Баялаг үнэгүйдсэн шалтгаан

Хуучирсан мэдээ: 2013.09.18-нд нийтлэгдсэн

Баялаг үнэгүйдсэн шалтгаан

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж, хөрөнгө оруулалтынхаа орчин нөхцлийг хэрхэн зөөлрүүлэх вэ, хэдхэн сарын дотор Улаанбаатар дахь оффиссуудаа хаагаад буцсан хөрөнгө оруулагчдын сонирхлыг Монгол рүү хэрхэн эргүүлэх вэ гэдэг талаар УИХ, Засгийн газрын түвшиндөө мэтгэлцэж байна. Гэсэн ч хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хавчигдан байж боловсруулсан таван хуулийн төслийг хэлэлцэн батлах тийм ч амаргүй бололтой. Түүний нэг илрэл нь өнгөрөгч даваа гаригт “Гал үндэстэн” холбооноос зохион байгуулсан эсэргүүцлийн цуглаан болов. Төрийн ордны хашаан дотор буу тавьж, хотын төв талбайг тэсрэх бодисоор “цэнэглэсэн” холбооныхны тэмцэл одоо чуулганы танхимд микрофоны ард үргэлжилж байгаа. Тэмцлийн гол зэвсэг нь нөгөөх л “эх оронч” үзэл, “ард түмэнч” байдал, “ам.долларын өсөлт” болж байна. 

Уг нь өнгөрсөн зун “Оюутолгой” төслийнхөн хөрөнгө оруулалтаа зогсоож ажилчдаа тараасан, “Тавантолгой”-н орд экспортоо зогсоосноос хойш л манайхан хөрөнгө оруулагчидтай, ерөөсөө дэлхий ертөнцтэй нэг хэлээр ярьж сурахгүй бол горьгүй нь. “Үндэсний эрх ашиг” гэдэг гоё үгээр халхавчилж, өөрсдийнхөө эрх ашгийг тулгаад хол явахгүй нь гэдгийг дээр, дооргүй ухамсарлацгаасан билээ. Төсвийн орлого нь их наядаар дутаж, ам долларын өсөлтөөс болж авч байгаа цалин нь тал сардаа хүрэхгүй болоод ирэхийн цагт “энэ дэлхий зөвхөн Монголыг тойрон эргэдэггүй” гэдэг гашуун үнэнд гүйцэгдсэн хэрэг. Тэгээд хөрөнгө оруулагч, баялгаа ашиглуулагч хоёр талын ашиг сонирхлыг тус тусад нь зангидах бус, нэг цэгт уулзуулахын тулд хууль тогтоомждоо өөрчлөлт оруулахаар шийдэцгээсэн билээ.

Ээлжит бус чуулган эхлэхээс ердөө хоёрхон хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч, профессор Клаус Швабыг форумын зочид төлөөлөгчдийн хамт Монголд урьж авчираад Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаар санал солилцохоор яриа хэлэлцээний ширээнд суулгасан. Монголын эдийн засаг ирээдүйд ямар төвшинд хүрэх вэ гэдэг төсөөллийг Давосын шинжээчдээр гаргуулах, түүний үр дүнг Дэлхийн эдийн засгийн чуулганаар хэлэлцүүлэх үүднээс Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ оны нэгдүгээр сараас томоохон судалгааны ажил эхлүүлжээ. Жил шахам ажилласан Давосын шинжээчдийн судалгааны дүн бэлэн болсныг энэ хоёр хоногт Монголын нийслэлд үргэлжилсэн эдийн засгийн стратегийн уулзалтын үеэр хаалттай хэлэлцсэн байна. Эцэст нь “Монголчууд эдийн засгаа төрөлжүүлж чадахгүй бол баялгийн хараалд өртөх магадлал тун ойрхон” гэдэг дүгнэлтийг шинжээчдийн 50 хувь нь санал нэгтэй өгчээ.

Ердөө тав, зургаахан жилийн өмнө дэлхийд хамгийн ирээдүй бүхий хэмээн үнэлэгдэж байсан Монголын эдийн засаг, уул уурхайн баялаг ийнхүү үнэгүйдэх болсон шалтгаан нь өнгөрсөн хугацаанд Монголын төрөөс гаргаж хэрэгжүүлсэн бодлогын алдаа, хөрөнгө оруулагчдадаа хүйтэн хандсан эрх зүйн таагүй орчин, татварын тогтворгүй байдлаас шалтгаалсан гэдгийг Ерөнхийлөгч энэ өдөр гадаад, дотоодын төлөөлөгчдийн өмнө нүүрээ улалзуулан байж мэдэгдсэн билээ. Нөгөө талаас “байгалийн баялгийн үндсэрхэг үзэл” газар авч, уул уурхайн хөрөнгө оруулагчдыг шантаажлах үзэгдэл хэтийдсэн тухайд ч дуугүй өнгөрөөгүй. Түүний нэгээхэн илрэл нь өнгөрөгч даваа гаригт төрийн ордын гадна зохион байгуулсан зэвсэглэсэн жагсаал.

Тэгээд ч өнгөрсөн хугацаанд улс төрийн бүх түвшиндээ “Бодлогын хувьд бид алдаатай явж байна. Үүнээс хойш үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчиддээ түшиглэж ажиллая. Хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй урамшуулъя” гэж баахан ярьж биччихээд, түүнийгээ ажил болгох гээд нийлээд суухаараа өөрсдөөс нь асуугаагүй байж ард түмний нэр зээлдэж, эх орончийн дүр эсгэн “гаднынхны захиалгаар хууль хийлээ” гэж босч ирээд байгаа улстөрчид ч гэсэн тэднээс дээрдэх юун. Улс төр гэдэг улс төрийн хүчнүүдийн бодлогын өрсөлдөөний талбар болохоос биш улс орны эрх ашгаар дэнчин тавьж ийш тийш нь савдаг тоглоом наадам лав биш.

Давосын төлөөлөгчдийн өмнө Ерөнхийлөгчийн авсан бас нэг амлалт нь “Монгол Улс хүнд захирагддаг биш, хуульд захирагддаг улс болно” гэж хэлсэн явдал. Өөрөөр хэлбэл, төрийн тэргүүн хэн байх, аль нам засгийн эрх барихаас үл хамаарч хүн бүр хуулийн дор амьдардаг болно гэж. Ядахдаа л эдийн засаг, уул уурхай, төсөв мөнгө ярихаар дуртай, амбицтай нь гүйж гараад амандаа орсноо бурдаг, хөрөнгө оруулагчдыг хөөж туугаад хаалга үүдээ савдаг баймааргүй байна шүү дээ. Лав өнгөрсөн арван жилийн турш улс орны эдийн засаг ийм л хүмүүсээр шавхуурдуулж, унахдаа унаж, босохдоо босч ирсэн. Ялсан нам нь уул уурхайнхаа орлогыг хуу хамж аваад, өр зээл тавьж байгаад тараачихдаг, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нэрээр хувийнхаа компани, дансаар гулгуулаад дуусдаг байсан. Өөрсөдтэй үнэ тохирч хулгай хийсэнгүй гэж хөрөнгө оруулагчид руугаа хутга бариад хөөж гаргасан нь ч цөөнгүй.

Тиймээс л Монголын уул уурхай хөдөлгөөнд орж, хөрвөж эхэлсэн сүүлийн дөрвөн жилийн дотор монголчууд авлигын индексээрээ арагшаа хол сугарч, хууль эрх зүйн орчин нь тогтворгүй, улс төр нь авлигатай, ажиллах хүчний чадваргүй хэмээн үнэлэгдэж, хандивлагчид, хөрөнгө оруулагчын өмнө үнэ хүндээ алдаж эхэлсэн нь нууц биш. Хэрвээ хүн тэнэг биш л бол аав нь олсон бүх мөнгөөрөө идэж уугаад, авгай хүүхэд нь орсон гарсан хүмүүсийг өмд гутлаараа шидлээд хөөдөг айлтай яалаа гэж хамтарч бизнес хийхийг хүсэх юм бэ. Эдийн засгаа тэлэх гэж яриад байгаа Монголын төрийн бодлого, хөрөнгө оруулагчдад хандаж байгаа хандлага өнөөдрийг хүртэл нэг иймэрхүү л явж ирсэн шүү дээ. Тэгээд өөрсдийнхөө хийгээгүй, чадаагүйн төлөө бурууг үргэлж бусдад өгдөг.        
Худлаа гэвэл “Оюутолгойн гэрээг өөрчилнө, Монголын талын хувийг 34 бус, 51 болгоно” гэж чуулганы танхимд гурван жил “бөөлсөн” нөхдүүд одоо өөрсдийнх нь ээлж ирэхэд 34 хувиа ч тавьж туух дээрээ хүрчихээд, санаа зовохгүй сайдын суудал сандайлаад сууж л байна. Хөрөнгө оруулагчдаас зугтаалган байж байгуулсан төрийн өмчийн ганц компаниа өөрсдөө дампууруулчихаад ам.долларын орлогогүй сох онгойгоод зогсч л байна. Зүгээр л улстөрчдийнх нь эхлүүлсэн дүрэмгүй тоглоом, цээжээ дэлдсэн худлаа эх орончдын хоосон баатарлалаас болж тэр шүү дээ. Тийм байхад Хууль зүйн сайд байсан хүн өнөөдөр “Хуулиар итгэл ургуулна гэж байдаггүй юм” гэж ам таглаад сууж байж яаж чадаж байна аа. Энэ хуульч хүний үг мөн үү? Хэрвээ Монголд хууль үйлчилдэггүй юм бол, үйлчилж болохгүй юм бол монголчуудад хэн итгэж хөрөнгө оруулах болж байна. 

Тийм болохоор л ядахдаа гадагшаа гардаг, дэлхийтэй харьцдаг тэр суваг дээрээ бүгдээрээ нэг дуутай байя, төрийн түвшинд нэг бодлоготой байя гэдэг үүднээс өнөөдөр хөрөнгө оруулалтын бодлогодоо өөрчлөлт хийх тухай ярьж байгаа хэрэг. Өнөөдрийнх шиг “МАН байхад ийм байсан”, “АН гарч ирээд ийм болгосон” гэдэг улиг болсон хэрүүл, талцал байлгахгүйн тулд улс орны нийтлэг эрх ашигтай холбоотой эдийн засгийн том бодлого, хөрөнгө оруулалтынхаа асуудал дээр ядахдаа улс төржихгүйгээр өөд өөдөөс харж суугаад асуудлаа ярьдаг, нэгдсэн нэг шийдэлд хүрдэг байх хэрэгтэй байна. Түүнийг нь хууль гэдэг, хүн болгон дагаж мөрдөх ёстой байдаг юм. Дэлхий дахин, хөрөнгө оруулагчид Монголын төрийн толгойд хэн байна, ямар нам эрх барьж байна гэдэгт биш, Монголын хуульд итгэж ирдэг, тэр нь урт удаан хугацаанд тогтвортой үйлчилдэг, тэр хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан байх учиртай. Бас бидэнд үр ашгаа өгөх ёстой. Үүнийг л хүний биш, хуулийн засаглал гээд байгаа юм. 

Сануулахад 1990 онд Ардчилсан хүчин анх гарч ирэхдээ л хувийн өмчийг дээдэлж, хөрөнгө оруулалтыг хамгаалсан чөлөөт эдийн засгийн бодлогыг тунхаглаж байсан. Тэгээд ч төрийн өмчийг хувьчилж эхэлсэн. Түүний үр дүнд ердөө таван жилийн өмнө Монголын нийт эдийн засгийн 80-90 хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж байв. Гэтэл өнөөдөр энэ тоо 50, 60 хувь руу унаж, төр бүхний оройд байхыг, бүгдийг захиран зарцуулахыг эрмэлзэж байна. Төрийн нэрээр захиран зарцуулдаг мөнгөний хэмжээ нийт эдийн засгийнхаа 50, 60 хувь руу дөхөж явна. Энэ бүхэн дахиад л нөгөө хуулийн засаглал бус, хувь хүний засаглал яваад байгаатай холбоотой.

Хэрвээ өнгөрсөн хугацаанд эрх барьж байсан намуудын тухайн цаг үедээ гаргаж ирсэн зөв зүйтэй, алсыг харсан бодлого бүхэн хуульчлагдан батлагдаж, хүн болгон хуулийн дор амьдарч, хэрэгжилт нь гарцаагүй байсан бол ийм  гажуудал гарахгүй. Тийм учраас монголчуудад хувь хүний, улс төрийн аль нэг нам хүчний бус, хуулийн засаглал хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа юм.

Б.СЭМҮҮН

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж