
Уг хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Гэвч төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга "Засгийн газраас УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн таван төсөл хоорондоо уялдаа холбоотой байгаа. Ам.долларын ханш өсч, ард түмний амьдрал доройтсоноор далимдуулж гадныхны хүсэл сонирхолд нийцүүлж тав хоногийн дотор таван хуулийн төсөл батлахаар улайрч байгаад харамсаж байна. Монгол төр хөнгөн байж болохгүй. Хэрвээ эдгээр хуулийн төслийг батлах юм бол стратегийн орд газрууд үгүй болно. Нөгөө талдаа том компаниуд, лицензтэй улсууд өөртөө нөхөн олговор авах, нөгөө талдаа татвараас хөнгөлүүлэх боломж гарч ирнэ. Нөхөн олговрын хэмжээ өнөөдөр нэг их наяд гаруй төгрөгөөр тооцогдож байгаа ч эргээд бид уух усаа алт өгье гээд ч олж авч чадахгүй болохыг үгүйсгэх аргагүй. Үндэстнийг авч явах үүрэг хариуцлага байх ёстой, өнөө, маргаашийн хүндрэлийг шийдэхийн тулд Монголын төр хөнгөдөж болохгүй" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Шинэчлэлийн Засгийн газар гадаад бодлогодоо алдаа гаргаснаар эдийн засгийг хүндрүүлсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Монголоос Хятад руу таван сая тонн төмрийн хүдэр гарсан ч өнөөдрийг хүртэл Эрээнд борлогдохгүй байж байна. Энэ бол хөршөө гомдоосны гор. Мөн нүүрсний зах зээл хумигдсан. Гэтэл Хятадын нүүрсний импорт өмнөх жилийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Айлын эрх хүүхэд шиг загнахаа Засгийн газар зогсоох хэрэгтэй. Аавынхаа хэдэн малыг зарж үрээд дууссаны дараа хөөрөг гаанс руу нь орж зарж үрдэг шиг энэ Засгийн газар алтаа ухахаар болж байна. Ийм хуулийн төслийг Засгийн газар УИХ-д оруулж ирснийхээ хариуцлагыг Ерөнхий сайд хүлээж огцрох ёстой. Уул уурхайн сайд та ч бас буруутай, хариуцлагаа хүлээгээд огцорвол гадаадын шууд хөрөнгө оруулалт 20 хувиар сэргэнэ" гэсэн юм. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.