
-Уржигдар өрнөсөн үйл явдал олон нийтийг цочроолоо. Ер нь дэлбэлнэ, бутална гэсэн дуудлагаар очиж тэсрэх бодис аюулгүй болгож байсан тохиолдол байдаггүй байх тийм үү?
-Монголд өмнө нь ийм явдал тохиолдож байгаагүй. Зүгээр хогийн цэг, айлын хашаанд онгоцны бөмбөг шиг юм байна гэсэн мэдээлэл болж ирдэг. Оросын цэргийн ангиуд Улаанбаатарт олон байсан. Энэ шугамаар Улаанбаатарын гэр хороолол, төмрийн хогон дээр янз бүрийн байдлаар цэнэглэгчгүй, удсан, сургуулийн онгоцны дадлагын сум, их бууны хуучин сум, хонгио илрэхэд иргэд 105-д мэдээлдэг. Тэрнээс биш гранат, тэсрэх бодис салгаж байсан тохиолдол байхгүй.
-Өнөөдөр /өчигдөр/ “Гал үндэстэн” холбооны хүмүүсээс авсан мэдүүлгийн дагуу гэр хорооллын нэг айлаас 17 ширхэг гранат хурааж авлаа гэсэн мэдээлэл ирж байна. Энэ үнэн үү?
-Манайд ийм мэдээлэл ирээгүй. Хэрвээ ийм зүйл болсон бол манайханд заавал мэдэгдэх учиртай.
-Өчигдөр албаныхан нэлээд ачаалалтай, шуурхай ажилласан. Анх гранат, тэсрэх бодисын талаарх мэдээлэл хэнд, ямар шугамаар ирсэн юм бэ?
-Манай Шуурхай мэдээллийн төвд “Төрийн ордны арын цэцэрлэгт хүмүүс жагсаал цуглаан хийж байгаад гранат шидлээ” гэсэн анхны мэдээлэл 10.30 цагт орж ирсэн. Энэ мэдээллийн дагуу бид Аврах-105 бүлгээ явуулж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн Инженер сапёрын бүлэгт мэдээ өгсөн. Нийслэлийн Онцгой байдлын газар зэвсэгтэй шууд харьцаж ажиллах үүрэг рольгүй. Харин улсын хэмжээнд цэргийн зориулалттай буу зэвсэг, гранат, тэсрэх бөмбөг олдвол Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу Терроризмтэй тэмцэх ангид мэдээлдэг журамтай. Зэвсэгт хүчний 084 дүгээр анги зэвсгийг өөр газар аваачин тэсэлж, дэлбэлж аюулгүй болгодог юм. Гэхдээ тэд эхний мэдээллээр ирээгүй.
-“Гал үндэстэн” холбооныхны шидсэн гранат ямар төрлийнх байсан бэ?
-“Гал үндэстэн” холбооны хүмүүсийн шидсэн гранат дандаа байлдааны зориулалттай байсан. F1 буюу ширмэн гадартай байлдааны хориглолтын гранат юм билээ. Хориглолтын гранатыг нуувч, ухсан нүх, саравчин дотор байгаа цэргийн алба хаагчдыг устгахын тулд шидэж ашигладаг. Гранат дэлбэрэхэд ширэмний хэлтэрхий асар хүчтэй цацарч 200 метр радиуст байгаа хүмүүсийг устгах хүчин чадалтай.
-Гранатууд тэслэгчтэйгээ байсан уу?
