Ардчилсан намаас мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Ардчилсан намаас мэдээлэл хийлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдсан ч тодорхой шалтгааны улмаас бүлгийн хурлын талаарх мэдээллээ өнөөдөр хийлээ.

Тус намын бүлгийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан зарласан ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Юуны түрүүнд ээлжит бус чуулган хуралдуулах болсон болон өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал яагаад ийм байдалтай болсон, юунаас болж хүндрэх шалтгаан байна вэ гэдгийг АН-ын бүлгийн хуралдаанаар УИХ -ын дарга болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын мэдээллийг сонсч, хэлэлцсэн гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолсон. Эдийн засгийн  хүндрэлтэй нөхцөл байдал юунаас болж үүссэн, АН энэ асуудалд ямар байр суурьтай байгаа, юу хийж байгаа зэрэг асуудлаар олон талаас нь авч үзсэн гэлээ.

"Бид эдийн засгийн олон шилжилтийг давж туулаад өдийг хүрч байгаа юм байна. Социалист эдийн засгийн сууриар нэг хэсэг явсан Монгол Улс 1990 оноос хойш шилжилтийн буюу хүлээлтийн эдийн засгийг дайрч өнгөрсөн. Ганцхан үүнийг өнөөгийн нөхцөл байдалд тулгуурласан шинэ гарааг бид АН-д ирсэн шинэ хариуцлага гэж үзэж байгаа.Тиймээс ямар нэг өмнөх эдийн засгийн хэрэглэж байсан арга барил биш цаашид  хэрхэн авч явах вэ гэсэн бодлогоо дахин авч үзэх шаардлагатай байна гэж үзсэн. Энэ асуудлаар бид зайлшгүй ярилцах ёстой. Өнгөрсөн 10 гаруй жил шиг нийгмийн шинж чанартай, үр ашиггүй явуулсан эдийн засгийг хөөцөлдвөл Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүн хэд ч байсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал руу орно гэдгээс бид дүгнэлт хийх шаардлагатай. Бид хэн нэгнийг муулах гэсэн, хэн нэгнийг алдаа, өө хайх гэсэн улстөрийн популизмээс салах цаг болсон гэдгийг ярилцсан. Тиймээс бид эдийн засгийн шилжилтийн шинэ үе дээр ирсэн гэдгээ Монголын ард түмэн, улстөрчид, улстөрийн намууд ойлгох хэрэгтэй гэдэг дүгнэлтэд хүрсэн" гэлээ.  Мөн тэрээр хэлэхдээ, бид цаашид ямар арга хэмжээ авах, яах ёстой гэдгээ нухацтай авч үзэж, АН Засгийн газрын салбарын сайдуудын мэдээллийг бүлгийн хуралдаанаар хэлэлцэнэ гэлээ. АН-ын бүлгийн даргын хэлснээр, магадгүй  1,5 тэрбум ам.долларыг оруулж ирээгүй бол экспортын огцом хувиралт, дотоод зах зээл хөгжөөгүй нөхцөлд үүнээс дор нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй гэдгийг онцолсон юм. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал нэг их наяд хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ижил байгаа аж. Гэхдээ Төсвийн тодотголын хийх эсэхийг сайн судалсны дараа хийх ёстой гэж бүлэг үзсэн байна.

Мөн АН-ын зүгээс ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж буй таван хуулийн төслийг бүлгийн зүгээс дэмжиж байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзсэн байна. Энэ хуулинд, татварын тогтвортой орчныг хөрөнгө оруулагчдад гадаад, дотоодын гэж ялгаварлахгүй байхыг хуулиар тогтоож өгч байгаа. Мөн Урт нэртэй хуулийн журамд өөрчлөлт оруулах төсөл нь Монгол Улсын ирээдүй болох болно гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцлон тэмдэглэсэн. Энэ талаар олон талын яриа нийгэмд байгаа ч хуулийг өөрчлөхгүй, энэ хуулийг дагалдах журамд оролцож байгаа. Хуулийн төслүүдийг дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй гэж бүлгийн зүгээс үзэж байгаа гэлээ. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж