Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Каталончуудын хүсэл

Испаниас тусдаа улс хэмээн үздэг хоёр том үндэстний нэг Каталон. Түүхийн урт хугацааны туршид энэ үндэстэн тусдаа, бүрэн эрхт улс гэдэгтээ итгэсээр ирсэн. Улстөрийн үзэл суртал, эрх, дархтай хүмүүсийн хавчлага, эрт, эдүгээгийн аль ч цагт энэ үндэстэн тусгаар улс болно гэдэгтээ итгэсээр ирсэн хүмүүс. Тэдний энэ хүслийг ямар ч дэглэм нурааж чадаагүй. Энэ хугацаанд хэдэн хүний цус, хэзээ биелэгдэхээ хүлээсэн тэр зүүд тийш урссаныг хэн ч мэдэж чадахгүй. Сүүлийн таван жилд энэ үндэстэн тусгаар улс болно гэдэгтээ илүү их итгэх болсон.

Тусгаар болох мөрөөдөл

Испанид нүүрлээд байгаа хямралын улмаас 200 гаруй мянган ажлын байрыг цомхотголд оруулж, татварын өндөр хувь тогтоосон нь каталончуудын өлгий болсон Барселон хотод хүнд цохилт болж хүмүүс эсэргүүцэн жагсаал зохион байгууллаа. Өнгөрсөн оны долдугаар сарын 20-нд болсон энэ үйл явдал 500 гаруй мянган уурхайчдаас үүдэлтэй. Учир нь тэдний цалинг тавиагүй хоёр гаруй сар болоод байсан юм. Мөн засгийн газраас баримталж байгаа төсөв хумих бодлого, ажлын байрны цомхотгол зэрэг нь Барселонд хүнд туссан билээ. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн нь 8-9 хувиар унаж, ажилгүйдлийн тоо урьд хожид байхгүйгээр уналтад орсон энэ байдал нь Испани улсын хамгийн ядуу бүс нутгийн тоонд багтаагаад байгаа юм.

Харин 2012 оны есдүгээр сарын 11-нд болсон жагсаал өмнөхөөсөө илүү хүчтэй байлаа. Тэд 1500 гаруй нийтийн тээврийн автобусын чиглэлийг хааж, галт тэрэгний зорчих хэсгийг ч бас хаасан юм. “Миний туйлын хүсэл бол бие даасан засаг захиргаа, биеэ даасан эдийн засагтай улс шиг улс байхыг хүсч байна. Энэ бол зөвхөн минийх ч биш нийт үндэстний, олон арван мянган иргэдийн хүсэл тэмүүлэл юм” гэж Каталон мужийн захирагч Артур Мас энэхүү эсэргүүцлийн жагсаалын үеэр ярьжээ.

Энэ он гарснаас хойш тэд ерөөсөө эсэргүүцлээ илэрхийлээгүй. Яахав олон нийтийн сүлжээ сайтуудыг ашигладаг идэвхтэй блогчид энэ сэдвийг тасалдуулчихгүйн тулд өөрсдийн үзэл бодлоо олонд дэлгэж байсан. Нууц гэж нэрлэгдэх хэд, хэдэн уулзалтыг Барселона мужийн захирагч Артур Мас хийгээд амжсан. Хамгийн гол нь тэд тусгаар улс болох хүсэлдээ хөтлөгдөж байгаа хэд, хэдэн үндэстэнтэй уулзаж цаашдын үйл хэргийн талаар ярилцжээ. Хамгийн түрүүнд тэд Шотландтай уулзсан. Шотланд ирэх 2014 оны дунд үед тусгаар тогтнолоо олж авна. Тэдний туршлагаас суралцаж, ойрын хугацаанд Хуан Карлос хаан болон Марионо Рахой нартай уулзаж, гэрээг амжилттай болгох талаар бодлого боловсруулж байгаа. Удирдагч нь энэ мэтчилэн зүтгэж байх зуур өнгөрсөн долоо хоногт Каталончууд гинжин цуваа үүсгэн тайван жагсаал өрнүүллээ. Тэдний гол зорилго нь мэдээж, тусгаар үндэстэн болох.

Испанид ямар ч ашиггүй

Барселон хот бол Испанийн эдийн засгийг бүрдүүлж байдаг 3 том бус нутгийн нэг. Угтаа одоогийн Испанийг хөл дээр нь босголцсон эдийн засгийн нэг. Тийм учраас угаасаа үндсэрхэг үзэлтэй каталончууд Испанийн эдийн засаг, Каталоны эдийн засаг тусдаа байх ёстойг үеийн, үед дэмжсээр ирсэн. Гэсэн хэдий ч Испанийн засаг захиргаа энэ том эдийн засгийг зүгээр гаргачихаж чадахгүй. Угаасаа тийм сонирхол хэзээ ч байгаагүй гэхэд болно. Өнгөрсөн оны өдийд Артур Мастай уулзахдаа Хуан Карлосын бие төлөөлөгч ойрын 20 жилд тусгаар тогтнолыг нь зөвшөөрөх ямар ч боломжгүйг мэдэгдсэн. Яг энэ үйл явдлын дараа каталончуудын уур хилэн улам дүрэлзсэн гэхэд болно. Хэдийгээр Артур Масын нэр хүнд каталон дундаа алдартай ч ард иргэд нь гэрээ, хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох шулуун шударга хүн хэрэгтэй гэж харж байгаа. Гэхдээ каталончууд яг одоо удирдагчаа сольчихвол тусгаар улс болох үйл хэрэг улам хойшлогдохыг ч үгүйсгэхгүй.  Тэгээд ч Испанийн эдийн засаг тун тогтворгүй байгаа. Европийн холбоо болон бусад байгууллагаас 1,5 тэрбум евротой тэнцэхүйц зээлийг авч, 2014 онд дахин тусламж авах дээрээ тулсан энэ улсад Каталончуудын тулган шаардалт хутгаар зүсэх мэт “орж” байгаа нь гарцаагүй. Тэд хэрвээ ойрын хэдэн жилдээ Грекийн араас орчихгүйг хүсвэл эдийн засгаа өсгө, каталончуудын хүслийг намжаах шаардлага тулгарч байгаа. Гэхдээ Франкогийн үед жинхэнэ хар дарсан зүүдтэйгээ тулгарсан тэдний хүсэл зоригийг энэ мэт жижиг шалтгаан зогсоохгүй гэдэг ч гарцаагүй үнэн. “Энэ бол маш ээдрээтэй асуудал. Хэрвээ каталончууд эсэргүүцлээ улам эрчимжүүлж эхэлбэл Испанид хэцүү байх болно. Гагцхүү улстөрийн зөв ухаан л чухал юм. Балканы хойгийн улсууд хэрхэн задарсныг бид одоо бодох цаг нь болсон” гэж Канадын улс төрийн шинжлэх ухааны их сургуулийн, дэд профессор Карло Баста ярьжээ.

30 мянган каталончуудын амь нас зөвхөн генерал Франкогийн харгис дэглэмийн үед шороонд орсон. 1975 оноос эрчимтэй үйл ажиллагаа явуулдаг үндэстний хэд, хэдэн хөдөлгөөн үүссэн нь 1980-аад онд хоорондоо дайсагналцахад хүргэсэн. 1985 он гэхэд Испани улс Каталоныг өөртөө засах орон болгож өөрчилсөн. Нэг ёсондоо автономи болгож эхэлсэн. 2010 оноос эхлэн дээр үед байгуулагдсан хөдөлгөөнүүд эрчээ авч эсэргүүцлийн жагсаал цуглааныг ихээр өрнүүлэх болсон билээ. Одоо тэдэнд ганц л хүсэл бий. Шотландын хувь заяаг давтах. Шотландчууд ердөө жил гаруйн дараа тусгаар улс болно. Харин тэд гурав илүүтэй зууны туршид зөвхөн энэ зүүдийг л зүүдэлж багйаа билээ.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж