалтай олон удаа нүүр тулж байгаа юм. Энэ анхных биш, тэгсэн хэрнээ бас сүүлчийнх нь ч биш байх вий гэх айдас аль хэдийнэ бий болжээ.
Сүүлийн дөрөвхөн жилийн дотор Америкт ийм хэрэг 50 гаруй удаа гарсан байна. Тэр ч байтугай энэ тохиолдол бүрт дунджаар зургаан хүн амиа алдсан гэдэг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын Коннектикут мужийн Ньютауны бага сургуульд тэдгээр эмгэнэлт явдлын нэг нь болсон билээ. Тухайн үед өвч хар хувцасласан буутай залуу сургуульд очиж, хүүхдүүд рүү гал нээсэн юм. Үүнээс болж 20 хүүхэд, зургаан том хүн амиа алдсан. Адам Ланза хэмээх дөнгөж 20 настай тэрхүү залуу сургууль дээр очихоосоо өмнө ээжийгээ буудан хороосон байжээ. Тэрбээр ээжийнхээ бууны цуглуулгыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан. Амьдрал нь чинээлэг, сод авьяастай, бас даруухан ноомой, хорхойд ч хоргүй мэт байсан энэ залуу Америкийн нийгмийг цочроосон юм.
Тухайн үед Б.Обама гаргасан мэдэгдэлдээ “Бид сүүлийн хэдхэн жилийн дотор иймэрхүү эмгэнэлт явдалтай олон удаа нүүр туллаа. Тэр бүрт нь би Ерөнхийлөгчийнхөө хувиар биш, харин эцэг хүний хувиар эмгэнэн гашууддаг… Бүгд л над шиг бодож байгаа байх… Ердөө л 5-10-хан настай хөөрхөн бяцхан үрс амиа алдлаа. Төрсөн өдөр, төгсөлтийн баяр, хурим, гэр бүл гээд л тэдний өмнө бүхэл бүтэн амьдрал хүлээж байсан юм шүү. Бас бяцхан хүүхдүүдээ хайрлан хамгаалж байсан багш нар ч амь үрэгдлээ. Бид шаналж байна… Би Ерөнхийлөгчийнхөө хувиар бүгдийг хийх болно” хэмээн дурьдаж байжээ.

Ньютауны бага сургуульд болсон энэхүү эмгэнэлт явдлын дараа АНУ-д бууны худалдаанд хязгаарлалт хийх асуудал хөндөгдсөн юм. Америкчууд дэлгүүрээс талх авч байгаа юм шигээр л бууг худалдан авч хэрэглэдэг. Чухам үүнээс л болж хүүхдүүд, хүмүүс амиа алдаж байна хэмээн үзэцгээж байсан юм. Гэвч өнгөрсөн дөрөвдүгээр сард бууны хяналтыг хязгаарлах тухай хуулийн төслийг АНУ-ын Сенат буцаасан билээ.
Өнгөрсөн оны намар “Харанхуйн хүлэг баатар эргэж ирсэн нь” киноны нээлтийн үеэр өөрийгөө Жокер хэмээн нэрлэсэн багтай залуу Аврора хотын кино театрт буу гаргаж, 12 хүний амийг хөнөөж, 58 хүнийг шархдуулж байв. Тухайн үед энэ хэргийг үйлдсэн 24 настай Жеймс Холмс Засгийн газраасаа тэтгэлэг авсан авьяаслаг оюутнуудын нэг байсан юм. Бас л хөршүүдтэйгээ найрсаг харилцдаг байсан ч бас л “Facebook”, “Twitter” огт хэрэглэдэггүй байсан гэдэг. Тэрбээр дөрвөн буу, 6000 орчим сумны цуглуулгатай, буунд хорхойтой нэгэн байж. Энэ хэрэг явдлын дараа Б.Обама “Аврорагийн ард иргэдийг энэ хүнд үеийг даван туулахад нь бүхий л талаас нь дэмжлэг үзүүлэхээр бид ажиллаж байна. Бид ард түмнийхээ аюулгүй байдлыг хангаж, хууль шүүхийн өмнө буруутай этгээдэд хариуцлага үүрүүлнэ. Дотор харанхуйлсан ийм мөчүүдтэй тулгарах бүртээ бид нэг гэр бүл мэт байх ёстой. Аврорагийн ард иргэдийг бид сэтгэл зүрхнийхээ угаас ойлгож, хайртай дотны хүмүүсээ алдсанд нь эмгэнэн гашуудах ёстой” гэж байжээ.
Жокерийн хэргээс хойш хэдхэн хоногийн дараа буюу өнгөрсөн оны есдүгээр сард Майнеполис дахь үйлдвэрт ажлаасаа халагдсан нэгэн залуу гэнэт буу гаргаж ирээд таван хүний аминд хүрсэн юм. Тухайн үед цагдаа нартай буудалцах үеэрээ тэрбээр өөрөө амиа алдсан байдаг. Түүнчлэн өнгөрсөн арванхоёрдугаар сард Портландын дэлгүүрт буутай хүн гал нээж, хоёр хүний аминд хүрчээ. Энэ мэтчилэн буу халаасалсан этгээдүүд хүмүүсийн аминд хүрсээр байсан юм.
Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын армид алба хааж байсан ахмад дайчин Вэйд Майкл Пэйж гэгч хүн олон нийтийн газар гал нээж, 10 хүний аминд хүрсэн. Өөр нэг америк залуу Вашингтонд нэгэн кафед сууж байгаад гал нээж, долоо хүнийг хороосон. Калифорнид сурч байсан хуучин их сургууль дээрээ хүрч очоод 10 хүнийг буудчихаад зугтсан 43 настай эрийн хэрэг ч бас өнгөрсөн онд гарсан юм.
Аризона мужийн Тусон хотын гудамжинд 2011 онд мөн л ийм хэрэг гарсан. Тухайн үед буутай этгээд гал нээснээс болж АНУ-ын Конгрессын доод танхимын гишүүн Габриэль Гиффордс тэргүүтэй 12 хүн шархадсан юм. Түүнчлэн холбооны шүүгч Жон Ролл болон есөн настай бяцхан охин амиа алджээ. Энэ хэргийг үйлдсэн хүн нь төр засгийн бодлогодоо шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн нь тэр юм байж. Энэ талаар Б.Обама “Энэ өглөө эмгэнэлт явдал болж, Конгрессын гишүүнээс гадна хэд хэдэн америк хүн буудууллаа… Эрх чөлөөт нийгэмд иймэрхүү аймшигтай, хүний мөсгүй хүчирхийлэл болох ёсгүй гэдгийг бид мэдэж байх ёстой. Шархадсан хүмүүсийн төлөө бид бүгдээрээ хамтдаа залбирцгаая” гэсэн юм.
Америкийн армийн сэтгэлзүйч байсан Нидал Малик Хасан цэргийн бааз дээр байхдаа гал нээж, 13 хүнийг хөнөөж, 30 гаруй хүнийг шархдуулсан юм. Тухайн үед тэрбээр үүнийгээ мусульманчуудад дургүйлхэж хийсэн гэдэг.
Виржинягийн политехникийн их сургуульд болсон аймшигт явдлын ул мөр одоо ч арилаагүй. Тухайн үед тус сургуулийн оюутан Сюн Хуй Чо бүрэн автомат буугаар зэвсэглэн хичээлдээ ирж, 32 хүний амийг хөнөөж, 17 хүнийг шархдуулсан юм. Тэгээд эцэст нь өөрийгөө буудан амиа хорложээ. Өмнөд Солонгосоос АНУ-д гэр бүлийн хамт цагаачлан ирж, чинээлэг амьдрал дунд өссөн тэр хүү уураа барьж чаддаггүй нэгэн байсан боловч энэ хэргийг үйлдэхээсээ өмнө сайтар бэлтгэж, төлөвлөгөө боловсруулсан нь хожим тодорхой болсон юм. Сюн Хуй Чогийн хэргийн дараа бууны хэрэглээнд хяналт тавих асуудал мөн л хөндөгдөж байсан ч өдий болтол шийдэгдээгүй л байна.
Америкийн эмгэнэлт хэргүүд энэ мэтчилэн үргэлжилсээр… Гэхдээ жил ирэх тусам хэргийн давтамж нь ихэсч, ард иргэдийг нь улам их түгшээх болж. Энэ талаар “Huffingtonpost.com” сайтад “Бидний хүүхдүүд хүчирхийлэл харуулсан видео тоглоомоор өдөр бүр тоглож байна. Харин гэрийн гадаах дэлгүүрт тэр тоглоомонд ашигладаг буу, зэвсгийг чөлөөтэй худалдаалж байна… Энэ бүхний үр дүн нь олон нийтийг түгшээсэн буудалцаанууд боллоо” хэмээн бичжээ. Үнэхээр тийм ч байж болох юм.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин