Засгийн газар нөхөн олговроос бултах гэж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Засгийн газар нөхөн олговроос бултах гэж байна

-Хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулж ирсэн хууль, тогтоомжоос нөхөн олговортой холбоотой заалтыг Урт нэртэй хуулийн өөрчлөлт рүү татан авчирч, хүчингүй болгох гэж байна-

“Аливаа хуулийн нэр урт, агуулга нь богино байх тусмаа эдийн засагт хортой” гэж нэгэн эдийн засагч шогчлон хэлж байсан нь үнэний хувьтай байжээ. Гол мөрөн болон ойн сав газар гэж юу болох, адаглаад л хил хязгаарын координатыг нь тогтоохоос эхлээд асуудалтай, ярвигтай, хэрэгжих боломжгүй зүйл заалт энэ хуулинд олон байсан. Тухайлбал, алтны компаниудад өгөх найман их наяд төгрөгийн нөхөн олговрыг төр хаанаас олох вэ гээд л. Жилийнх нь төсвөөс даруй нэг их наядаар илүү мөнгийг алтны компаниудад өгөх бэл бэнчин манай  Засгийн газарт байхгүй. Нөгөөтэйгүүр энэ хуулийн хамгийн том алдаа нь байгаль хамгаалах зорилготой мэт боловч алтны хэдэн компани руу чичилсэн арга хэмжээ байсан гэхэд болно. Энэ хүрээнд нийтдээ 250 компани үүд хаалгаа бариулсны дотор алтнаас бусад элс, хайрганы карьерүүд ч багтаж байгаа.

Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ 25 тонноос хоёр тонн руу уруудсан шалтгаан нь 68 хувийн татвар, урт нэртэй хууль гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болжээ. Эдийн засагт ийм сөрөг үр дагавартай ч байгаль экологид ээлтэй хууль болсон юм болов уу гэхээр мөн л эргэлзээтэй хариулт сонсох болов уу. Үүд хаалгаа бариулсан компаниудын үйл ажиллагаа явуулдаг орд нинжа нарын гараар орсон нь худлаа биш. Тэглээ гээд тэд нөхөн сэргээлт хийж, хариуцлага хүлээх субъект мөн бил үү. Монголын төр нинжа нараас татвар авч байсан удаа бий юу.  Харин ч урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхээр оролдсон өнгөрсөн дөрвөн жилийн үйл явцаас харахад  байгаль экологийн хувьд “чонын амнаас барын аманд” гэдэг л болчихоод байгаа юм.  Бодож, бодож бодын шийр дөрөв гэгчээр дархан аваргын санаачилсан хуулиас болж  алтны салбарын үйл ажиллагаа хар захын системд шилжиж, байгаль экологи нинжа нарын гарт сүйтгэгдэж, Засгийн газар асар их нөхөн төлбөрийн өрд унасан.

Урт нэртэй хуулийг эргэн харж нэмэлт өөрчлөлт өөрчлөлт оруулах асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж байгаа. Уг нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ойн санд тусгай зөвшөөрөл эзэмшихийг зөвшөөрөхөөр болж байна. Харин усны сан, энгийн хамгаалалттай бүсэд тусгай зөвшөөрөлтэй бусад аж ахуйн нэгжүүдийг хориглосон чигтээ хохироож үлдээхээр зэхэж байна. Хохирооно гэдэг нь нөхөн олговор ч үгүй орхино гэсэн үг юм. Хорин жилийн туршид алтны салбарт өр зээл тавин барин хөрөнгө оруулалт хийж, татвараа төлж, гадаад, дотоодоос өндөр өртөгтэй технологи нэвтрүүлж явсан компаниудын юу нь буруу байсан бэ? Тэд тусгай зөвшөөрлийг тухайн үеийн хууль, тогтоомжийн хүрээнд авсан, алтны нөөцөө нэмэгдүүлэх, дэмжих бодлогыг үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж ирсэн. Тийм ч учраас тэд хорин жилийн турш хөрөнгө оруулалт татаж, техник технологи худалдан авч бизнесийн ирээдүйгээ төлөвлөж байсан. Бизнес, хөрөнгө оруулалтын тогтвортой орчин гэж төр, засгийн бодлого нь гэнэт чигээ өөрчилж, хувийн өмчийг хийсгэж орхихыг хэлэхгүй нь тодорхой. Одоо төр нэг хэсэгт нь зөвшөөрөл өгч, нөгөөг нь хориглон алагчлах гэж байгаагийн дээр нөхөн олговрын төлбөрөөс бултах гэхдээ хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хөсөр хаях гэж байна. Үүнийхээ тулд хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулж ирсэн хууль, тогтоомжуудыг нөхөн олговортой холбоотой заалтыг Урт нэртэй хуулийн өөрчлөлт рүү татан авчирч, хүчингүй болгох гэж байна. Төр дээрэм, тэр тусмаа хуульчлагдсан дээрэм хийх гэж байгаатай ялгаа юун.

Хүн төрөлхтөний хөгжил газрын баялаг дээр түшиглэдэг. Эдэлж хэрэглэж буй зүйлсээ, орон байраа хар. Байгалиасаа авч ашиглаагүй зүйл нэг ч байхгүй. Тийм ч учраас газрын хэвлий дороо баялагтай аль ч улс орон алт, нүүрс, зэс, жонш, төмөр, зэсээ олборлон түүхийгээр нь, эсвэл боловсруулан экспортолж эдийн засгийн үр ашигт хүрдэг. Бид энэ замаас хаашаа ч зайлахгүй. Харин энэ ашиглалтын явцад байгалиа яаж хамгаалах вэ гэдэгтээ л оновчтой шийдэл олох ёстой. Урт нэртэй хуулиар усан сан, энгийн  хамгаалалттай бүсэд хайгуул, ашиглалт хийхийг хориглоно гэж хавтгайруулахын оронд тийм ордыг ашиглах өндөр технологи, стандартыг л компаниудаас шаардах хэрэгтэй. Хэрэв үйл ажиллагаа явуулахыг хүсч байгаа бол технологио нийцүүл гэсэн шаардлага тавиад  зөвшөөрлийг нь олгох нь эдийн засагт ч, хөрөнгө оруулагчдад ч ашигтай дундын хувилбар. Урт нэртэй хуульд заагдсан бүс нутагт шороон ордын нөөц 30 гаруй тонн, үндсэн ордын нөөц 90 гаруй тонн үлдчихээд байгаа.

Алтны ордыг дотор хүдрийн буюу шороон орд, үндсэн орд гэж хуваадаг. Шороон орд нь дотроо дэнжийн орд, голдиролын орд гэж хуваагддаг, шинжлэх ухааны ойлголттой. Голдиролд үүссэн орд гэдэг нь голтой холбоотой үүссэн, заримдаа голын голдирол дотроо орсон байдаг тогтоцтой. Харин ийм ордыг ашиглах технологийг 1970-аад оноос хойш зөвшөөрч, дэмжиж ирсэн байдаг. 1970-аад оны үеэс Бугантын алтны ордыг монголчууд ашиглаж эхэлсэн. Монголын анхны алтны орд ийнхүү ашиглалтад орж, улсад  анхны валютын орлогын эх үүсвэрийг нээж, бахархаж байжээ. Уг орд нь голын ай сав газар, одоогийнхоор  энгийн хамгаалалтын бүсэд багтдаг. Энэ ордыг ашиглахын тулд драган буюу өөрөө хөвөгч явж олборлолт хийдэг технологи бүхий үйлдвэрүүдийг ОХУ-аас оруулж ирсэн байсан юм. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр ийм технологитой, усан дотор хөвөгч ашиглаж олборлолт хийдэг таван орд байдаг. Толгойтын алтны орд,“Алтан Дорнод Монгол”, “Монполимет”, Монросцветметийн “Шижир Алт” компанийн драгууд ийм технологитой. Ядаад ийм технологийн шаардлагыг хангасан эсэх үзүүлэлтийг нь харгалзан тусгай зөвшөөрлийг олгох, эсвэл эрхээ цуцлуулж буй компаниудад хугацаа олгож, хуулийн үйлчлэлийг хойшлуулах боломж бий.

Уг нь алтны үйлдвэрлэлийг хар захын тогтолцоо руу шилжүүлж байхын оронд шаардлага хангасан компаниудад хууль ёсны зөвшөөрлийг нь өгчихбөл тэдэнтэй нөхөн сэргээлт, хариуцлага ярьж, тэднээс татвараа авч чадна. Харин хүрз, жоотуу бариад хувинтай шороогоо голын усанд угааж байгаа нинжа нартай юу ч яриад нэмэргүй. Тэгэхээр хааж хориглосон хуулийг эргэн харж, хариуцлагатай, стандарттай уул уурхайг хөгжүүлэх эхлэлийг урт нэртэй хуулийн залруулгаасаа эхлүүлмээр байна.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж