УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:
Зөвшилцөж гаргасан хуулиа өөрчилнө гэж байхгүй
-Гол усны эх, ойн сан бүхий газарт алт ухаж байгааг уул уурхай эрхэлж буйг зогсоох, бага нөөцтэй агууламжтай шороон ордыг зогсоох амлалтыг бид өмнө тавьсан. Нөгөө талаас ард иргэд, төр иргэний нийгмийн байгууллагууд зөвшилцөж хуулийн гол бодлогыг гаргасан. Урт нэртэй хууль батлагдсанаас хойшхи гурван жилийн хугацаанд тодорхой үр дүнд хүрсэн. Тодорхой ажлуудыг ч хийсэн. Гол мөрний усны тооллогыг гурван удаа явуулсан. 2003 онд явуулж байсан тооллогоос 2007 онд явуулсан тооллогын дүн асар зөрөөтэй, олон гол горхи ширгэсэн, цөлжилт нэмэгдсэн дүн гарсан. 2011 онд улсын хэмжээнд явуулсан тооллогоор харин байгаль орчин сэргэж байгаа сайн үр дүн гарсан. Хуулийн маань зорилт байгалийн эмзэг хэсгийг хамгаалж үлдэх. Тухайн орчинд явуулж байсан үйл ажиллагааны байгаль орчинд учирсан хохирлыг тооцох, нөхөн сэргээлтийг хийлгэх зорилготой. Гэтэл энэ хуулийг шүүмжлэгчид нөхөн олговор олгох асуудлыг төсөвт дарамт болоод байна гэж ярьж байна. Гэтэл хуулинд нөхөн сэргээлтээ бүрэн хийсэн компанид л нөхөн олговор олгоно гэж заачихсан байгаа. Ямар хэмжээний хохирол байгаль орчинд учирсан гэдгийг тооцоход 1,1 их наяд төгрөг гэх дүгнэлт гарсан. Гэтэл нөхөн олговорт шаардаж буй мөнгөний хэмжээ нь 222 тэрбум төгрөг байгаа. Улсын мэргэжлийн хяналтын байгууллага нь улс орон даяар явж 242 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд үлдээж орхисон газруудад нөхөн сэргээлт хийхэд 54 тэрбум төгрөг шаардлагатай байна гэж байна. Улсын их хурал ээлжит бус чуулганыг зарлаад эдийн засгийн хүнд байдалд орчихсон, алтны нөөц багасчихсан, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихсэн, валютын ханш нэг жилийн дотор дөрвөн зуун төгрөгөөр өсчихсөн зэрэг байдлынхаа бурууг ганц хоёр хууль руу чихээд гарч болохгүй л дээ. Юунд алдаа гаргасан вэ гэдгээ тооцох ёстой. Гэтэл таван багц хууль оруулж ирээд л өмнө нь бүх нийтээрээ зөвшилцөж байж гаргасан бодлого, хуулиа юу юугүй өөрчилнө гэдэг нь байж болохгүй зүйл. Ер нь бол нөхөн олговор олгох асуудалтай 242 лиценз байгаагаас 60 гаруй нь нөхөн олговор нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлчихсэн. Энэ мэт хасагдсаар байгаа 98 аж ахуй нэгжид нөхөн олговор олгох эсэх тухай асуудал л яригдаж байгаа юм.

Гацааг зогсоож, үргэлжлүүлээд хуулиа хэрэгжүүлээд явна
-Урт нэртэй хуулиас болж үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулах боломжгүй болсон компаниуд нэгэнт манай ажлыг зогсоочихсон юм чинь бид нөхөн сэргээлт хийхгүй гэцгээж байна. Хууль бус олборлолт явагдаж, орон нутаг нь хяналтаа сайн тавьж чадахгүй байдалтай байна. Ийм гацаанд орчихсон газруудад нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаа. Хуулийн хүрээнд багтсан 1300 гаруй лицензээс, уг хууль батлагдахын өмнө олгогдсон зөвхөн ашиглалтын лиценз дээр, олборлох ажил нь гацаанд орчихсон компаниудад “та нар орон нутагтайгаа, Ашигт малтмалын газартайгаа, компанитай гурвалсан гэрээ байгуулаад алтаа олборлоод нөхөн сэргээлтээ олигтойхон хий. Яаж ч болохгүй гацааг чинь ийм байдлаар зогсоож, үргэлжлүүлээд хуулиа хэрэгжүүлээд явна” гэж байгаа юм. Засгийн газраас оруулж ирж буй хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт дээр нөхөн сэргээх баталгааг 50 хувь бэлэн мөнгөөр дансанд байршуулах, 50 хувьд нь үл хөдлөх зэргээр баталгаа гаргахаар заасан. Ийнхүү нөхөн сэргээлт хийнэ гэсэн 100 хувийн баталгаа гаргаж, гурвалсан гэрээ хийсэн тохиолдолд зөвшөөрлийг нь олгож болох юм гэж байгаа юм. Ингэхдээ компани өргөдлөө өгсөн байх ёстой гэсэн үг. Магадгүй компаниуд энэ зохицуулалтыг хүсэхгүй байж болно. Ийм баталгаа гаргаж, орон нутагтай гэрээ хийж зөвшөөрөл авахыг олон компани хүсэхгүй ч байж мэднэ. Одоогийн байдлаар 1300 гаруй лицензийн 194-р тогтоолд багтсан ашиглалтын 422 лицензнээс усны онцгой бүсэд орсон компанийг хасвал 30-аад нь хасагдана. Нөхөн олговор авахгүй гэсэн компаниуд ч байгаа. Ингээд хасаад хасаад тооцохоор нийт хамаарагдаж буй лицензний 10-20 хувь нь л энэхүү өөрчлөгдөж буй журманд хамаарагдах байх гэсэн тооцоо байна.
УИХ-ын гишүүн Д.БАТЦОГТ:
Нэг хэсгийг аврах гээд бүхлээр нь хаадаг зүйл байж болохгүй
-Урт нэртэй хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор бүр дагнасан тэмцэл явуулдаг иргэний хөдөлгөөнүүд бий. Урт нэртэй хууль уг нь байгаль орчноо хамгаалах зорилготойгоор хийгдсэн. Гэвч тухайн салбартаа хийгдэж буй эрүүл саруул хөрөнгө оруулалтыг ч хаасан зүйл байгаа юм. Нөхөн сэргээлтээ сайн хийж, унаган байгальд нь оруулах, магадгүй илүү сайхан ч болгож байгаа компани ажиллаад явахад яагаад болохгүй гэж. Яах вэ, нэг хэсэг байгалийн баялгыг замбараагүй ашигласан зүйл байсан. Гэхдээ бид нэг хэсгийг нь аврах гээд бүхлээр нь хаадаг зүйл байж болохгүй. Ямар ч асуудалд уян хатан байх ёстой гэдэг талаас нь харж байна.
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ:
Хуулинд нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт оруулаагүй
-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулинд нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт оруулаагүй. Гол нь энэхүү урт нэртэй хуулийг хэрэгжихгүй байна гэж үзээд, хэрэгжилтийг хангахын тулд энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа юм. Хуулийн үйлчлэлд хамаарсан аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх мөнгө байхгүйгээ хэлж, өөрсдийн оруулсан хөрөнгийг нь өгчихвөл түүгээр нөхөн сэргээлт хийчихье гэсэн асуудлыг тавьж байна. Бид энэ мэт асуудлыг шийдэх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, Урт нэртэй хууль гарснаас хойш таван сар болсон ч хэрэгжихгүй байгаа тул энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө журмын тухай хуулийг оруулж ирж байгаа юм. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх тогтоол гарснаар хамаарагдах бүх ордын үйл ажиллагаа зогссон ч гар аргаар алт олборлогчид нууцаар олборлож үүнийг бид зогсоож чадахгүй өнөөг хүрч байна. Хуулийн үйлчлэлд хамаарах хил хязгаарыг одоо хүртэл нарийн тогтоож чадаагүй гээд асуудлууд байна шүү дээ.