Эхлээд бүгдээрээ хэвлэл, мэдээлийн хэрэгслээр гарсан санхүүгийн хүндрэлийн шалтгаан гэгдээд буй таамгуудыг харцгаая.
Үүнд:
- Засгийн газар
- Монгол банк
- Гадаадын хөрөнгө оруулалтын бууралт
- Гадаад зах зээлийн таагүй байдлаас үүдэлтэй экспортын орлогын хумигдал
- Мөнгөний нийлүүлэлтийн нэмэгдэл
- Улс төрийн бодлогогүй амлалтын үр дагавар
- Нүүрсний үнээр өрсөлдөх чадваргүй байдал
Харин би санхүүгийн хүндрэл, түүний шалтгааныг ингэж харж байна.
Үүсээд буй санхүүгийн хүндрэлийн шалтгаанд нь дээрх асуудлууд бүгдээрээ нөлөөлсөн. Гэхдээ угын уг, урсгалын эх нь бас биш юм. Харин жинхэнэ “буруутныг” хайя гэвэл бид өөрөө өөрсдийгөө толинд харах цаг нь болсон.
Тэгвэл бид гэж хэн юм бэ?
Бид бол өнгөрснөөс өнөө болтлох түүхээрээ шинээр бараг юу ч бүтээж бий болгоогүй хүмүүс,
Бид бол бэлэнчлэх сэтгэлгээний боол, халамжийн системийн тэжээвэр, төрийн хишиг нэртэй гав гинжний хоригдлууд,
Бид өөрөө бий болгоогүй зүйлийн үнэ цэнийг үнэлж чаддаггүй атгаг сэтгэлгээний үр төл,
Бид бол энэ бүхнийхээ төлөөсөнд хариуцлагагүй амьдралаар шагнагдсан уяач, бөхчүүд, сурчид, уртын дуучид,
Энэ бүхнийг бидэнд хүн төрөлхтний ядуурал, гуйланчлалын их сургууль, хөрөнгөт капитализмыг алгассан 70 жил, хөшүүн хойрог залхуурсан 23 жилийн амьдрал үлдээжээ. Үүнийг монголчуудын бүтээж, сэтгэж үйлдвэрлэдэг эсэх тухай хоёр статистик үзүүлэлтээс шууд харж болно шүү.
- Нийт экспортын 100 шахам хувийг түүхий эд хэлбэрээр гадагш гаргадаг.
- Нийт импортын 90 гаруй хувийг эцсийн бэлэн бүтээгдэхүүн хэлбэрээр гаднаас авдаг.
Эдийн засгийн харилцаа нь нэмүү өртөг дээр суурилах бөгөөд экспортыг нэмэгдүүлэх импортыг бууруулах гэсэн ерөнхий утгаар хэмжих боломжгүй зүйл. Тиймээс боловсруулалтын түвшин гэх ойлголтыг манай нийгмийн бүх оролцогчдын гол шалгуур хэмжүүр болгох санал байна.
Үнэндээ Оюутолгойн зэс, Тавантолгойн нүүрсний нөөцийг тогтооход бидний оролцоо байгаагүй. Бусдаар олдворлуулсан нүүрсээ шороотой чигээр нь ачаад зарах явцуу хүрээнд бидний толгой ажиллаж байгаа цагт гаднаас хатуу хамааралтай эдийн засгийн бэрхшээл мөнхөд тулгарах болно. Эдийн засагт тулгамдсан асуудлууд түүний дотроос хямрал ч гэсэн үечлэлтэйгээр давтагддаг. Бид жинхнээсээ хийж чаддаг, бүтээдэг болсон цагт илүү түвшний асуудалтай тулгарч, түүний шийдлийг хайдаг болно. Гэхдээ ингэж дүгнэх амархан. Өнөөгийн түвшний технологи менежментийн өрсөлдөөн дунд бүтээдэг, экспортолдог болно гэдэг үнэхээр амаргүй.
Шинжлэх ухаан технологи, мэдээллийн системийн дэвшил, даяарчлалын өрнөлөөс хамаараад хөгжлийн туйлын зөв хувилбарыг гаргаж ирэх бололцоо бараг байхгүй гэдгийг дэлхий нийтийн сүүлийн хэдэн жилийн давтамжтай удаа дараагийн эдийн засгийн хямралаас бид харж байна.
Үнэндээ өнөөг хүртэл бид хөгжлийн стратеги, тогтолцоотой бодлогогүй явсан билээ. Тиймээс хамгийн энгийнээр бид үндэстнийхээ хувьд хэн бэ, бидэнд ямар нөөц боломж байна вэ гэдгээ тодорхойлж, хэтдээ ямар түвшинд хүрэхийн төлөө зорьж байгаагаа төлөвлөх ёстой. Түүний үндсэнд болзол хүсэл мөрөөдлийнхөө боломжит түвшинг тооцон гаргаж, түүндээ хүрэх арга замаа томъёолохыг өрнийн шинжлэх ухаанд стратеги гэж үздэг. Ийм стратеги байхгүй учраас л боломжоосоо давсан зүйл амлах, бодлогогүй төлөвлөх, муйхарлан дайрах аргачлалаар явсаар өдий хүрлээ.
Надад бас нэг санал байна
Бид тасархай хөгжлийн жор, гайхамшигтай замын зураг хийж чадахгүй. Физикт Хайзенбергийн тодорхойгүйн зарчим гэж байдаг. Хоорондоо уялдаа бүхий хэмжигдэхүүнүүдийн нэгийг илүү нарийвчлалтай гаргавал тухайн агшинд нөгөө хэмжигдэхүүнийг мөн нарийвчлах боломж нь буурдаг гэсэн утгатай. Хэдийгээр энэ нь физикийн ойлголт боловч нийгмийн шинжлэх ухаанд бүхий л асуудлыг нэг агшинд бүрэн тодорхойлох боломжгүй гэсэн үг юм.
Хөгжлийн үндэс нь бусдаас түрүүлж шинэ санаа гаргадаг, түүнийгээ ажил хэрэг болгох явдал юм. Иймээс бид бүтээлч санаачлагыг дэмждэг, үнэлдэг, урамшуулдаг болох ёстой. Хэнч байсан зөв өрсөлдөөнөөр тэргүүлж чадвал үр шимийг нь шударгаар хүртдэг болсон цагт манай улсын хөгжлийн хөдөлгүүр улам хүчирхэгжиж хурдсах болно. Бид Социализмын суурь машинууд бүтээмжтэй ажиллаж байсан ч эрэлт, хэрэгцээн дээр суурилаагүй учир үр ашиггүй 70 жилийн хорогдолдоо гацан зогссоныг мэднэ. Тиймээс орчин үеийн өрсөлдөх чадварын гол үзүүлэлт болсон бүтээмж нь бүтээлч санаачлагагүйгээр үргүй тариан талбайг өдөржин услахтай адил юм.
Үр дүнгээ ингэж хэмжье
Томьёолсон бодлогоо хэмжиж чадахгүй бол үнэлэх боломжгүй. Үнэлж чадахгүй бол амьдралд хүртээмжгүй. Харин дээрх экспорт импортын 2 статистик үзүүлэлт нь түвшин бүрийн ажлын гол хэмжүүр болох бөгөөд Засгийн газрын, аймаг сумдын ажлын чухал үзүүлэлт байх бүрэн боломжтой юм. Мөн бизнесийн байгууллагын нийгэм, улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүргийн чухал шалгуур бөгөөд Монголдоо өндөр технологи эзэмшиж, нэмүү өртөг бий болгон ажиллаж буй компанийг импортын худалдаа эрхлэгчдээс илүүд үзэх үнэлэмж бий болох ёстой. Энэ тэргүүний нөлөөлөх бодлогын шийдвэр нь татваруудыг боловсруулалтын түвшингээс хамааруулан ялгаатай тогтоох шаардлагатай болно. Монгол улсад өндөр технолгиор боловсруулсан бүтээгдхүүн бага татвартай байдаг, гааль дээр импортын бэлэн бүтээгдхүүнээс түүхий эд нь бага татвартай байх зэрэг олон арга хэрэгсэл бий.
Монголчууд бидний өнөөдрийн үнэлэмжээс шалтгаалаад хэн Монголд од, баатар болж амьдарч байна вэ? Хэн бага хөдөлмөр зарцуулаад сайхан амьдарч байна вэ? Хэн сэтгэл амар амьдарч байна вэ? Мэдээж улс төрчид, урлаг, спортынхон. Тэгвэл тэд нийгэм, улс орны өмнө ямар баялаг бүтээсэн бэ? Чухамдаа тэд баялаг бүтээгчид, татвар төлөгчдийн нуруун дээр амьдардаг. Сүүлийн 20 жилд урлаг, спортоор хичнээн хүн Хөдөлмөрийн баатар болов, харин хичнээн бизнесменийг төр тэдний адил урамшуулав? Бизнесийн салбарынхны зарцуулсан хөдөлмөр, урсгасан хөлс, туулсан эрсдэл, улс орныхоо өмнө байгуулсан гавьяа урлаг, спортынхноос багагүй нь лавтай. Буруу аргаар мөнгө олдог, улс төрчдийн хөрөнгийг эргэлдүүдэг, ченжийн сэтгэлгээгээр томорсон ТҮЦ-ийн засаглалаар ажилладаг компаниуд өнөөдөр олон байгаа нь ч үнэн. Гэвч зөв хандлага бариад авбал аяндаа цэгцрэх зарчим үйлчилж, эмх цэгц рүү тэмүүлдэг зүй тогтол шинжлэх ухаанд бий.
Америкчуудын бахархал нь мянга мянган Apple шиг компани, Жобс шиг захирлууд, баялаг бүтээгчид байдаг бол монгол бизнесменүүд маань бүгдээрээ хулгайч, луйварчин, олигархи гэсэн муу нэртэй, сөрөг үнэлэмжтэй. Америкчууд тэднийг баялаг бүтээгчид, улс орныхоо хөгжлийн түшиг тулгуур, итгэл найдвар болгож хардаг. Тийм өндөр үнэлэмж авч, итгэл хүлээсэн бизнесмен улам л илүү шинийг санаачилж, ихийг хийж бүтээхийн төлөө тэмүүлдэг. Энэ бүгдийн үр дүнд улс орон бүхлээрээ хождог. Тэгэхээр хөгжлийн томьёоны нийгмийн хэмжүүр нь Монголын бүтээлч үйлдвэрлэгч бизнесменүүдийг олон нийт үнэлж хүндэлдэг, залуу үе нь бахархан дуурайдаг болох явдал юм.