
Хөрөнгө оруулалтын тухай энэхүү хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгох, хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг тогтвортой байлгах үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэж байх, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байх, хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулахаар тусгаад байна. Мөн 100 мянган ам.долларын босгыг хэвээр хадгалах, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гаргах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл олгож байхаар тусгажээ. Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах, тухайлахад хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгахаар тус тус тусгаад байгаа юм.