-Энгийн үед гранатын тэсрүүлэгчээс нь салгаж хоёр тусдаа хадгалдаг. Тухайн үед тэр хүмүүс дэлбэлье гэж бодсон уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй. Авч явсан хүн гранатаа шидсэний дараа Төрийн тусгай хамгаалалтынхан, цагдаагийнхан барьж авч нэгжсэн. Халааснаас нь тэсрүүлэгчнүүд гарч ирсэн. Хэрвээ үнэхээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулья гэж бодсон бол тэсрүүлэгчээ хийгээд чагтыг нь татаад шидсэн бол 7-10 секундын дараа дэлбэрэх аюултай. Золоор ийм зүйл болсонгүй. Гранат Төрийн ордны арын төв хаалганы баруун хэсгийн машины болон явган хүний замын зааг дээр унасан. Бид аюулгүй байдлыг нь харгалзаад тухайн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид мэдээлсэн. Тэд ирээгүй. Тийм учраас Аврах тусгай ангийн Инженер сапёрын ангийнхан хамгаалалтын хувцасаа өмсч гранатуудыг түүж тусгай саванд хийгээд тагнуул, цагдаагийнханд хүлээлгэж өгсөн.
-Түрүүн та Зэвсэгт хүчнийхэнийг эхлээд дуудахад ирээгүй гэж хэллээ. Яагаад ирээгүй юм бэ?
-Бид Төрийн ордны ойр орчмыг аюулгүй болгоод дахин хоёр дахь шалгалтаа эхлүүлж, модны ёроол, хогийн сав зэрэг гранат хаясан байж болзошгүй газруудыг шалгасан. Ингээд дуусч байтал 13.00 цагийн үед “Централ тауэр” болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны цэцгийн саванд тэсрэх бөмбөг байна. Тэсрэх нь байна шүү” гэсэн мэдээлэл орж ирсэн. Цагдаа, манай 101 хоёрын шугам нэг байдаг учраас Шуурхай мэдээллийн төвийн жижүүрт онцгой байдлынханд команд өгөөд явуулаач гэсэн байсан. Олон улсын жишгээр бол терроризмтэй тэмцэх бүлгүүд ийм ажиллагаанд эхлээд оролцох ёстой. Гэтэл манай жижүүрүүд Зэвсэгт хүчинд дуудлага өгөхөд ирэхгүй байсан. “Онцгой байдлынхан аюулгүй болгож чадахгүй бол манайханд хэл” гэж хэлсэн байгаа юм.
Хэрвээ удирдлагатай, алсын зайны, эсвэл хөдөлбөл тэсэрдэг бөмбөг байгаад тэрийг нь манайхан үзлэг хийж яваад тэсрэх эрсдэлтэй байсан. Уг нь мэдээллийг аваад эхлээд зэвсэгт хүчнийхэн очиж, цагдаагийнхан хамгаалалтад авч ажиллах ёстой. Үйл ажиллагаа яваад өнгөрсний дараа хүмүүсийг дээр, доороос нүүлгэх, галыг нь унтраах, аврах ажиллагаа явуулах үүрэг онцгойгийнхонд бий. Ийм тус тусын чиг үүрэгтэй байгууллагууд чиг үүргээ гүйцэтгэхгүй, тунирхсан ч юм шиг зан гаргах нь улс орныг аюулд оруулж болзошгүй. Зэвсэгт хүчин цагдаагаас мэдээлэл өгч байхад очих л ёстой байхгүй юу. Тэд нэгэнт ирээгүй байсан учраас манайхан түрүүлж очсон юм.
-“Централ тауэр”-т нуусан тэсрэх бодисыг хэрхэн олсон талаар тодруулж болох уу?
-“Централ тауэр”-т очсон ажлын хэсгийг би удирдсан. Эхлээд бүх ажиллагсдад дохио өгч яаралтай гаргасан. Хүмүүс ч албаны хүмүүстэй хамтран ажиллаж нэг цагийн дотор 2500 хүн ажлын байраа чөлөөлж өгсөн. Хэрвээ ихэрхээд “Тэр тэсэртэл хаа ч байсан юм. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу” гээд байсан бол гай газар доороос гэгчээр тэр хүмүүсийн амиас гадна улсад өчнөөн хохирол учрах аюул ойрхон байлаа. Тэнд байсан хүмүүс ажлын байрнаасаа гарсны дараа 50 метрийн аюулгүй бүс үүсгэж, цагдаагийн хамгаалалтад аваад Инженер сапёрын бүлгийнхэнийг оруулсан. Тэд барилгын хамгийн дээд хэсгээс доод хэсэг хүртэл хаалганы завсар, бие засах газар, подваль, хогийн сав гээд бүх зүйлийг шалгасан.
Ингээд шалгаж дуусч байтал “Барилгын Чингисийн талбай руу гардаг үүдний хаалганы хажуугийн хогийн саван дотор дитонаторын цагаан утас харагдаж байна” гэсэн мэдээлэл аврагчаас ирсэн. Би газар очиж ажиглаад утас нь холбоотой байсан учраас цагийн тохиргоотой эсвэл галаар авалцдаг тэсрэх бөмбөг байж болзошгүй гэж үзсэн. Ингээд Инженер сапёрын тусгай хувцастай алба хаагчийг оруулж багажаар шалгуулахад тэсрэх бөмбөг мөн байсан. Тэсрэх бөмбөгөөр мэргэшсэн тагнуулын нохойгоор үнэрлүүлэхэд нохой дохио өгч хойшилсон. Үүний дараа манай ажилтан маш нарийн шат дараалсан ажиллагаа явуулж тэсрэх бөмбөгийг салгаж, цагдаагийнханд өгсөн. Цагдаагийнхан камерын бичлэг болон бусад баримтад тулгуурлаж тэсрэх бөмбөг суурилуулсан хүнийг илрүүлэх байх.
-Ямар төрлийн тэсрэх бодис байсан бэ. Хэрвээ дэлбэрсэн бол ямар хэмжээний хохирол учруулахаар байв?
-Манай Аврах тусгай ангийнхан маш шуурхай ажилласан гэдгийг эхлээд онцольё. Хэрвээ бид мэдээгүй, эсвэл хам хум шалгаж орхисон бол тэсрэх бөмбөг хогийн цэгт хаягдаж, эсвэл галын улмаас дэлбэрэх байсан. Барилгаас “Тортел” хэмээх тэсрэх бодис олдсон. Тортел бол тэсрэх бөмбөгийн үндсэн түүхий эд. Бидний олсон тэсрэх бөмбөг гар ажиллагаатай болохоор бид айсан. Орчин үед юм хөгжсөн учраас алсаас дэлбэлэх вий гэж айсан гэх үү дээ. Нийтдээ 200 гр тортел байсан юм. Намайг цэргийн сургуульд сурч байхад 200 гр тортелоор 40 тонн жинтэй хатуу биетийг задалж болно гэж зааж байсан. 40 тонн гэдэг нь машинаар бодоход дүүрэн ачаатай “Краз”-ны жин. Хэрвээ тортел дэлбэрсэн бол шилэн хана, хаалгатай “Централ тауэр” доороосоо зад үсрэх байсан. Байшин нурж, зам болон талбай дээр яваа олон хүн, машинд аюул учруулж мэдэх байлаа. Үүн дээр хамтран ажиллаж аюулгүй болгосон онцгой, тагнуул, цагдаагийн ажилтнуудаар бахархаж байна. Бид “Централ тауэр”-ийг аюулгүй болгоод Багшийн дээд, Төв шуудан хүртэл бүх хэсгийн талбайг нэгжээд оройн 19.00 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгсөн.
-Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас олдсон бодис тортел байсан уу?
-Анх Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны цэцгийн саванд тэсрэх бөмбөг нуусан гэсэн мэдээлэл ирсэн. Тэсрэх бодисыг эхлээд ТЕГ-ын албаны нохой олсон. Дараа нь Зэвсэгт хүчний мэргэжлийн баг ирж аюулгүй болгож цагдаад хүлээлгэж өгсөн. Яамнаас олдсон бодис мөн л дитонатор утсаар ороосон тортел байсан гэсэн.
-Энэ бодисыг зөвхөн цэргийн хамгаалалтад ашигладаг гэж сонссон. Энэ аюултай бодис жирийн иргэнд ямар шугамаар очсон байх боломжтой вэ?
-Ер нь бол тортел зэвсэгт хүчний зориулалттай бодис шүү дээ. Бидний олсон улаан өнгөтэй нь яг л цэргийн зориулалтттай нь. Уул уурхайн хувийн компаниуд дээр үеийн орос цэргийн агуулахаас тортел олж байсан тэсэлгээ хийсэн тохиолдол бий. Цэргийн тортел хүн алах, цацрах радиус нь асар их.
-Тэсрэх бөмбөгийн мэргэжлийн хүн тавьсан байсан уу. Таныг цэргийн болон онцгой байдлын албаны хүн болохоор чинь асууж байна л даа?
-Мэдлэг мэдээлэлтэй хүн л тавьсан байж таарна шүү дээ. Тэсрүүлэгч утас, утасны үзүүр зэргийг гал өгөхөд л дэлбэрэх байдлаар нарийн холбосон байсан. Үнэхээр дэлбэлэх гэж байсан уу, эсвэл жагсаалтай холбоотойгоор айлгах гэж тэгсэн үү гэдгийг мэдэхгүй. Үүнийг цагдаа, тагнуулынхан тогтоож олно шүү дээ.
-Шуурхай мэдээллийн төвийн утсанд хуурамч дуудлага өгдөг хүн олон байдаг. Анх хоёр газар тэсрэх бөмбөг тавьсан гэсэн мэдээлэл өгөхөд албаны хүмүүс эргэлзсэн болов уу?
-Эхэлж хэлэхэд нь Шуурхай мэдээллийн төвийнхөн айлган сүрдүүлж байна гэж ойлгосон юм билээ. Тэд бидэнд дамжуулахад нь хоорондоо ярилцаж байгаад ямар байсан шалгахаар болсон. Хэрвээ тэгээгүй бол зайнаас дэлбэлэх ч юм уу, эсвэл удаан хугацааны дараа дэлбэлэх байсан үгүйг нь бид мэдэхгүй шүү дээ. Хуурамч дуудлагууд Шуурхай мэдээллийн төвд өчнөөн ирдэг. Энэ удаагийн үйл явдал хүчний байгууллагуудад сургамж бас сорилт боллоо. Үүнээс болж Улаанбаатар хот өдөржингөө түгжирч, хүмүүс нь бухимдалд автсан шүү дээ. Мэдээлэл өгсөн хүн хэн байсан бэ гэдэг нь сонин. Түүнийг албаны хүмүүс тогтоох байх.
-Улаанбаатар хот элдэв халдлага, түрэмгийллээс хол тайван газар. Энэ удаагийн үйл явдал таны хэлдэгээр сургамж, сэрэмжүүлэг боллоо. Иргэдэд хандаж юу хэлмээр байна вэ?
-Нэгэнт дэлхий нийтэд террорист халдлага гарч байгаа юм чинь бид хэдий шашны урсгалын хувьд тайван ч гэлээ анхаарах л ёстой асуудлын нэг энэ боллоо. Гаднаас уул уурхайн өчнөөн компани орж ирж хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байна. Ийм учраас эрсдэл байхгүй гэсэн ойлголт үгүй. Монголчууд сэжиг бүхий зүйл илэрвэл заавал албаныханд мэдэгдэж байх учиртай. Гамшгаас сэргийлэх тухай хуулийн дагуу байгууллага болгон байгалийн гамшиг үзэгдлийн үеэр яах вэ гэдэг сургалт, дадлагаа хийж байх ёстой. Газар хөдлөлтийн аюул бидэнд хэлэлгүй ирж хэд сэгсрэхэд ямар байдлаар хаана зогсох, хаашаа гарахаа мэддэг л байх ёстой. Тэсэрч, дэлбэрэх бодис олдвол тэндээсээ даруй холдож байгаад цагдаа болон бусад байгууллагад мэдэгдэх ёстой. Ингэж байж бид аюулгүй амьдарна шүү дээ.
Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин