Би яг л “дурласан цас шиг” бүсгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.26-нд нийтлэгдсэн

Би яг л “дурласан цас шиг” бүсгүй

 “Swing in Kremlin”, “Хүнийх”, “Тусгал” хэмээх хит дууны цомгуудаа сонсогч фэнүүдийнхээ гарт хүргэж, улмаар орос дуунаас бүрдсэн “Носталгия” тоглолтоо хийгээд авсан дуучин Б.Баярцэцэг хэсэг хугацаанд нам гүм байсныг уншигчид маань мэдэх биз. Түүнийг зорьсон зүйлийнхээ төлөө уйгагүй зүтгэдэг, нэлээд хөдөлмөрч нэгэн гэдгийг рок попынхон ч хүлээн зөвшөөрдөг юм билээ. Энэ ч утгаараа, дуучин бүсгүйн уран бүтээлийн амьдрал зогсолтгүй үргэлжилсээр… Сүүлийн үед кино, жүжгийн дуу дуулах урилгад дарагдаад ихэд завгүй яваа тэрбээр ирэх сарын 13, 14-нд хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж буй юм. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа толилуулья.

-Уран бүтээлээ тасралтгүй хүргэж байсан дуучин маань нэлээдгүй хугацаанд сураг алдарлаа. Энэ хооронд шинэ цомог, тоглолтынхоо ажлыг амжуулж явсан байх нь ээ?
-2009 онд “Тусгал” цомгоо гаргаснаас хойш нам гүмхэн байлаа. Өнгөрсөн хугацаанд хүмүүс миний тухай элдвээр ярьж “Баярцэцэг хуримаа хийж, хүүхэд төрүүлсэн гэнэ”, “Охин нь их хөөрхөн болсон байна” гээд л баахан ташаа мэдээлэл гаргасан. Үнэндээ би ажил, амралтаа хослуулан уран бүтээлээ хийсээр л байсан. Хөгжим бол миний хообий, бүр туйлын хүслэн учраас ажилтай зүйрлэх ямар ч шаардлага байхгүй. Өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу хийж буй ажил болохоор өнгөрсөн хугацаанд олон бүтээл гаргасан. Би дуулж эхэлснээсээ хойш л “Монголд цоо шинэ хөгжмийн урсгал бий болгохсон” гэж бодож явсан. Хоолойны тембр, дуулж буй манер маань ямар стильд илүү ойрхон болохыг судлаад поп кантри чиглэлийн амьд хөгжмийн цомог гаргахаар бэлтгэж байна. Төгөлдөр хуурч Пүрэвсүрэн ах энэ цомгийн санааг гаргаж өгсөн болохоор их олон дуунд минь ая хийсэн. Нэгэнт л шинэ хөгжмийн цомог гаргах учраас дууны үгийг ч бас давхар анхаарах ёстой. Тиймээс миний гаргаж ирэх хөгжмийг ойлгож мэдрэх зохиолч, яруу найрагч, аранжировшик гэх мэт мэргэжлийн уран бүтээлчдээр багаа бүрдүүлэх хэрэгтэй байсан. Энэ бол тийм ч амар ажил биш шүү. Санаа, зүтгэл нийлсэн баг бүрдүүлэхийн тулд хэсэг хугацаа зарцуулсан. Цомогт багтсан ихэнх дууны үгийг зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэ бичиж, хамтарч ажиллалаа. Бид хоорондоо ярилцаж байгаад цомгийнхоо агуулгад тохируулан бүх бүтээлээ хийсэн юм. Нэг дуугаа бараг дөрвөн удаа бичүүлж байж оруулсан гээд бод доо. Өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй, бэлтгэх зүйл ч их байлаа. Тэгэхээр би өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй, шинэ цомгоо гаргах гээд зав муутай явсан байгаа биз.

-Тэгвэл цомгийн уран бүтээлээс хамаарч, стиль имижээ хүртэл өөрчлөх хэрэгтэй болж дээ. Энэ удаа танаас ямар өнгө төрх харагдах бол..?

-Тийм ээ, шинэ цомгоос хамаарч клипний зохиомж ч юм уу стиль имиж, фото зураг гээд намайг илэрхийлж байгаа бүх зүйл нэгдсэн том агуулгатай болсон. Баярцэцэг хэн болж хувирсныг бүхий л зүйлээс минь мэдрэх боломжтой гэсэн үг. Үүнээс гадна, миний нас ч уран бүтээлд маань тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь эндээс харагдах болов уу.

-Юу гэсэн үг вэ. Баярцэцэг өнөөдөр хэн болж хувирсан гэж?

-Бүсгүй болсон.инээв Энэ цомог хоёр уянгын дуутай, бусад нь нэлээд цоглог хэмнэлийн  дуунууд бий. Төсөөлөл ихтэй, жаахан романитик маягийн дуунууд юм уу даа. Зав чөлөө гарвал өөрийгөө хамгийн их амраах дуртай зүйл минь модтой газарт сууж юм бичих. Гэхдээ би дууны шүлэг болох хэмжээний зүйл бичиж байгаагүй. Яг тухайн үед толгойд минь орж ирсэн бодол, сэтгэл хөдлөлөө цаасан дээр буулгадаг. Тэгэхээр хаа нэгтээ жингүйдээд явж байгаа мэт хачин гоё төсөөллийн тухай дуунууд шинэ цомогт минь багтсан хэрэг. Хамгийн эхний дуу болох “Дурласан цас”-ыг “S”энтертайнментийн Тулгаа сонсчихоод “Үнэхээр гоё, тасарчихсан дуу байна. Би энэ дуунд чинь клип хиймээр санагдчихлаа. Зохиомж энэ тэр нь хүртэл нүдэнд харагдлаа” гэж хэлсэн. Тиймээс клипний утга агуулгад тохирсон зохиомж гаргаад “S” энтертайнмент болон “Exclusive” хувцас загварын ордны дизайнеруудтай хамтарч ажилласан. Ажил, амьдралын минь бүхий л өмсгөл зүүлтийг авьяаслаг дизайнерууд урлаж байна. Тоглолтын хувцсыг хүртэл гар аргаар чимэглэсэн, сүртэй сайхан загвараар гаргаж байгаа шүү. Дууны маань гол эзэн дурласан бүсгүй бий. Түүний тэр дурлалын харц цасыг хүртэл эр хүн болгож харж байгаагаар дүрсэлсэн. Энэ клипийг хийхийн тулд кино үйлдвэрийн хашаанд бараг байшин барих шахсан даа. Хамгийн том павильоныг нь ашиглан хана босгож хаалга, цонх хийгээд элдэв загварын үнэтэй тавилга аваачиж тавьсан. Зураг авалт нь гурван өдрийн турш үргэлжилсэн болохоор их ядарсан шүү. Сүүлдээ бүр өнөөх дурлалын байшиндаа унтаад өгсөн гээч. Хамгийн гол нь, миний өмнө нь хийж байсан бүтээлүүдээс онцлог ихтэй клип болж чадсан. Баярцэцэгийн хувьд, нэлээд “нээлттэй” бүтээл.инээв

-Уран бүтээл тань олонд танигдаж эхлэх үест та “Эротик стиль сонгохгүй” гэж хэлж байсан удаатай. Энэ бодлоо одоо ч гээгээгүй юу?

-Би эротик стилийн клип болон кинонд ямар нэгэн дүр бүтээх хүсэлгүй. Эротик болон  романтик ойлголт чинь хоёр тусдаа зүйл. Хийж буй уран бүтээлийн минь агуулгаас хамаарч клипний найруулагч ямар санаа гаргахыг хэлж мэдэхгүй шүү дээ. Одоогийн байдлаар, энэ төрлийн дуунууд урын санд минь алга. Стиль имижийн хувьд ч, иймэрхүү зүйл төлөвлөөгүй. Яахав, дурласан бүсгүйн дүрийг гаргахдаа хагас нүцгэлсэн нь үнэн. Гэхдээ эротик төрх харуулах бус бүсгүй хүний гоо сайхан, хүсэл мөрөөдөл, сэтгэлийн нандин чанарыг уран сайхны аргаар дүрсэлсэн юм. Үргэлжлэлийг эндээс уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж