Сири химийн зэвсгээ устгахад хугацаа хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.09.19-нд нийтлэгдсэн

Сири химийн зэвсгээ устгахад хугацаа хэрэгтэй

Дэлхийн халуун цэг болоод буй Сири улс ОХУ-ын талаас санал болгосны дагуу өөрт байгаа бүх химийн зэвсгээ олон улсын хяналтанд шилжүүлэхээр НҮБ-ын химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдсэн билээ. Сирийн асуудалд цэргийн цохилтоос татгалзаж, дипломат аргаар зөвшилцөлд хүрч чадсан санал зөрөлдөгч АНУ, ОХУ-ын албаныхан Башар аль-Ассадыг 2014 он гэхэд химийн зэвсгээ бүгдийг нь устгах шаардлага тавиад байгаа юм. Үүний хариуд Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад бүх химийн зэвсгийн нөөцөө устгахад хангалттай хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй гэдгийг онцлон мэдэгджээ.

Башар аль-Ассад “Өөрт байгаа бүх химийн зэвсгийн нөөцөө устгахаар төлөвлөж байгаа боловч үүнд ойролцоогоор нэг жил гаруйн хугацаа шаардлагатай. Түүнчлэн химийн зэвсэг устгах ажилд цаг хугацаанаас гадна хөрөнгө мөнгө ч нэлээд зарцуулагдах ба ойролцоогоор тэрбум ам.доллар хэрэгтэй. Учир нь химийн зэвсэг нь байгаль орчин, хүмүүст асар их хор хөнөөлтэй. Тиймээс АНУ-ын албаныхан Сирийн химийн зэвсгийг устгахад шаардлагатай хөрөнгө мөнгийг гаргаж, үүнийг өөрийн улсын хяналтанд авч болох юм” хэмээн мэдэгдсэн байна. Түүнийг ийн мэдэгдсэний дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков “Сири 2014 оны дунд үе гэхэд химийн зэвсгийн нөөцөө устгах амлалтандаа хүрнэ” гэж мэдэгджээ. Түүнчлэн ОХУ-ын зүгээс НҮБ-ыг Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэх талаарх шинжээчдийн дүгнэлтийг танилцуулахдаа нэг талыг баримталсан хэмээн буруутгасан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж