&#34Уул уурхай хөгжиж буй газар хөгжил ирж байна&#34

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

&#34Уул уурхай хөгжиж буй газар хөгжил ирж байна&#34

З.Энхболд: Уул уурхай хөгжиж байгаа газар хүссэн хүсээгүй хөгжил ирж байна


Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинд томоохон дэвшил авчирна хэмээн хүлээлт үүсгээд байгаа “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхийн өмнөхөн УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хоёр хоног ажиллаж, уул уурхайн үндэсний компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Энэ үеэрээ цаг үеийн тулгамдсан асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэж байна.



-УИХ-ын намрын чуулган эхлэхийн өмнөхөн уул уурхайн хөрөнгө оруулж байгаа гол газруудаар явж танилцлаа. Ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай болон Урт нэртэй хууль зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах талаар яригдаж эхэллээ. Үнэхээр ийм шаардлага байна уу. Ямар судалгаа тооцоо байна вэ?

-УИХ-ын ээлжит бус чуулган хоёр долоо хоногийн хугацаанд хуралдах гэж байгаа. Үүгээр Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль болон 1995 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хүчинг үй болно. Үүнийг орлох Хөр өнгө оруулалтын тухай хууль гарна. Эдийн засагт цаг зуурын бэрхшээл үүссэнтэй холбогдуулан энэ өөрчлөлтийг хийх гэж байна. Жилийн өмнө 100 ам.доллар байсан нүүрс одоо 50 ам.доллар болж, экспортоос орж ирж байгаа мөнгө нь хоёр дахин багаслаа. Гэтэл монголчуудын импортоор авдаг зүйл нь хэвээрээ төдийг үй импортоор орж ирсэн автомашины тоо буураагүй гэж сонссон. Энэ нь ханшийн өсөлт хэрэглээнд нөлөөлөхгүй байна гэсэн үг. Тэгэхээр эдийн засаг өөрийн зайлшгүй тохируулгаа хийж байна. Энэ хүндрэлээс гарахын тулд Засгийн газар Урт нэртэй хууль, Алтны тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай зэрэг таван хуулийн төсөл өргөн барьсан.

Урт нэртэй хууль гарахаас өмнө аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байсан А лицензийг хугацааг нь дуустал нь олборлуулъя. Тэгэхг үй бол хууль бус, хулгайн олборлолт явагдаж байна. Монголбанк Монгол Улсын нутагт олборлож байгаа бүх алтыг худалдаж авдаг болъё. Тэгэхийн тулд урамшуулал өгье. Банкны зээлийн хүү өндөр байна гэж ярьдаг. Банктай өрсөлддөг, хөрөнгө оруулдаг, зээл өгдөг байгууллагуудыг бий болгоё. Хувь хүмүүс, компаниуд хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулж болно. Үүгээрээ банктай өрсөлдөж зээл өгдөг, хөрөнгө оруулдаг болгоё гэх мэтээр олон боломжийг хуулиар олгох гэж байна.

Мөн “Түгээмэл дархацтай ашигт малтмал буюу элс, хайрга, шохойн чулуу, цементийн үйлдвэрт хэрэглэх хуулийг өргөн барьсан байгаа. Эдгээр хууль батлагдах юм бол Ашигт малтмалын хуульд заасан элс, хайрга, шохойн чулууны лицензийг Засгийн газар биш аймаг, нийслэлээс өгдөг болно. Тэгэхээр түгээмэл тархацтай барилгын материалын түүхий эдийг цаашид орон нутаг нь мэддэг болно гэсэн үг. Ийм таван хууль өргөн барьсан. Эдгээр хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганы 14 хоногийн хугацаанд хэлэлцэж батална. Харин УИХ-ын ээлжит намрын чуулган аравдугаар сарын 1-нээс албан ёсоор эхэлнэ.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх Хөрөнгө оруулалтын тухай хууль гадна, дотнын хөрөнгө оруулагчдын анхаарлыг их татаж байгаа. Энэ хуулиар хөрөнгө оруулагчдын хүсээд байгаа тогтвортой байдлыг бий болгож чадах болов уу?

-Энэ бол хөрөнгө оруулагчид хэчнээн их хөрөнгө оруулна төдий хугацаагаар тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг олгох хууль юм. Гэрээ бариад жуулчин аваад төдөн жилийн дараа өртөгөө нөхөөд ашигтай ажиллана гэж тооцоолж байтал гэрээ бариад дуусангуут маргааш нь жуулчны үйл ажиллагаа эрхлэх онцгой татвар гаргаад жуулчин болгоноос татвар аваад эхэлбэл нөгөө хүн хөрөнгө оруулалтаа нөхөх нь байтугай алдагдалтай болно. Ийм байдал үүсгэхгүйн тулд тогтвортой байдлыг бүрдүүлнэ. Түүнээс биш татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхгүй. Харин хууль гарах үед мөрдөгдөж байсан татварын хувь хэмжээг нь баталгаажуулаад өгчих юм. Уул уурхай юу, аялал жуулчлалын бизнес үү, дэлгүүр хоршоо эрхэлж байна уу, аж ахуйн нэгжүүд гадаад дотоод, том, жижиг ялгаагүй тогтвортой хамгаалалтад байдаг хуулийн систем рүү орно.

 
Засгийн газар, УИХ үүнээс сургамж авсан байх


 -“Эрдэнэс тавантолгой”-н үйл ажиллагаа өнөөдөр олборлосон нүүрсээ өрөндөө төлөх байдалтайгаар ашиггүй ажиллаж байна. БНХАУ-ын “Чалко” компанитай хийсэн өмнөх гэрээг дахин шинэчилж энэ байдлыг бага ч гэсэн сайжруулсан гэж ярьдаг. Одоо Зүүн Цанхиас олборлож байгаа нүүрсийг нэг тонныг нь хэдэн ам.доллараар тооцож БНХАУ-д нийлүүлж байгаа вэ. Зээлсэн 350 сая ам.доллараас үлдсэн 170 сая ам.долларыг хэдий хугацаанд төлж дуусах тооцоо байна вэ?

– Анх гэрээ байгуулахдаа БНХАУ-ын хойд бүс нутгийн нүүрсний дундаж үнээр 90 орчим ам.доллараар нийлүүлэхээр тооцож байсан юм шиг байгаа юм. Одоо бол 53 болж буурсан учраас өмнө нь тооцоолсноосоо бараг хоёр дахин илүү ихийг тээвэрлэж байж дуусна. Ер нь бол Зүүн Цанхи он дуустал өрийн дарамтнаас гарахгүй юм билээ. Тиймээс Баруун Цанхийн уурхайг нээж, тэндээс орж байгаа орлогоороо ашиг олж, ажилчдынхаа цалингаа тавих байдлаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Зүүн Цанхийн зардлыг Баруунаас олсон орлогоороо алдагдалгүй барих түвшинд л ажиллуулж буйгаас биш, ашиг олох хэмжээнд хүрээгүй. Тавантолгойн шинэ удирдлага өмнөх удирдлагынхаа өрийг л дарж байна. “Энержи ресурс”-ынхан шиг нүүрс баяжуулах үйлдвэр ч юм уу, ДЦС барих боломж одоохондоо алга. Одоо бол бүх нүүрс нь өрөнд ачигдаж байна. Засгийн газар, УИХ үүнээс сургамж авсан байх.



– Уул уурхай хөгжиж байгаа аймаг орон нутаг дахь иргэдийн оролцоо, малчдын эрх ашиг эмзэг сэдвийн нэг болсоор ирлээ. Орон нутгийнхан ухсан нүх, шороо тоосон дунд эрүүл мэндээрээ хохироод хоосон үлддэг. Харин уул уурхайгаас орсон орлого, татвар, хураамжийг улсын төсөвт хураадаг нь орон нутгийнханд хүндрэлтэй байдал үүсгэж буйг яаж зохицуулах вэ.

– 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн Ажлын хэсэгт би ажиллаж байсан. Таван хувиар тооцож авдаг ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөрийг 100 хувь гэж үзэх юм бол 20 хувь нь аймгийн, 10 хувь нь сумын төсөвт ордог хуулийн заалттай байсан. С.Баярцогтыг Сангийн сайд байх үед батлуулсан Төсвийн тухай хуулиар үүнийг хүчингүй болгосон. Энэ мэтийн зохицуулалт байвал зүгээр санагддаг. Орон нутгийнхны зүгээс манайх том уурхайтай, орд газруудтай, баялагтай мөртлөө бусдаас ялгарахгүй байна гэсэн гомдол өмнө нь ч гардаг байсан. Тиймээс энэ заалтыг сэргээх нь зүйтэй.

– Гүйцэтгэх засаглалын тэргүүн сар гаруйхны өмнө “Тавантолгой” дампуурчихсан гэсэн мэдээллийг олон нийтэд өгсөн. Та газар дээр нь ирж сая танилцлаа. Үнэхээр Тавантолгой дампуурчихсан байна уу, та юу гэж үзэж байна.

– Санхүүгийн байдлыг нь харах юм бол 350 сая ам.доллар зээлснээс хойш үргэлжийн хасахтай яваа. Гэхдээ үүнийгээ төлөх чадвар бол бий. Шинэ удирдлага ажлаа авснаар бүх ажлыг шинээр харж байгаа. Өмнө нь нүүрсээ өөрсдөө ухна, тээвэрлэнэ гээд баахан ажил төвлөрүүлээд, хоорондоо зохицохгүй олон техник хэрэгсэл худалдаад авчихсан хэцүү байсан юм билээ. Харин одоо бол “Эрдэнэс Тавантолгой” өөрсдөө эксковатор, самосволь худалдаж авахгүй, ажилчин цалинжуулахг үй үндэсний компаниудыг хөлсөлж ажлаа хийлгэж байна. Энэ бол хамаагүй цэвэрхэн бизнес. Тавантолгойн мөнгийг улс хурааж авсан учраас дампуурч байсан. Одоо улс хурааж авсан мөнг өө татварт нь суутгаад, жил бүр төлж байгаа учраас хямралаас хурдан гарах байх.

Өөрийнхөөрөө ажиллах бололцоо энэ Засгийн газарт байгаагүй


– Эдийн засагт үүссэн хүндрэлтэй холбоотойгоор Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж эхлээд байна. УИХ-ын даргын хувьд Та гүйцэтгэх засаглалын өнгөрсөн нэг жилийн хугацаан дахь үйл ажиллагаанд нь ямар үнэлгээ өгөх вэ?

– Засгийн газар болж бүтэхээрээ л ажиллаж байна. Нэг их наяд төгрөгийн өр хүлээж авсан. Эхнээс нь дараад явж байна. Хэрэв энэ өр байгаагүй, бусад түүхий эд нь өнгөрсөн дөрвөн жил шиг боломжийн үнэтэй байсан бол эдийн засгийн цаг зуурын энэ бэрхшээл гарахгүй байсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байна. Өмнөх Засгийн газрын өрийг төлөөд одоо болтол дуусаагүй байна. Өөрийнхөөрөө ажиллах бололцоо энэ Засгийн газарт байгаагүй. Өмнөх Засгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хүртэл үргэлжлүүлэхээс өөр аргагүй шүү дээ. Сургуулийн суурь тавьсан байхад тэрийг нь барихгүй орхиж болохгүй. Таван тэрбум төгрөгийн өртөгтэй сургуулийг тавны нэг буюу нэг тэрбум төгрөгөөр барина гэж төсөвт суулгаад тэр мөнгө нь суурь цутган нэгдүгээр давхрыг нь барих төдийд явсан байх жишээтэй. Ийм хөрөнгө оруулалт олон байсан. Үүнийг зогсоохгүй, үргэлжлүүлнэ гэх мэтээр хуучин асуудлыг шийдэхэд цаг их зарцуулж байгаа.

– Улсын төсвийг хэт өөдрөгөөр баталснаас ээлжит бус чуулганаар улсын төсөвт тодотгол хийх талаар ярьж байгаа. Өөдрөг төсөв эдийн засагт хүндрэл үүсэхэд нөлөөлсөн хэмээн зарим шинжээч үзэж буй. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна.

– Улсын төсвийн тодотгол өргөн баригдаагүй учраас ээлжит бус чуулганаар яригдахгүй. Засгийн газар аравдугаар сарын 1-нд үндсэн төсөвтэйгээ хамт өргөн барья гэж байгаа. 2013 оны төсвөөр нүүрсийг 170 ам.доллараар зарна гэж тооцсон. Гэтэл одоо дундаж үнэ нь 53 болсон. Үүн дээр алдаа гарсан. Харин зэсэн дээр алдаагүй. Зэсийн үнийг тогтмол 7200 ам.доллараа суулгадаг ч энэ үнэд хүрээгүй байгаа болохоор эрсдэлгүй. Алтыг 1500 ам.доллараар тооцсон. Үүн дээр бас алдсан. Энэ мэтээр өөдрөгөөр төсөөлсөн орлогоо хасаж байгаа. Хийгдэж эхлээгүй байгаа хөрөнгө оруулалтыг ч бүгдийг зогсоож, хасна. Зөвхөн тендер гэхэд 310 тэрбум төгрөгийн тендер зарлагдаагүй байгаа. Энэ бүхэн хасагдана. Ер нь бол орлого, зарлага аль аль нь хасагдана.

Цогтцэций суманд ажилгүй хүн байх ямар ч боломж алга


– Та УИХ-ын дарга болсноосоо хойш анх удаа Цогтцэций суманд ирж, уул уурхайн бүтээн байгуулалттай бүрэн цогцоор нь танилцлаа. Ямар сэтгэгдэлтэй байна. Сумын Засаг дарга нь баялгаа ашиглуулж байгаа ч бүтээн байгуулалт явагдахгүй байна, сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байна гэж гомдоллож байгааг хэрхэн хүлээн авч байна вэ?

– Би 2005 онд Цогтцэций суманд ирж байсан. Одоогийн байгаагаас хамаагүй цөөхөн хүн амтай жижигхэн сум байсан. Харин өнөөдөр аймгийн төвийн дайны бохир ус цэвэрлэх байгууламжтай, засмал замтай, өндөр байшинтай, жижиг аймгийн төв шиг болж тохижсон байна Дотор нь байгаа хүн энийгээ мэдрэхгүй байх шиг байна. Би бол найман жилийн дараа ирж харьцуулахад хамаагүй өөр болжээ. Зочид буудал, их дэлгүүр байтугай сумын Тамгын газар нь нэг давхар хуучин байшинд байрладаг байсан. Энэ суманд уурхай дагасан хөгжил бий болсон байна. Маш олон орон сууц баригджээ. Хотын орон сууцнаас дутахгүй тохилог юм. Байгаа юмыг байгаагаар нь хэлэхгүй бол юу ч байхгүй юм шиг муу амлаж болохгүй. Ер нь уул уурхай хөгжиж байгаа газар хүссэн хүсээгүй хөгжил ирж байна. Цогтцэций суманд ажилгүй хүн байх ямар ч боломж алга. Хажууд нь тийм их ажлын байр байхад ажилтай болоод орон сууцанд ороод сайхан амьдрах боломж үргэлж байна. Залхуурахгүй л байх хэрэгтэй.

– Өмнөговь аймгийн Гурвансайхан суманд болсон Ардчилсан хүчний холбооны “Монголоо шинэчилье” говийн бүсийн II чуулганд оролцлоо. АХХ-ны үүсгэн байгуулагчийн хувьд энэ чуулганы үр дүнг дүгнэж хэлэхгүй юу?

– Дундговь, Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор болон урилгаар Орхон, Сүхбаатар, Улаанбаатарын зарим дүүргийн 400 орчим төлөөлөгч оролцож, говийн бүс дэх уул уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Юу нь болж, юу нь бүтэхгүйг үзлээ. Зарим орон нутгийн төлөөлөгчид ашигт малтмалын нөөцийн төлбөрөөс аймаг, сум орон нутагт өгдөг байсныг болиулсныг одоо мэдэж байна. Говийн бүсийн чуулганд УИХын нэлээд хэдэн гишүүн оролцсон. Тийм болохоор хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн төлөөлөгчдийн гаргасан санал болон нутгийн иргэд, компаниудын байр суурь саналыг гишүүдийн санал маягаар тусгаж ажил хэрэг болгон бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.

– Санаа бодлоо илэн далангүй хуваалцсан Танд баярлалаа.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ

 Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж